Д.Номт: Зэвсэгт хүчин үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилласан

2015 оны 12 сарын 22

Батлан хамгаалах салбарын хувьд 2015 он бүтээн байгуулалтын жил болов. Ялангуяа, цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж, хүлээлт үүсгэсэн хэд, хэдэн орон сууцыг цэрэг эрсийнхээ хүч чармайлтаар ашиглалтад орууллаа. БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч, хурандаа Д.Номттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Батлан хамгаалах салбарын хувьд өнгөрч буй онд алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулж ажиллалаа. Үүний нэг нь ашиглалтад оролгүй удсан цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцыг ашиглалтад оруулж чадлаа. Бүтээн байгуулалтын ажлуудаасаа тоймлож яривал?

 

-Манай цэргийнхэн эх орныхоо төлөө, өргөсөн тангарагынхаа төлөө хичээж зүтгэдэгийг монголчууд бид сайн мэднэ. Гэвч их ажлын ард гэр бүлийн ая тухтай орчинд амьдрах, хувийн орон сууцтай болох нөхцөл нь хязгаарлагдмал.

 

Иймээс Батлан хамгаалахын сайын зүгээс цэргийн алба хаагчдыг хувийн орон сууцтай болгохоор хэд, хэдэн чиглэлийг барьж ажилласан. Үүний нэг нь ашиглалтад оролгүй удсан цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцыг цэрэг эрсийнхээ хүч чармайлтаар богино хугацаанд барьж гүйцэтгэж дуусгасан явдал юм.

 

 

300 өрх айлын цаана 1500 гаруй хүний амьдрах орчин, нөхцөлийг Батлан хамгаалах салбарын удирдлагууд шийдэж чадлаа.

 

 

Цэргийн алба хаагчдийн 300 айлын орон сууцны барилгын ажыг “ХӨМОТЭ” ХХК 2011 онд эхэлсэн ба 2014 он хүртэл 70 орчим хувийн ажлыг гүйцэтгээд зогсонги байдалд ороод байсан.

 

Улмаар барилга гүйцэтгэгч “ХӨМОТЭ” компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн болон ажиллах хүчний бололцоогүй тухай мэдэгдсэний дагуу энэхүү орон сууцанд орохоор хуваарилагдсан 300 айлын эрх ашгийг хамгаалах, амьдралын нөхцөл бололцоог сайжруулах үүднээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын шийдвэрээр манай барилгын болон инженерийн цэргийн ангиуд барилгын үлдэгдэл 30 хувийн гүйцэтгэлийг гурав хүрэхгүй сарын дотор хийж гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 017 дугаар анги, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зэрэг Зэвсэгт хүчний гурван ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийлсэн 250 гаруй залуус маань дөрвөн блок орон сууцны барилгын дотор иж бүрэн засал, цахилгаан, сантехникийн тоноглолын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн офицер, ахлагч, энгийн, хугацаат цэргийн албан хаагчид нийлсэн 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр 120 метр шороон далан бэхжүүлэх ажил, 144 метр урт явган хүний замын ажил зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Одоо айлууд байрандаа орчихсон байгаа.

 

-Түүнээс гадна орон нутагт хэд, хэдэн орон сууц, соёл спортын төвүүд ашиглалтад орсон байх аа?

 

-2015 он салбарын хэмжээнд их бүтээн байгуулалтын жил болсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин үргэлжилсэн барилга, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнүүдийг дуусгаж, ашиглалтад оруулахад захиргааны удирдлагаар ханган ажилласан.

 

Бүтээн байгуулалтуудын ажлаас дурьдвал, Баян-Өлгий аймагт цэргийн алба хаагчдын 40 айлын орон сууц, Ховд аймагт Зэвсэгт хүчний сургалтын төв, Баянзүрх дүүрэгт цэргийн албан тушаалын 63 айлын орон сууц ашиглалтад орсон. Мөн “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн барилга, Цэрэг спортын төв цогцолбор буюу Алдар спорт хорооны шинэ байр, цэргийн анги, салбаруудад соёл, спортын төвийн барилга, цэргийн байр зэргийг дурьдаж болно. Салбарын хэмжээнд 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласнаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 100 айлын хувийн орон сууц барих эзэмшил газрын зөвшөөрлийг авч, хотхоны хашааг нь барьж, эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн. Энэ газар дээр ахлагч нар өөрсдийн зардлаар хувийн орон сууцаа барих нөхцөл бүрдсэн гэсэн үг.

 

-Салбарынхаа зэвсэг техникийг сайжруулах, шинэчлэхэд гадны тусламжуудыг хүлээн авсан байдаг. Цаашдаа гаднаас тусламж авахгүйгээр төсвөөс санхүүжилт гаргаж байх ёстой гэж олон хүн дүгнэдэг юм билээ?

 

-Цаашдаа энэ талын бодлого барих ёстой гэдэгт санал нэгддэг. Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах чиглэлээр Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн хэрэгцээнд зориулж, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд Зэвсэглэл, техникийн шинэчлэл, сэргээн сайжруулах үйлчилгээнд зориулж автокран, автобус, галын, цэвэр болон бохир усны автомашин, микроавтобус, суудлын автомашин, бага оврын ачааны автомашин худалдан авах ажиллагааг зохион байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штабт хүлээлгэн өгсөн. Австри Улстай 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулан, БХХСАХНЭ буюу “Төрийн тусгай албаны эмнэлэг”-ийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд нийт 15.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий SIEMENS үйлдвэрийн хамгийн орчин үеийн технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 4 удаагийн тээвэрлэлтээр хүлээн аваад байна. Удахгүй цэргийн эмнэлгийн шинэ барилгад суурилуулаад дуусна.

 

-Батлан хамгаалах яам үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээ илэрхийлсэн. Энэ хүрээнд ямар ажлууд өрнөв?

 

-Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан. Санамж бичгийн дагуу 2 яамны сайдын тушаалаар батлан хамгаалах салбарын бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодын үйлдвэрүүдийн чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, ажлын удирдамж, хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулж баталлаа. Үүний түүчээ болгож “Батлан хамгаалах салбарын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний техникийн шаардлага, стандарт, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт танилцуулах үзэсгэлэнг зохион байгуулж, дотоодын 60 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна.

 

 

Үзэсгэлэнгийн үеэр батлан хамгаалах салбарын хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний стандарт, техникийн шаардлага нөхцөл, тусгай шаардлага, тендерт шалгарсан бараа, бүтээгдэхүүний ололттой, дутагдалтай байдлын талаар хамтран ярилцаж, хэлэлцсэн нь үр дүнтэй алхам болсон.

 



2015 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын төвлөрсөн хангалтын хүнсний төсөвт зардлын 67,1 хувь, хувцасны төсөвт зардлын 73,3 хувийг үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан байна.

 

-"Монгол цэрэг бүтээн байгуулалтад" хөтөлбөрийн хүрээнд цэргүүдийг "Шинэ төмөр зам" хөтөлбөрт оролцуулах тухай шийдвэр гарсан?

 

-Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр, 154 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яам, Хөдөлмөрийн яам хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулсан.

 

 

Санамж бичгийн хүрээнд “Шинэ төмөр зам” төсөлд оролцох цэргийн алба хаагчдад давхар мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх ажлыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Зэвсэгт хүчний Барилга, инженерийн ангиудыг түшиглэж зохион байгуулахаар ажиллаж байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд 17 мэргэжлийн 3362 ажилтны хэрэгцээ, шаардлага байгаа тухай судалгааг Зам, тээврийн яамнаас ирүүлсэн. Зэвсэгт хүчинд алба хааж байгаа офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч нарт мэргэжлийн боловсрол олгох, мэргэшүүлэх, давхар мэргэжил эзэмшүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж, ирэх оны нэгдүгээр сараас арга хэмжээг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

 

Д.БОЛОРМАА