“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг баталлаа

2015 оны 12 сарын 22

Засгийн газраас “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсвийн төсөлд тусгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн соёл урлагийн газар, төв болон орон нутгийн соёлын байгууллагуудад тус тус үүрэг болголоо. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Аж үйлдвэрийн яаманд тус тус даалгахаар шийдвэрлэжээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн болон зах зээл, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, олон улсын стандартад нийцсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нэмэгдэн Монгол брэнд бүтээгдэхүүн олон улсын зах зээлд танигдана гэж ЗГ үзжээ.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна