Д.Батцогт: Даатгал төлсөн жилийг 1.2 жилээр тооцно

2015 оны 12 сарын 22

Энэ удаагийн “Бид” ярилцлагын буланд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт оролцлоо. Д.Батцогт гишүүний хувьд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх санаачилга гаргаж түүний дагуу малчдын тэтгэвэр тэтгэмжийг нөхөж тооцох нөхцөл бүрдээд байгаа юм. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

-Ховд аймагт шатахууны үнэ буурсан гэсэн сайхан мэдээ байна. Шатахууны үнэ буурсан нь Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдэд таатай санагдаж байгаа нь мэдээж?

 

-Баруун бүсийн ард иргэд Улаанбаатар хотынхоос 400 гаруй төгрөгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг, тэгсэн хэрнээ ижил хэмжээний цалин, тэтгэвэр тэтгэмж авдаг байсан. Нэг талаараа хэлмэгдэж байсан ард түмэн. Нийслэлээсээ хэт алслагдсан ард иргэд бүсийн хөнгөлөлттэй байх ёстой гэдэг асуудлыг үе үеийн парламент дээр ярьж, бүсийн хөнгөлөлтийн хуулийг санаачилдаг ч дэмжигддэггүй байсан. Бүсийн нэмэгдлийн тухай тусгайлсан хууль гаргаснаас шатахууны үнийг Улаанбаатарынхтай адилхан болгоё, эрчим хүчний үнийг төвийн бүсийнхтэй адилхан болгоё гэх мэт олон хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх нь зөв юм байна. Ямартай ч шатахууныхаа үнийг хямдруулж чадлаа. Аль ч цаг үед хийж болох байсан ажлыг энэ Засгийн газрын үед хийж чадлаа. Энэ бол баруун аймгуудын эдийн засагт маш том хувь нэмэрээ оруулна. Литр тутамд 400 төгрөгийн хэмнэлт гарна гэдэг бол ард иргэдийн халааснаас хэдий хэмжээний мөнгийг хэмнэж болох уу, эдийн засагт хэдий хэмжээний үр өгөөж өгөх үү гэдэг нь ойлгомжтой. Иргэдийн халааснаас хэмнэгдсэн мөнгө тэндээ үлдэнэ гэсэн үг.

 

-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хоёр дахин буурсан байхад манайд үнэтэй хэвээрээ л байсан. Шатахууны үнийг буулгахын тулд гишүүд Засгийн газарт нэлээд шахалт үзүүлсэн байх?

 

-Шатахууны үнэ буурсанд иргэд маш их баяртай байна. Шатахууны үнийг бууруулсны маргааш өглөө миний таньдаг залуу тааралдаад “Би 20000 төгрөгт безнин аваад дундаас нь нэг хайрцаг тамхины мөнгө гаргаад авлаа. Энэ чинь л бодит хэмнэлт юм байна” гэж хэлж байсан л даа. Энэ хэрээрээ иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлнө. Бензин хямдарлаа гээд тэнд бизнес хийж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн орлого буурахгүй, харин ч өснө. Литр тутмаас олж байсан ашиг нь багассан ч борлуулалт нэмэгдсэн учир ашиг орлого нь нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг юм билээ. Манай Ховдынхон яадаг вэ гэхээр Улаанбаатараас явахдаа шатахуун хямд байдаг Баянхонгор, Говь-Алтай аймгуудаас маш их шатахуун аваад Ховдоосоо бага авдаг байсан. Тэгвэл эсэргээгээ шатахуунаа Ховдоосоо их хэмжээгээр авдаг болсон байна. Ер нь бол дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаснаас үүдэн баруун аймгуудын шатахууны үнийг буулгасан гэж ойлгож болохгүй. Бид цаашид улс орны хэмжээнд нэг үнийн тогтолцоог хийхийг зорьж байна. Ингэхийн тулд Онцгой албан татвараараа л зохицуулалт хийх эрхийг нь Засгийн газарт өгч байгаа. Төвийн бүсээрээ орж ирж байгаа нефтийн татварыг өндөр буюу хэвийн байлгаад, баруун бүсэд авах татварыг тэг болгож байж энэ асуудлыг шийдсэн. Цаашид ч тогтвортой байна. Энэ бол Засгийн газрын санал санаачилга. Гишүүдийн зүгээс шахалт үзүүлж л ажилласан.

 

-Малчдын тэтгэврийг 1.2 жилээр тооцох таны санал санаачилга УИХ-аас дэмжлэг авлаа. Тэгэхээр 1.2 жилийг сараар нь тооцвол хэд гэсэн үг вэ. 14 сар уу, 15 сар уу. Мөн малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах асуудлыг сөрөг хүчин нэлээд ярьсан?

 

-Яг нарийн бодож үзээгүй юм байна шүү. Гэхдээ уг санаа нь 14 сар. Энэ хөнгөлөлтийг өмнө нь цэрэг, цагдаагийн, дипломат ажилтнуудад өгдөг байсан. Дипломат ажилтнуудын хувьд байгалийн эрс тэс уур амьсгалтай газар нутагт ажилладаг учир ажилласан жилийг нь 1.6 жилээр тооцдог. Цэрэг цагдаагийнхныг 1.5 жилээр нөхөн тооцдог байсан. УИХ-ын гишүүдийн зүгээс малчдын нийгмийн баталгааг сайжруулъя, тэтгэврийн насыг наашлуулъя, малчдад тодорхой нэмэгдэл өгье гэж ярьдаг. Малчдын тэтгэврийн насыг механикаар наашлуулах бололцоогүй. Малчдын эрхэлж байгаа ажил хүнд гэдгийг тооцох ёстой л доо. Гэхдээ зөвхөн малчдын насыг наашлуулна гэвэл бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс барьцана шүү дээ. Тухайлбал, уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс адилхан хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нь эргээд Үндсэн хууль зөрчсөн, ажил мэргэжлээр нь ялгаварласан хэрэг болно. Нөгөөтэйгүүр энэ улс чинь тэр чигтээ тэтгэвэр авдаг хүмүүсээр дүүрэх гээд байна. Тиймээс малчдаа дэмжээд ажилласан жилийг 1.2 жилээр тооцохоор болж байгаа юм.

 

Яагаад заавал малчдыг дэмжээд байгаа юм бэ гэж гайхаж магадгүй. Малчид Монгол улсын эдийн засгийн маш том хувийг нуруундаа үүрч байгаа, соёл уламжлалыг хадгалж яваа онцлогтой ард түмэн. Энэ хүмүүсээ төрийн бодлогоор дэмжих ёстой юм. Тэдний нийгмийн даатгал төлсөн нэг жилийг 1.2 жил болгон нэмэгдүүлж тооцох тухай хуулийн төслийг санаачилж батлууллаа. Энэ хууль батлагдсанаар малчдын нийгмийн баталгаа эрс өөрчлөгдөнө.

 

-Тэгэхээр авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэх үү?

 

-Авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.

 

-Малчдын орлого нь тодорхойгүй, сайн дураараа Нийгмийн даатгал төлдөг байсан. Энэ хууль батлагдсанаар малчдын тэтгэврийн нөхцөл сайжирлаа. Үүнийг дагаад ниймгийн даатгалаа төлье гэдэг сэдэл төрж байгаа байх. Тэгэхээр Нийгмийн даатгалаа нөхөж төлж болох уу?

 

-Малчид нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдсан хамрагдалт маш бага байна. Ерөөсөө нийт малчдын 11 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэлд сайн дураараа хамрагдаж байна. Малчид маань нэгд, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг ухаж ойлгохгүй байна нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр ирээдүйн нийгмийн баталгаа нь ямар болох вэ гэдэг хуулийг сурталчилан тайлбарлах асуудал ч байгаа. Хоёрдугаарт малчид маань та бидэн шиг сар бүр цалин авдаггүй улсууд. Тэдэнд сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх бололцоо алга. Малчид жилдээ 2-3 удаа л ноолуур, идэшний гэх мэт үеэр орлого олдог. Тэр үед нь нийгмийн даатгалын шимтгэл авах бололцоог нь нээсэн хуулийг УИХ дээр бид баталсан байгаа. Дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаагүй хүмүүсийг нөхөн төлүүлэх боломжид малчид маань хамрагдаад явж байгаа. Олон боломжийг нээж өгсөн хуулиудаа илүү сурталчилах, ойлгуулж таниулах хэрэгцээ байгаа.

 

-Малчдын тэтгэвэр нэмэгдэнэ гэж та цухас дурдлаа. Тодорхой хэлбэл 10-20 жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн малчин хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байна. Та хуучин шинийг нь харьцуулаад хэлвэл?

 

-Яг нарийн тооцооллыг гаргаагүй байна. Тэр тооцооллыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын газрынхан гаргах байх. Мэдээж тэтгэвэрийн хэмжээ шууд нэмэгдэнэ. Ер нь бол малчид маань хамгийн бага тэтгэвэр авдаг байсан. Цэрэг цагдаагийнхан бол тэтгэвэрт гарахдаа үнэхээр өндөр тэтгэвэр авдаг нь ойлгомжтой байгаа. 1,2 жилээр нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдэж тооцогдоод ажилсан жил нь нэмэгдээд явчихаар тэтгэвэр мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

 

-Та сая өнөөдөр нийт малчдын 11 хувь нь л сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байна гэсэн мэдээлэл өглөө. Нийт тэтгэвэрийн насны малчдын хэдэн хувь нь тэтгэвэр авч байна вэ?

 

-Нийтдээ 50 гаруй мянган малчин тэтгэвэр авдаг юм байна. Тэрнээс 8 мянга гаруй нь тахир дутуугийн тэтгэвэр авдаг юм байна. Малчид маань бидний нийгмийн даатгалын шимтгэлийг яах вэ, бид төлж чадахгүй байна. Эсвэл төр даах бололцоо байхгүй юм уу. Бид чинь цаг наргүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс шүү дээ гэсэн зүйлийг ярьдаг. Тэтгэвэрийн тогтолцоо гэдэг маань сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд ид хөдөлмөрлөж, мөнгө олж чаддаг насан дээрээ тодорхой хэмжээний хуримлалыг бий болгож байгаад ирээдүйд ажил хөдөлмөрийн чадвар алдагдсан үедээ тэтгэвэр авах энэ тогтолцоог хийж өгсөн. Мөн сая бид тэтгэвэрийн бодлогын шинэчлэлийг баталлаа. Ер нь иргэн хүн өөрөө хүсэх юм нэмэлт нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ирээдүйд бусдаас илүү тэтгэвэр авах бололцоог өөртөө бий болгоё гэвэл боломж нь бий болсон. Үүний араас нийгмийн даатгалын багц хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө бэлтгээд засгийн газрын яамдуудаас санал аваад УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Бид малчид болоод иргэддээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг таниулах, хууль сурталчилах ажлыг сайн хийх шаардлагатай байгаа.

 

-Эрх барьж байгаа ардчилсан нам бол өмнөх эрх баригчид шиг бэлэн мөнгө өгнө гэж амлахгүй байгаа шүү дээ. Тухайлбал хамтын тэтгэвэрийн тухай хууль, таны санаачилсан малчдын ажилсан жилийг нэмж тооцох тухай зэрэг бол нийгмийн даатгалын салбарыг сууриар нь өөрчилж байгаа шинчлэлүүд орж байна гэж миний хувьд дүгнэж байгаа.

 

-Ард иргэдэд аль болох бэлэн мөнгө өгдөг, амладаг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Үүний оронд өвдсөн зовсон үед нь, хөдөлмөрийн чадвараа алдсан үед нь ямар хэмжээний халамж тэтгэвэр авдаг байх ёстой вэ гэдгийг тодорхой болгож өгөх ёстой. Мөн бид тэтгэвэрийн зээлийн орчныг бий болгох хуулийн төслийг санаачлаад явж байна. Энэ хуулийн төсөлд ахмадууд маань тэтгэвэрийнхээ тодорхой хувийг барьцаалаад зээл авдаг. Тодорхой хувийг гар дээрээ авдаг байхаар тусгаж байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах тал дээр ч ажиллана.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Б.БАТ