Г.Сайханбаяр: Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн жил байлаа

2015 оны 12 сарын 22

Батлан хамгаалах салбарынхан 2015 онд ололт амжилтаар дүүрэн ажилласан сайхан мэдээ байна. Салбарынхаа тулгуур баримт бичгийг УИХ-аар батлуулсан, гадаад хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа дахь Монгол Улсын оролцоо нэмэгдсэн, алба хаагчдынхаа нийгмийн асуудалд хандсан ажлууд зохион байгуулсан зэргээс дурьдаж болох ажээ. Энэ талаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяртай ярилцлаа.

 

-Батлан хамгаалах салбарын хувьд энэ онд бодлогын тулгуур баримт бичгээ УИХ-аар шинэчлэн батлуулж чадлаа. Салбартаа төдийгүй төрийн цэргийн байгууллагуудад хүлээлт үүсгэсэн баримт бичиг байсан байх аа?

 

-УИХ-ын 2015 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг хэлэлцүүлэн батлуулж, УИХ-ын 85 дугаар тогтоолоор баталгаажууллаа.

 

Бодлогын баримт бичгийг боловсруулахад БХЯ, ЗХЖШ-ын холбогдох бүрэлдэхүүн, манай салбарын тэргүүлэх эрдэмтдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах нь зүйтэй. Баримт бичгийн агуулга, ач холбогдол нь өргөн. Товчоор илэрхийлвэл энэ баримт бичгээр батлан хамгаалах тогтолцоо нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ болохыг тодорхойлж, бодлогын чиглэл, үйл ажиллагааг нарийвчлан тусгаж, төрийн цэргийн байгуулал, Зэвсэгт хүчний бүтцийг төрийн бодлогоор шинэчлэн тодорхойлж, батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн явдал байлаа.

 

-Баримт бичигт төрийн цэргийн байгуулал гэсэн шинэ асуудал тусгагдсан. Тухайлбал, төрийн цэргийн байгууллагад Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал зэрэг байгууллагууд хамаарахаар заасан. Энэ байгууллагууд зарим асуудлаар нэгдмэл байхаар тодорхойлсон нь хэзээнээс ажил хэрэг болох вэ?

 

-Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр тусгасан. Цэргийн байгууллагууд цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, цэргийн алба хаагчийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ нь цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байх агуулгыг багтааж байгаа юм.

 

-Бодлогын баримт бичигт орсон өөр нэг онцлох зүйл бол Зэвсэгт хүчин нь агаарын цэрэг, хуурай замын замын цэрэгтэй байна гэж заасан. Энэ нэршлүүд хэзээнээс эхлэн хэрэгжих вэ?

 

-Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчин нь Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг гэсэн төрлийн цэргээс бүрдэж байна. Олон улсын нийтлэг жишгийг харгалзан нэр томьёоны хувьд өөрчлөн Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэхээр баримт бичигт тусгасан. Бодлогын баримт бичигтэй уялдуулан Зэвсэгт хүчний тухай хууль шинэчлэгдэнэ. Хуулийн төсөл батлагдсанаар төрлийн цэргийн нэршил баталгаажина.

 

-Тулгуур баримт бичгийг дагалдаад салбарын бусад хуулиудад өөрчлөлт орж байгаа гэсэн. Ямар хуулиудад өөрчлөлт орж байна?

 

-Баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан. Энэ хүрээнд бид Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна.

 

 

Мэдээж энэ хуулиудад бүтцийн болон агуулгын томоохон өөрчлөлтүүд орж байгаа. Тухайлбал, бодлогын баримт бичигт туссан үзэл санааг хуульчлах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход нилээд анхаарал хандуулсан. Мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг агуулгаар нь хоёр хувааж Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болгон шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэх мэт ихээхэн өөрчлөлтүүдийг оруулж байна.

 

-Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулж, төмөр зам бариулах ёстой гэж УИХ-аас шийдвэрлэсэн. Харин өнөөдөр зарим улс төрчид "Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг. Ийм байж болохгүй" гэсэн талцлыг нийгэмд үзүүлж байна. Албаны хүнтэй уулзсаных тодруулах асуулт байна. "Монгол цэрэг бүтээн байгуулалтад" хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч, хөтөлбөрийн үр дүнгийн талаар тодруулж болох уу?

 

-Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталж, манай салбарынхан хэрэгжүүлсэн. Энэ нь цэргийн алба хаагчдыг улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, стратегийн ач холбогдолтой байгууламж барих, засвар үйлчилгээ хийх, хугацаат цэргийн алба хаах хугацаанд нь залуучуудад мэргэжил эзэмшүүлж үндэсний ажиллах хүчний чадавхийг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр л дөө. Хөтөлбөрийг дүнгийн тухай ерөнхий мэдээлэл өгөхөд Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар аймгууд дахь барилга, инженерийн ангиудыг бие бүрэлдэхүүн, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр ханган бүтээн байгуулалтын ажилд оролцуулж 2010-2014 онд нийт 58 тэрбум төгрөгийн авто зам, бетон гүүр, барилга угсралт болон их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

 

-Бүтээн байгуулалтын нэг нь Баян-Өлгий аймгийн "Асгат"-ын чиглэлийн зам байсан байх аа. Цэргүүд өөрсдөө барьж ашиглалтад оруулсан шүү дээ?

 

-Тэгэлгүй яах вэ. Баян-Өлгий аймгийн “Асгат” чиглэлийн хайрган хучилттай авто замын барилга, Баянхонгор аймгийн жижиг дунд үйлдвэрийн бизнес инкубатор төвийн барилга, нисэх буудлын хатуу хучилттай зам, Хэнтий аймгийн Дадал, Булган аймгийн Тэшиг, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэ-Цагаан, Дорнод аймгийн Баян-Уул, Халх-Гол, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар зэрэг сумдад 8 обьектын барилга угсралтын ажлыг дурьдаж болно. Түүнчлэн Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын албан тушаалын 650 айлын орон сууц, Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад хэрэгжсэн “Шинэ сум” төслийн хүрээнд барилга угсралт болон их засвар, Могойн голын дулааны станцын барилга, зам талбайн барилгын ажил зэргээс онцолж болно. Үүнээс гадна Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хүчээр ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, экологийн төрөл бүрийн гамшгаас хамгаалахад хийсэн ажил бас бий.

 

-Өнөөдөр хугацаат цэргийн алба хаагчид мэргэжил эзэмшээд халагдаж байгаа гэсэн. Ямар төрлийн мэргэжлүүд эзэмшиж байна?

 

-Цэргийн алба хаах хугацаанд нь залуучуудад энгийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний сургалтын материаллаг баазыг түшиглэн аймаг, орон нутаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажиллаж байна.

 

 

Хүнд даацын тээврийн машины жолооч, хүнд машин механизмын оператор, гагнуурчин, барилгын өрөгч угсрагч, бетон арматур, барилгын сантехникч, барилгын засал чимэглэлч, барилгын мужаан, токарьчин, мал аж ахуй, газар тариалан, фермерийн чиглэлээр нийт 20 гаруй мэргэжлээр мэргэжил олгох сургалтыг зохион байгуулсан байна. Ингэхдээ 2700 гаруй хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч, ахлагч нарт мэргэжил эзэмшүүлжээ. Судалгаанаас үзэхэд хугацаат цэргийн албанаас халагдсан залуучуудын 54,3 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцож байна гэсэн нааштай үзүүлэлт харагдаж байгаа юм.

 

-Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад танай яам тэр дундаа танай газрын хийх ажил их байдаг. Энэ жил салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулахад хэрхэн ажиллав?

 

 

-Мэдээж бид газар гэхээсээ илүүтэйгээр салбараараа ажлын өндөр амжилт, үр дүнгээр шинэ оноо угтаж байна. 2015 онд бид эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэхээс гадна томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн санаачилсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ онд манай газраас Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцүүлэн зохих шийдвэрийг гаргуулаад байна. Онцолбол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Бүтээн байгуулалтад оролцох мэргэшсэн анги, салбаруудыг бүсчлэн байгуулж, бүс нутгийн хөгжлийг дэмжинэ” гэсэн арга хэмжээний хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллалаа. Улс орны бүтээн байгуулалт, энхийг дэмжих ажиллагаа болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий “Барилга-инженерийн батальон”-ыг Архангай, Говь-Алтай аймагт байгуулах, Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний барилгын тусгай салбарыг “Барилга-инженерийн батальон” болгон өргөтгөх, энхийг дэмжих ажиллагааны бригадын штаб, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний ангийг түшиглэн цэргийн II шатны эмнэлэг байгуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлсэн байгаа.

 

 

Монгол Улсын бүх сум буюу 330 гаруй сумын Засаг даргын Тамгын газрын дарга нартай “Цэргийн бэлтгэл сургалт”-ыг бүсчилсэн хэлбэрээр амжилттай зохион байгуулж явууллаа.

 

 

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй “Цэрэг-стратегийн бэттгэл сургалт”-ыг зохион байгуулж, хэрэгжүүллээ. Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтыг хуульд заасан хугацаа, үечлэлийн дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд явуулж 6000 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдсан байна.

 

-Ирэх оны ажлын төлөвлөгөөг сонирхвол?

 

 

-2016 онд Батлан хамгаалахын багц хуулиудыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулах том үүрэг, хүлээлт байна. Түүнээс гадна Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн батлуулах, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах батлан хамгаалах бодлогын чиглэлийг тодорхойлох, орон нутгийн хамгаалалтын болон улсын дайчилгааны төлөвлөлт, тогтолцоог боловсронгуй болгох гэх мэт олон ажлууд бидний өмнө хүлээгдэж байна.

 

Д.БОЛОРМАА