Б.Батзаяагийн хэрэгт ахиц гарав уу?

2015 оны 12 сарын 22

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг бусадтай нийлж их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс баривчлан саатуулсан. Түүнийг саатуулаад сар гаруй болж байна.

Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарт үүсгэсэн эрүүгийн хэрэг дээр ЭЦГ болон АТГ-ын хамтарсан баг ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл хамгийн сүүлд энэ хэрэгт холбогдуулан интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ хуулийнхан байгууллагынхан руу холбогдож, хэргээ хүлээхээ мэдэгдсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хуулийн байгууллагын эх сурвалж руу өөрийн биеэр холбогдож “ “Би хэргээ хүлээе. Хамгийн гол нь Улаанбаатар хотод байгаа миний болон ойр дотныхны минь нэр дээр байгаа хөрөнгийг битгий битүүмжлээч” гэх утгатай зүйлийг ярьсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч буй. Харин Б.Батзаяагийн хэрэгт холбож нэр бүхий компанийн гурван удирдах албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьж, шалгаж эхэлсэн талаар өнөөдрийн "Өдрийн сонин"-д мэдээлжээ.

Б.Батзаяа нарыг хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бололтой. Б.Батзаяа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байгаад “Монголын төмөр зам” компанийн дарга болтлоо тушаал дэвшсэн. Тиймээс түүнийг баривчилсны дараа Х.Баттулга хэвлэлийн бага хурал хийж “Намайг ч бас шалгах биз” хэмээн хэлж байсан юм.

Б.Батзаяагийн хэрэгт холбож А.Гансүхийг шалгана гэж яагаад АН-ын лидерүүд айж бэргээд, асуудлыг бүлгийнхээ хуралд хэлэлцэх хэмжээний томоор авч үзээд байгаа шалтгааныг хуулийнхан тодруулах биз ээ. Ямар ч байсан Б.Батзаяагаар дамжуулан хуулийнхан төмөр замтай холбоотой асуудлыг учгийг барив уу гэсэн хардлага олон нийтийн дунд байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна