Ч.Сосорбарам: Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа өндөр түвшинд үргэлжилж байна

2015 оны 12 сарын 22

Өнгөрч буй 2015 онд Батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагаа амжилт дүүрэн байлаа. Дэлхийн орнуудын Батлан хамгаалахын сайд нар айлчилсан, батлан хамгаалахад үзүүлэх тусламж дэмжлэг нэмэгдсэн гээд онцлох үйл явдал арвин ажээ. Энэ тухай Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарамтай ярилцлаа.

 

-2015 оны хэмжээнд батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны зорилго, зорилт болон БХЯ, Зэвсэгт хүчний удирдлагууд гадаад улс орнуудад айлчилсан тухай сэдвээр яриагаа эхэлье?

 

-Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, салбарын бие бүрэлдэхүүнийг орчин үеийн мэдлэг, мэдээлэлд суралцуулах, зэвсэглэл техникийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд хамтын ажиллагаатай орнуудын тусламжийг чиглүүлэх зорилгод анхааран ажиллалаа.

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БНТУ-д албан ёсны, БНФУ-д анхны албан ёсны айлчлал, ОХУ, БНХАУ, БНСинУ-д ажлын айлчлал хийж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан санал солилцсон ба Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр ОХУ, БНХАУ, БНСУ, ИБУИНВУ, БНФУ, БВУ, БНСУ, Австрали, Япон Улс-д, яамны ТНБД хошууч генерал З.Болдбаатар АНУ, Канад, БНТУ, БНПУ-д, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа ОХУ, БНХАУ, Япон Улс болон АНУ-ын АНДЦК-д айлчилж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан ярилцаж, хоёр талын уулзалт зохион байгуулан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

 

-Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалаар ямар асуудал шийдэв?

 

 

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Чан Ваньцюань өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсад айлчиллаа. Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын яриа хэлэлцээний үеэр талууд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэдэгт санал нэгдсэн байдаг. Ингэхдээ батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны тухайд бүх түвшний төлөөлөгчдийн харилцан айлчлал, боловсон хүчний сургалт, цэргийн буцалтгүй тусламж, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийг сахиулах чиглэлээрх хамтарсан сургалт дадлага хийх зэрэг тохиролцоонд хүрсэн.

 

Айлчлалын үеэр “Монгол Улсад БНХАУ-аас цэргийн буцалтгүй тусламж олгох тухай БНХАУ-ын БХЯ, Монгол Улсын БХЯ хоорондын хэлэлцээр”-т Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюань нар гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын БХЯ-аас манай Зэвсэгт хүчинд 40 сая юанийн буцалтгүй тусламж олгох юм.

 

-Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн хуралдааны талаар тодруулна уу. Гэрээ сунгагдсан сайхан мэдээ байгаа гэсэн?

 

-Хоёр жил тасраад байсан Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн ээлжит 7 дугаар хуралдаан энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болж, хоёр улсын Цэрэг техникийн хамтын ажиллагааг 2019 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэх талаар хэлэлцэж, Монгол Улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүчинтэй хугацааг дээрх хөтөлбөрийн хэрэгжих хугацааг дуустал сунгахаар тохиролцсон.

 

-Катар, Монгол хоёр улс бол их гүрнүүдийн дунд оршдогоороо ижилхэн. Батлан хамгаалах салбар, аюулгүй байдал талаасаа нэгнээсээ туршлага судлахад ойрхон байсан байх?

 

-Катар Улсын Эмирийн бие төлөөлөгч, Батлан хамгаалахын сайд хошууч генерал Хамад Бин Али Аль Аттияа өнгөрсөн наймдугаар манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Манай хоёр орны Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаа цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх чиглэлээр хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах зэргээр өргөжин хөгжиж байгаа юм.

 

 

Катарын талаас хоёр улс аль аль нь том гүрнүүдийн дунд байдаг жижиг орнууд гэдгээрээ адилхан учир Катар-Монгол хоёр улсын хооронд хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл хэрэгтэй. Хоёр орон хоёул энхийг сахиулахын төлөө терроризмтэй тэмцэхийн төлөө байдаг, хоёр улсын хувьд ямар нэгэн дайсагнасан улс байдаггүй зэрэг маш олон ижил төстэй зүйл байгааг онцолж байв.

 

Мөн айлчлалын үеэр хоёр улсын сайд нар Катар Улсын БХЯ-наас манай улсын Зэвсэгт хүчинд тусламж үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хэлэлцсэний дагуу айлчлалын мөрөөр Монгол-Катарын БХЯ-дын ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг 2015 оны 10 дугаар сард зохион байгуулсан.

 

-БХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтууд, ажлын хэсгийн уулзалтууд нэлээд болсон?

 

-Батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагаатай ОХУ, БНХАУ, АНУ, БНТУ, БНЭУ, БНСУ, ХБНГУ, БНПУ, БНАСАУ, Австрали Улсын Батлан хамгаалах яамд хоорондын ээлжит, Катар Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Батлан хамгаалах яамтай тус тус анхдугаар, нийт 12 яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс зохион байгуулж, хамтран ажилласан.

 

 

 

-2015 онд харилцаатай улс орнуудаас Монгол Улсад шинээр цэргийн атташегийн алба нээсэн. Энэ бол батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаагийн шинж?

 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 32 улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоон, хамтран ажиллаж гадаадын 5 улс Монгол Улсад цэргийн атташегаа байнга суулган, 16 улс БНХАУ-д суугаа ЭСЯ-дын цэргийн атташе нараа манай улсыг хавсруулан ажиллуулж байна.

 

Энэ онд БНСУ, БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэд Батлан хамгаалахын атташегийн албаа шинээр нээн ажиллуулж эхэлсэн нь Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой онцлох үйл явдал боллоо.

 

Цэргийн атташегийн алба нь улс орны аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн хоёр талын болон олон талын батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын болон бүс нутгийн түвшинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд тухайн сууж буй болон хавсран суугаа орнуудын холбогдох байгууллагууд, бусад орны цэргийн атташегийн албадтай хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллийг олзворлон, дүн шинжилгээ хийх, өөрийн улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг.

 

Монгол Улсаас гадаадын 5 улсад суугаа Элчин сайдын яаманд цэргийн атташе, тэдний туслах, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт цэргийн зөвлөх, нийт 10 цэргийн алба хаагчийг байнга суулган үүрэг гүйцэтгүүлж байна.

 

Түүнчлэн Батлан хамгаалах салбарт харилцаатай зарим улсуудад цэргийн атташе хавсран суулгах тухай асуудлыг ГХЯ-тай хамтран шийдвэрлүүлж, хавсран суух орнуудын тоог 10-аар нэмэгдүүлсэн байгаа.

 

-Ирэх онд олон улсын хамтарсан сургуулиуд үргэлжлэх нь дамжиггүй. Нэмэгдэж байгаа хамтарсан сургуулиуд бий юу. Нэгдсэн дүн нь гарсан болов уу?

 

-2015 онд нийт 12 олон улсын болон хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулсан байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагаа болон цэргийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, Монгол Улсын гадаад бодлогыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлсэн гэсэн үг.

 

Хамтарсан сургуулиудаас “Хааны эрэлд-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг үндсэн 4 үйл ажиллагааны хүрээнд 9 дэх жилдээ өөрийн эх орондоо зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт, дадлагад АНУ, АХУ, БНБАУ, БНБелУ, КВУ, КанУ, БНХАУ, БНЧУ, БНФУ, ХБНГУ, БНЭУ, БНИндУ, ЯпУ, ХБНАБУ, ИБНПУ, БНФилУ, БНПУ, БНСУ, БНТажУ, ТВУ, ИБУИНВУ зэрэг гадаадын 21 улсаас 591 оролцогч, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 643 оролцогч, бүгд 1234 цэргийн алба хаагч оролцсон.

 

Монгол Улс, ОХУ-ын “Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай хамтарсан тактикийн хээрийн сургуулиар анх удаа байлдаантайгаар усан саадыг гатлах сэдвийг нэмж орууллаа.

 

 

Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын Зэвсэгт хүчний Тусгай хүчний хамтарсан “Анчин бүргэд-2015”, Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улсын Зэвсэгт хүчнүүдийн Тусгай хүчний ангиудын хамтарсан "Баланс мажик-2015-1" гурав дахь удаагийн хээрийн сургалт, Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Зэвсэгт хүчний Тусгай хүчний бүлгүүдийн хамтарсан "Нүүдэлчин дайчид-2015" хээрийн сургууль зэрэг олон сургуулийг амжилттай зохион байгуулсан байна.

 

 

Тэр дундаа Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн Инженерийн сургуулийн сургалтын багтай хамтарсан “Зам-2015” сургалт, дадлагыг онцлох учиртай. Энэ сургалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нарыг сурган дадлагажуулах, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцоход маш том дэмжлэг болсон.

 

-ОХУ, БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас зэвсэгт техникийн тусламжууд үзүүллээ. Ямар ямар гэрээний хүрээнд ямар орноос батлан хамгаалах салбарт тусламж үзүүлсэн байдаг юм бэ?

 

-Батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд 2015 онд УИХ-аар соёрхон батлуулсан 1 хэлэлцээр, Засгийн газар хоорондын 7 гэрээ хэлэлцээр, Батлан хамгаалах яамд хоорондын 9 гэрээ хэлэлцээр, санамж бичгийг олон улсын гэрээ, хэлэлцээрийг байгуулахад тавигддаг шаардлагуудыг ханган, холбогдох талтай эцсийн байдлаар тохиролцож байгуулсан.

 

Батлан хамгаалах яамнаас 2015 онд гадаадын нийт 6 улс, орны Засгийн газар, Батлан хамгаалах яамтай идэвхтэй хамтран ажилласан байна. Буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлээр Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, эд материалын шинэчлэлтийг хийсэн нь өмнөх онд хүлээн авсан тусламжтай харьцуулбал гадаадын тусламжийн хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг.

 

Тэр дундаас онцлоход, Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын талаас Т-72А танк, дагалдах зэвсэглэлийн сүүлийн хэсгийг хүлээн авсан.

 

 

БНТУ-ын буцалтгүй тусламжаар цэргийн хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу дуулга малгай, өвдгөвч, тохойвч, агсамж, үүргэвч, дижитал эрээн даавуун материал, цөлийн шар гутал зэрэг хувцас хэрэгсэл, АНУ-ын буцалтгүй тусламжаар Jeep-J8 Вранглер цэргийн зориулалттай жийп автомашин 35 нэгж, ХБНГУ-аас буцалтгүй тусламжаар цэргийн зориулалттай Юнимог автомашин 27 нэгж, эмнэлгийн мэс заслын багаж хэрэгсэл, БНХАУ-аас нийлүүлэгдсэн 22 нэгж барилга зам инженерийн техник, хэрэгслийг тус тус хүлээн аваад байна.

 

-Гадаадад суралцах сонсогч нарын тоо нэмэгдсэн үү. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?

 

-Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, АНУ, Канад, ХБНГУ зэрэг нэлээд хэдэн улсад 550 гаруй алба хаагч суралцаж байна. Харилцаа, хамтын ажиллагаатай улс орнуудад сургууль, сургалт дамжаа төгсөөд ирсэн 130 орчим цэргийн алба хаагч байгаа.

 

Д.БОЛОРМАА