“Чингис хаан”-ы дүр бүхий үнсний сав зарахыг хориглолоо

2015 оны 12 сарын 22

Их эзэн Чингис хааны дүрийг товойлгон сийлсэн, зураг дүрийг нь байршуулсан үнсний сав худалдаж байгаа нь зүйд нийцэхгүй байгаа тухай мэдээллийг хэвлэлийнхэн дэлгэсэн. Тэрхүү үнсний сав худалдаалж байгаа нь зөв эсэхийг шалгаж өгөхийг иргэд хүсэх болсон. Тиймээс энэхүү мэдээллийн дагуу ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд болон тус газрын улсын байцаагч нар хамтран нөхцөл байдалтай танилцжээ.

Үндэсний бахархалт хүний дүрслэл бүхий тамхины үнсний савны зориулалттай бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-д “Монгол улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон”, 7.4.6-д “хүнлэг ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” гэж үзэж улсын байцаагчийн албан шаардлага өгч худалдаанд гаргахыг хориглолоо.

Хойшдоо энэ мэт алдаа гаргахгүй байхыг ШӨХТГ-аас бусад худалдаа наймаа эрхлэгч, үйлдвэрлэгч нарт сануулж байна.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна