Царай муутай гээд би ямар ээжээсээ дахин төрөх биш

2015 оны 12 сарын 22

ДБЭТ-ын захирал Чулуунбатын МӨНХЗУЛ:

Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг. Чин үнэнээ хэлэхэд түүнээс ярилцлага авахаасаа өмнө тэгтлээ ойшоодоггүй байснаа нуух юун. Сонгодог театрын даргаар мэргэжлийн бус хүн ирсэн гэх олны ханарсан үгэнд толгойгоо мэдүүлж, үнэхээр тэр хэн юм бол, мэргэжлийн бус хүн гэдэг нь ямар үг юм бол, мэргэжлийн бус хүн театрыг удирдах юу нь буруу хийгээд зөв тал дээр анализ хийж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй явж. Ер нь аливаад анализ хийхээсээ өмнө сургаар, олны цуурсан яриагаар чиг баримжаагаа хийдэг нь нүүдэлчин угшилтай бидний тун ч хэвшмэл, салж чадахгүй байгаа характер л даа. Би ч тэдний нэг, гэхдээ сэтгүүлч учраас өөр байхыг хэрэндээ хичээдэг билээ. Энэ удаад УДБЭТ-ын дарга Ч.Мөнхзулын амьдрал, ертөнцийг анирдлаа. Тэр их шулуухан юм. Манайхан ийм хүнийг эршүүд, муухан эр хүнээс дээр хүүхэндээ гэх мэтээр тодорхойлдог. Тун ч доромж үгс юм шүү. Үнэндээ хүн мөн чанар гэж байхаас хүйсийн чанар, ялгаа гэж байдаггүй. Энэ бол миний өдий наслахдаа бат нот ойлгосон нэг зүйл. Ч.Мөнхзулын мөн чанар нь шулуухан, шударга юм. Үүнийг удирдагч, менежер хүнд байх ёстой гол чухал чанар гэж үздэг. Бид хоёр ёстой шулуухан ярилцсан. Хүн ямар ч байж болно, гагцхүү үнэн байх, өөрийнхөөрөө байх л хамгийн сайхан чанар билээ. Энэ бол бараг амьдралын идеал ч байж болно. Ингээд олныг үл нуршин түүний ертөнцөөр аялахыг уръя.

- Элит үзэгч гэдгийг түрийвчэн дэх мөнгөнийх нь хэмжээгээр үнэлдэггүй гэж та хэлсэн байсан. Элит гэж тэгвэл хэн бэ?

- Элитүүдийг зөвхөн гадна үзэмжээр дүгнэнэ гэдэг дэндүү өрөөсгөл. Сонгомол, шигшмэл гэсэн утгатай их гоё үг. Тэгвэл хүн элит гэгдэхийн тулд хамгийн түрүүнд эрүүл сэтгэлтэй байх ёстой. Сэтгэлгээ нь сонгомол байх ёстой. Цаашилбал хүнлэг чанарыг эрхэмлэдэг, хүний мөн чанарыг үнэлж чаддагхүмүүс бүгд амжилтанд хүрчихсэн байдаг.Тэд бол элитүүд. Түүнээс биш зүгээр нэг баян эсвэл гоё хувцасласан хүнийг элит гэж би хувьдаа ойлгодоггүй.

- Хоёулаа нэг зүйл тохиръё, шударга байцгаая. Өөрөөр хэлбэл би ч шударга, шулуухан асууя, та ч шударга, шулуухан хариул. Болж байна уу?

- Татгалзах юм алга.

- Таны томилгоо, тодруулбал одоо сууж буй ДБЭТ-ын захирлын албан тушаал маш их дуулиан шуугиан дагуулсан. Мэргэжлийн бус хүн дээр нь битүү морь гэдэг шиг олонд танигдаагүй нүүр царай байсан нь ч энэ дуулиан шуугианд тос нэмсэн  байх гэж боддог юм. Тэр үед танд ямар мэдрэмж төрж байсан бол?

- Алив ажлыг хийхэд тулгардаг л бэрхшээлүүд шүү дээ. Гэхдээ нэг зүйл гайхал төрүүлдэг, мэргэжлийн бус гэдэг үг. Намайг томилсон төрийн сайд хэлэхдээ, би дуучин биш, бүжигчин биш, хөгжимчин биш хүнийг дуурийн захирлаар томилох гэж хайсан гэж байсан. Олон удаа УИХ-д сонгогдсон хүнийг мэргэшсэн парламентч гэдэг. Тэгвэл дуурийн мэргэшсэн дарга гэж байх уу? Мэргэшсэн дарга биш мэргэшсэн менежер байх ёстой болохоос яагаад заавал урлагийн ямар нэгэн мэргэжилтэй хүн байх ёстой юм? Тийм хууль байхгүй дээ. Угтаа бол удирдагч, менежер гэдэг чинь өөрөө бэлтгэгдэж гардаг мэргэжил. Тиймээс л мэргэжлийн биш гэсэн нь өөрөө мэргэжлийн бус санагдаж байсан даа. Одоо ч гурван жил өнгөрчихөж.

- Ихэнх хүмүүс тиймэрхүү дайралтанд тун ч эмзэг ханддагийг мэдэх юм. Ялангуяа манайхан үргэлж л алтан цээжтэй, мөнгөн бөгстэй гэж магтуулах дуртай ард түмэн юм шиг санагддаг. Та өөр бололтой?

- Элдэв шуугиан, хэл ам яахавээ, дайраад өнгөрөх л юм байсан. Хамгийн хэцүү нь худал үг. Бас эмэгтэй хүний хувьд эмзэглэж байсан зүйлс бий. Та намайг битүү морь гэлээ. Агуулга нь хаанаас гараад ирэв гэсэн утга байх. Яг л нийгмийнхээ салбарт хийх ёстой ажлаа хийгээд явж байсан. Сэтгүүлч мэргэжилтэй ч нийгэм рүү чиглэсэн урлаг, соёлын салбарт миний ажил, амьдрал өнгөрсөн. Ялангуяа киноны салбарт харьцангуй их зүйл хийсэн. Манай киноны салбарынхан бүгд намайг мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Мөн хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөөний төлөө бас чамгүй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарсан. Товчхондоо тухайн үед хэвлэлүүд бичээд байсан шиг ямар нэгэн улс төрийн хүчний ард, хэн нэгнийг хормойдож яваад шагналд нь авсан албан тушаал огтхон ч биш.

- Үнэндээ таныг сэтгүүлч мэргэжилтэй гэхээс өөр намтар түүхийг чинь мэдэхгүй. Ажлын туршлага ярьвал?

- Япон менежментээр бол би сайн боловсон хүчин. Өөрөөр хэлбэл нэг газраа 3-5 жилийн хугацаатай дөрвөн газар тогтвортой ажилласан байдаг. Карьерын онолоор нэг газраа таваас дээш жил ажиллахыг зогсонги байдлад орох сөрөг талтай гэж үздэг. Театрт ирэхийн өмнө ЮНЕСКО-гийн Бээжин дэхь оффист Монголыг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Ер нь олон улсын томоохон төслүүд дээр ажиллаж байгаад театрын даргаар ирсэн.

- Ингэхэд ДБЭТ-ын захирал гэх албан тушаал, алдар хүнд танд юу авчирсан бэ? Бас хувь хүнийг чинь ямраар өөрчилж байгаа бол?

- Өнөөдрийн миний албан тушаал бол тогтолцоогоороо төрийн алба. Өмнө нь эрүүл, нээлттэй тогтолцоотой олон улсын байгууллага, олон улсын төсөл эсвэл шударга өрсөлдөөний зарчмаар ажилладаг шоу бизнес, киноны салбарт ажиллаж байсан болохоор төрийн гэх статус бүхий газар ажиллана гэдэг ихээхэн хүндрэлтэй. Санаж бодсон зүйлээ шулуухан ажил хэрэг болгоход саад ихтэй. Энэ талаараа төвөгтэй. Бусдаар театрын хувьд, энд ажиллаж байгаа уран бүтээлчдийн зүгээс  ямар нэг хүндрэл, бэрхшээл алга. Яагаад гэвэл би энэ салбарт шинэ хүн биш. Урд өмнөх бүхий л ажил маань урлаг, соёл руу чиглэж ирсэн байдаг. Их сургуулиа онц төгсөхдөө АЖ Чулуун гуайн талаар “Цэнгэлийн вальс” нэртэй баримтат кино хийж дипломоо хамгаалж байсан цагаас эхлээд дан соёл урлагаар “занималдаж” ирсэн. Үндэсний телевизэд ороод сайн редактор ирлээ гэж магтаалын үг ч сонсож байсан. Харин сүүлд ангийнхан уулзахад урвагчаараа дуудуулсан /инээв/. Найз нөхдийн наргиан боловч сайн сэтгүүлч гэж олзуурхаж байсан сэтгэл нь мэдрэгддэг.

- Би буруу ташаа сонсоогүй бол сонгодог урлагийг олон нийтийнх болгоно, тахир дутуу иргэдээс авахуулаад цэргүүд хүртэл ард олонд дуурь, балет үзүүлнэ, энэ хэт маяглал, чамирхлын газар болчихлоо гэж тухайн үеийн салбарын сайд та хоёрыг ярьж байсан гэцгээдэг. Энэ үнэн үү?

- Угаасаа сайд намайг ажилд томилохдоо чи ийм ийм ажлыг хийсэн байх ёстой гэж өгсөн үүрэг даалгаваруудын нэг ш дээ. Театрыг аль болох энгийн, эгэл жирийн ард түмэнд нээлттэй болгож өгөөрэй, бүх хүнд адил тэгш хандаарай, энд хүссэн хүн болгон ордог болох ёстой гэж зорьж өгсөн үүргүүдийнх нь нэг. Би ажлаа аваад гурав дахь жилийнхээ нүүр үзэж байна, манайд сурагч нь ирж байна, оюутан нь ч ирж л байна. Жирийн үзэгчид ч ирж байна, хөдөөнөөс зорьж ирэх хүмүүс ч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бий. Хүн хөгжлийн бэрхшээлтэй байлаа гээд сайхан хөгжим сонсож, сайхан бүжиг харж, гоё сайхныг мэдрэхэрхээ хасуулчихсан гэсэн үг биш биз дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан  дөрөвдүгээр лож ч бий. Ингэснээр театрт муудсан юм алга. Тэр үед нэг хүн элит бидний ордог газар гудамжинд гүйж явдаг дурын хүн ордог болчихоор бид яах юм гэж байсан юм гэнэ лээ. Юу гэсэн үг вэ. Тэр хүн ганцаараа дуурийн театрт юм үзэх эрхтэй, бусад нь үзэх эрхгүй биш шүү дээ.

- Тэр ч арай юу юм бэ, гэхдээ...

- Ер нь бол өөрийн чинь асуултыг ойлгож байна. Сонгодог урлаг анх үүсэхдээ ч, хөгжихдөө ч тэр язгууртан, ихэс дээдэс, хөрөнгөлөг хүмүүсийн дэмжлэгтэйгээр явж ирсэн. Энэ үнэн. Гэхдээ баячууд, ядуус гэж ялгах тэнэг хэрэг. Дуурь үзэх дуртай хэн хүний өмнө театр нээлттэй байх ёстой.

- Сонгодог урлаг угаас “элитарный” урлаг, эрт дээр үеэсээ сонгодог театрт эрхэм дээдсүүд, элит хэсгийнхэн хамгийн гоё сайхан хувцсаа өмсөж ирж, уулзалт яриа өрнүүлж цаагуураа бол биесээ, хүүхнүүд нь юу өмссөнийг, эрчүүд нь ямар гэргийтэй болсныг сонждог байсан бичигдээгүй хуультай. Энэ зарчим, бичигдээгүй хуулийг манайхан саяхныг болтол ойлгодоггүй байсан, үүнийг буруутгах ч аргагүй. Яагаад гэвэл энэ бол бидний үндэсний урлаг биш харь нутгаас нүүдэлчин угшилтай дөнгөж иргэншиж байсан Монголд нутагшиж эхэлсэн соёл. Харин 21-р зууны Монголын сонгодог урлагийн театр үзэгчдээ хэр хүмүүжүүлж, бэлтгэж чадсан гэж та үздэг вэ?

- Анх энэ урлаг үүсч байх үеийн Европхаант засаглалтай, язгууртнууд болоод жирийн ардууд нь асар их ялгаатай, суурин соёл иргэншилтэй байсан. Тэднээс ялгаатай нь 20-р зуунд энэ соёлыг бид авахдаа яг тэр утгаар нь аваагүй. Илүү урлаг, агуулга талаас нь Монголд анх нутагшуулсан гэж би хардаг. Тэгээд ч манайх тэр үед язгууртны соёлтой байгаагүй. Хөгжмийн хамгийн том соёлтой Австри, Итали, Германд ч гэсэн өнөөдөр дандаа язгууртнууд нь театртаа ороод байна уу гэвэл үгүй. Тэгэхээр язгууртанүзэгчбэлдэнэ гэдэг, ингэж ярих нь хүртэл инээдэмтэй явдал. Харин сонгодог урлаг буюу гайхамшигтай юмыг тэр чигээр нь хүлээж авч, мэдрэх соёл дутуу байсан гэвэл үнэн. Одоо ч гэсэн бид үзэгчдээ аль болох өргөжүүлж, бэлдэхийг хичээж ажиллаж байна. Дунд сургуулийнхныг тоглолт үзэхийнх нь өмнө лекц уншиж, яагаад үзэх ёстой, яагаад чимээгүй байх ёстой, ямар хувцас өмсөж ирэх талаар ярьж, соёл түгээх гэж оролдож байна.

- Ингэхэд таны хамгийн үзэх дуртай, хэзээ ч уйддаггүй дуурь балет гэвэл алийг нь онцлох вэ?

- Би ерөнхийдөө “Дон Жуан”-д их дуртай. Гадагшаа явах тоолондоо хугацаа нь таарвал заавал үздэг. Эмэгтэй хүний сул дорой, хүч чадал хоёрын эсрэгцлийг нэг дор харуулснаараа их өвөрмөц дуурь. Бүсгүй хүний олон мөн чанарыг мэдэрч болдог гэх үү дээ. “Севилийн үсчин”-д бас дуртай. Ялангуяа ядарч, эрч хүч авмаар санагдсан үед үзэж инээх гоё. Үндэсний телевизэд байхдаа, АЖ Жавзандулам гуай дуулсан “Тоска” болгоныг зорьж ирж үздэг байлаа. Миний хамгийн хайртай дуучин. Тоскагийн бардам зангаа хаяад хамгийн дургүй хүнээсээ хайртай залуугийнхаа төлөө өршөөл гуйж байгаа хэсгийг сонсох аймаар. Ер нь бүтээл болгон өөр өөрийн амт, мэдрэмжтэй, түүнийг амталж, мэдрэх нь хүртэл өөр, өөр шүү дээ.

“Севилийн үсчин”-г би хэзээ ч урвайж үзэхгүй, “Дон Жуан”-ыг үзэх тоолондоо их өөр, өөр мэдрэмж авдаг гэх мэт. Балетаас “Бахчисарайн оргилолт булаг” дорнын соёл, сэтгэлгээний ялгааг харуулсан хүнд биш атлаа их гоё өгүүлэмжтэй балет. “Хунт нуур”-т хүн бүхэн л дуртай байдаг. “Жизель”-ийг үзэхээр зүрх өвдөөд байдаг юм. Их залуудаа нас барах амьдрал дээр ч гэсэн харамсалтай. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа арван хэдхэн настай охин эмгэнэлтэйгээр нас барахыг харах дургүйдээ “Жизель”-ийг нэг их үзээд байдаггүй. Харин “Кармен”-д бол дуртай. Кармен бол Жизель шиг 16-хан настай охин биш, өөрийнхөө хүссэнээр амьдраад, хүсэл зоргоороо шийдвэрээ гаргахдаа үхлээс ч айхгүй гайхамшигтай эмэгтэй. Гэх мэт яриад байвал олон бүтээл нэрлэх хэрэг гарна.

- Эмэгтэй хүний мөн чанар гэснээс нийгэмд олон зууны турш тогтож, хэвшсэн сэтгэлгээний соёл, хүйсийн талтай холбоотой эмэгтэй лидерийн хүндрэл бэрхшээл танд хэр их мэдрэгддэг вэ? Эмэгтэй хүн удирдах алба хашиж, амжилт гаргахад эрчүүдээс хэд дахин их хүч хөдөлмөр гаргах шаардлагатай гэх мэт...

- Харамсалтай нь таны хэлж байгаа үнэн. Намайг соёл урлагийн менежментийн олон улсын сургалтанд сууж байхад Лидия Барбанова гэж Болгарын их мундаг профессор бидэнд, “Та нар бүгдээрээ соёл урлагийн салбарт менежер, удирдах ажил хийнэ гэж орж иржээ. Хамгийн энгийн нэг зүйлийг анхааруулъя, ямар ч эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй ажил хэрэг ярихдаа хүртэл юун түрүүн эмэгтэй хүн, сексийн объект гэж хардаг. Үүнийг давж чадах уу, үгүй юу гэдгээ эхлээд бодоцгоо” гэж байсан юм. Багшийн анхааруулга үргэлж мэдрэгдэнэ.

Гэхдээ миний хувьд харьцангуй бага хүндрэлтэй нүүр тулдаг. Миний шулуухан зантай холбоотой. Зарим нь ч энэ ёстой танхай, хүмүүжилгүй гэж л байдаг юм. Ер нь ямар ч харилцаанд ямар нэг хаалтыг аваад хаячихвал анд нөхдийн ч бай, ажил хэргийн ч бай асуудлууд харьцангуй амар шийдэгдээд явчихдаг. Гэвч би эмэгтэй хүн. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний натур нь арай зөөлөн байдаг гэдэг утгаар ч юм уу, зарим нь санаа бодлоо тулгах,нэгэнт гаргачихсан шийдвэрийгболиулах гэж хичээх гэх мэт оролдлогууд зөндөө. Эрэгтэй хүнд хэзээ ч тэгж хандаж чадахааргүй үгнүүд хэлэх нь энүүхэнд. Гэхдээ надад айхтар сүйдтэй хүндрэл санагддаггүй. Миний натур ч харьцангуй эршүүд талдаа. Гаргасан шийдвэрээ өөрчлөх, чадахгүй зүйлээ амлах нь миний характер биш. Нөгөөтэйгүүр би эрчүүдийн тэргүүлэх чанарыг хүлээн зөвшөөрдөг. Биологи, нийгэм, сэтгэл зүйн хувьд яаж ч бодсон ялгаатай учраас л эр, эм гэж байгаа. Эрэгтэй хүнд амьдралын ч, ажил хэргийн ч цар хүрээ байдгийг би мэднэ. Магад эрэгтэйчүүдийн давуу талыг хүлээн зөвшөөрч чаддаг учраас надад хүндрэл бага гардаг байх.

Та өөрийгөө эршүүд, гаргасан шийдвэрээсээ буцдаггүй гэж тодорхойллоо. Эд бол сайн чанар. Гэхдээ бидний амьдарч байгаа хүрээлэн орчин бол хүний нийгэм. Энэ нийгэмд хүн өөрийнхөө БИ-гээс ондоо ямар нэг дүрд тоглох хэрэгтэй нийгэм гэцгээх. Ялангуяа ийм шаардлага хэрэгцээ театрын дарга болж, олны өмнө шалгалт өгч, сайн муугаа дүгнүүлэх үед бүр их чухал байдаг болов уу гэж санагдлаа? Би хэр зөв таамагласан бэ?

- Шаардлага гарнаа. Гэхдээ би болж өгвөл өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Өнөөдөр нэг маск өмсчихөөд маргааш нөгөөдөхөө тайлах гэж өөрийгөө зовоож, өрөөлд өөрөөр ойлгогдож байхаар байгаагаараа байх нь хэн хэндээ амар. Нэг явдал санаанаас гардаггүй. Зургадугаар ангидаа Жаргалантын сангийн аж ахуйд жимс түүж зуны амралтаа өнгөрөөсөн юм. Тэгэхэд нэг ах, чи энэ зангаараа явбал нэг их хол явахгүй шүү, сохрын газар сохор, доголонгийн газар доголон гэж үгийг битгий мартаарай гэж байж билээ. Би хүүхэд байхын л шулуухан зантай байсан, тэрийг ажиглаад хэлсэн юм шиг байгаа юм. Одоо үе, үе ахын үг бодогдоно. Хүний амьдрал ч баян. Өөрийгөө гайхамшигтай хөөрхөн, баян, хээнцэр гэж бодчихсон бүсгүйчүүдийн дунд орохоороо би ямар байх вэ. Би байгаагаараа хүн, би даруухан хүн гээд зогсож байх уу, эсвэл зохих хэмжээнд надад бас хээнцэрлэл бий гэдгийг ойлгуулах уу. Энэ мэт тохиолдолд өөрөөсөө өөр хэлээр ярих шаардлага гарна.

- Дуурь, балет бол харь нутгаас манайд нэвтэрсэн соёл, дээр нь эрдмийн тодотголтой театрыг удирдаж, үүрч дүүрч явна гэдэг амар, хялбар ачаа яавч биш. Тэгээд ч урьд өмнө нь энэ театрыг дан дотроос нь төрж гарсан, урлагийн мэргэжилтэй улс удирдаж байсан. Та бол анхны мэргэжлийн бус, тогооноос нь төрөөгүй дарга. Тэднээс ялгарах таны давуу тал юу вэ? Ч.Мөнхзулын шошго, ялгарах өнцөг юу вэ гэх гээд байна л даа.

- Урд өмнөх удирдлагууд бүгд ямар нэг байдлаар энд ажиллаж байсан хүмүүс байдаг. Тэднээс ялгарах миний онцлог гэвэл сонгодог тодотголтой театрын тогоонд багтдаг гурван салбарыг яг адилхан харж чаддагтаа бий болов уу гэж боддог. Энэ нь өмнөх удирдлагуудыг шүүмжилж байгаа хэрэг биш шүү.

- Чин үнэнийг хэлэхэд таныг өмнөх захирал Сэргэлэнтэй харьцуулах гээд байдаг. Ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

- Адилхан эмэгтэй хүмүүс болохоор харьцуулах нь аргагүй л дээ. Надад сүйдтэй хүндээр тусаад байдаггүй. Сээгий маань өөрөө балетчин, биеэ гоё авч явах зэрэг нь үнэхээр өөрийнх нь давуу тал, тэр хүний брэнд. Энэ утгаараа бид хоёрт өөр тал бий. Би хүүхэд байхын л энгийн юманд дуртай байсан. Тэр нь нэг ёсны мөн чанар болоод төлөвшчихдөг бололтой. Ишш, ёстой нүүрээ ч будаж чадахгүй хүүхэн театрын захирал боллоо гэхэд, хөөх театрын захирал байхын тулд нүүр будгийн хичээлд суух хэрэг үү гэж бодогдож байлаа. Гэхдээ би бас тэнэг хүн биш. Жишээлбэл, шинэ бүтээлийнхээ нээлтэн дээр, алив онцгой арга хэмжээн дээр хэзээ ч косметикгүй, гоёлын хувцасгүй олны өмнө гардаггүй.

- Та театрын удирдлагаар ирснээс хойш чамгүй томилгоо, халаа сэлгээ хийсэн. Нэгэн үе ерөнхий найруулагчгүй, ерөнхий балетмейстргүй, ерөнхий удирдаачгүй театр гэж хүртэл гоочлуулаад авсан. Нөхцөл байдал одоо намжсан уу? 

- Ажил хэвийн явж байна. Хэрвээ нарийн мэргэжлийн асуудал ярьж байвал театр маань ерөнхий найруулагчгүй хэвээрээ байгаа. Сүүлийн 20 жилд найруулагч бэлдэх тал дээр төр засгаас ямар ч бодлого хандуулаагүй юм билээ. Азаар манай нэг дуучин Италид мэргэжлийн найруулагчаар сурч байгаа. Бид хоёр хоёр гурван жилийн дараа юу хийх талаар ч ярьж, төлөвлөчихсөн сууна. Үүнд сэтгэл өег байгаа. Италид дуурийн найруулагчаар төгсөөд ирнэ гэдэг бол аз завшаан.

Сая ОХУ-ын Театр урлагийн их сургуулийг нарийн мэргэжлийн балетмейстрээр төгссөн найруулагчтай болсон. Өмнө нь туслах найруулагчаар ажиллаж байсанажилтан маань, одоо ерөнхий балетмейстрийн ажил хийж байна.

Халаа сэлгээ гэдгийн тухайд ташаа мэдээллүүд их тархсан. Би ажлаа аваад гурав дөрөвхөн л хүн халсан байдаг юм. Үүдэн дээр, улаан цайм касс байхад кассны хажууд билет зараад байсан үзвэрийн үйлчлэгчийг халахаас өөр арга байгаагүй. Угаасаа орон тоо нь байхгүйбайсан нэг хүнийг ажлаас чөлөөлсөн. Ярихад эвгүй ч шударга хэлэхэд ажлын байран дээр өдөр болгон архи уудаг хүнийг халсан. Бусад нь дан тэтгэвэртээ гарсан хүмүүс байсан. Нийт 11 хүн тэтгэвэртээ гарлаа. Энэ бүхэн халаа сэлгээ гэж харагдаад байдаг нь харамсалтай. Театрт залуу шинэ үе хүч түрж байна. Манай оркестрыг хар, балетыг хар, ямар гоё залуучууд байна гээч. Нэг сэтгэлтэй, эрч хүчтэй, гоё залуусын тэмүүлэл энэ театрт давалгаалж байна.

- Хоёулаа баахан урлаг, дуурь балет ярилаа. Уг нь таньтай, хувь хүнтэй чинь бас ойр дотно танилцмаар байдаг. Жишээ нь таны гэр бүлийн статус, хувийн амьдрал гэх мэт.

- Гэр бүлийн статус салсан /инээв/. Хоёр охинтой. Том болсон хоёр сайхан охин байна. Сайхан гэдэг нь шууд болоод жинхэнэ утгаараа. Миссийн тэмцээнд орсон ч гологдохооргүй өндөр, гоолиг охид байна. Нөхөр маань найруулагч мэргэжилтэй хүн байсан, надаас салаад өөр амьдрал зохиосон, одоо гурван ч хүүхэдтэй сайхан амьдарч байгаа. Ингэж онцлоод байгаа нь бас учиртай. Намайг энэ албаа авсны дараа ёстой элдвээр бичсэн, ярьсан. За яахав, чадна, чадахгүй, эсвэл царай муутай, балетчин шиг гоё хүзүүтэй биш гэх мэтээр ёстой есөн шидээр хэлсэн. Яг үнэндээ иймэрхүү ярианд хөх инээд хүрээд л өнгөрч байсан. Харин юунд хамгийн их дургүй хүрсэн гээч. Нэг сайтдээр би хоёр билүү гурван нөхөр үхүүлээд, хоёрыг нь шоронд явуулсан гэж бичсэн байсан. Би энэ яваа насандаа нэг л удаа албан ёсоор нөхөрт гарч үзсэн хүн. Тэр хүн маань одоо бүрэн дүүрэн амьдралтай, сайхан явна. Ёстой дургүй хүрсээн. Би яахав гэхэд ээжид маань хүнд цохилт болсон. Уйлаад л, ингэж гүтгүүлж, доромжлуулан байж наад ажлаа хийх ямар хэрэгтэй юм, өөр ажил хий, тэгээд гэртээ ирэхгүй байсан ч болно гээд л. Би хар залуугаасаа ар гэр, хүүхдүүдээ аав ээждээ даатгаад оройтож харьдаг болохоор тэгж байгаа хэрэг. Эмэгтэй хүний хувьд дургүй хүрсэн зүйл энэ л байсан. Бусад нь бол яах вэ, намайг царай муутай гээд, царайлаг гэж хэлээд ч яах юм. Тэглээ гээд би ямар ээжийнхээ хэвлийгээс дахиад төрчих биш.

- Охид том болсон гэхээр салаад чамгүй удсан байх нь. Дахиж амьдрал зохиох талаар бодохгүй байна уу?

- Дахиж гэрлэе гэж одоогоор лав бодоогүй байна. Хамтран амьдрагч, boyfriend бол бий.

- Boyfriend-тэй байгаа гэдэг ямартай ч сайхан мэдээ. Ингэхэд карьерист эмэгтэйчүүдэд нэг зовлон байдаг нь ихэнх нь гэр бүл эсвэл карьер хоёрынхоо аль нэгийг сонгох шаардлага тулгардаг гэх. Нөхрөөсөө салсны шалтгаан нь магадгүй таны карьерист, удирдах түвшний хүчирхэг зан характертай холбоотой байсан юм биш биз гэж асуух гээд байна л даа.

- Яг л тийм юм болсон. Өөрөөр хэлбэл монгол эрчүүдийн хүлээн зөвшөөрч чаддаггүй зантай холбоотой гэх юм уу. Эхнэр нь өөрөөс нь арай илүү цалинтай байх, өндөр албан тушаалтай байхыг тэд тэвчдэггүй. Бид хоёрын салалтын шалтгаан ч энэ байсан. Сүүлд бас нэг харилцаа маань мөн л ийм үндсэн шалтгаантайгаас хоёр тийш болсон. Би эмэгтэй ч гэлээ хүн, хийх дуртай, хийх ёстой ажлаа хиймээр байна. Намайг энэ хүсэлтэй минь, ажилтай нь хамтад нь хүлээн зөвшөөрөхгүй бол надад хэцүү биз дээ. Ер нь эмэгтэйчүүдийн маш бага хувь нь өндөр албан тушаал, карьерыг хувийн амьдралтайгаа хослуулж чаддаг юм билээ. Дийлэнх нь таны хэлсэн шиг сонголт хийх шаардлагатай болдог. Би дийлэнхийн нэг юм байлгүй, чиглэсэн тодорхой сонголт хийх ёстой болсон. Тэнцвэрийг нь барьж чадаагүй нь миний туршлага дутсаных биз.

- Эхнэрээ өөрөөсөө илүү байхыг хүлээн зөвшөөрч чаддаггүй нь сул дорой эрэгтэйн шинж гэж би хардаг. Та өөрөөсөөхүчтэй хүнийг сонгох ёстой байх?

- Би угаасаа сул дорой эр хүнд дургүй. Одоо үерхдэг залуу маань хүндэтгэл хүлээхүйц хүчтэй хүн.

- Харамсаж явдаг зүйл бий юу?

- Шударга байхаар тохирсон учраас үнэнээ л хэлье. Нөхрөөсөө салсны дараа нэг залуутай гурван жил хамт амьдарлаа. Энэ гурван жилдээ хожим их харамсаж билээ. Би ер нь барагтай юманд харамсаж үзээгүй хүн. Миний л хийсэн сонголт, миний л гаргасан шийдвэр юм чинь, хэнийгээ буруутгаж, юундаа харамсах юм гэж боддог. Гэтэл тэр гурван жилийн хайран гурван жил минь, гучин насны минь өдрүүд шүү дээ гэж боддог. Би лав эмэгтэй хүнд тийм амьдрал хэзээ ч хүсэхгүй ээ.

- Яасан хүнд сонсогдож байнаа, тийм ноцтой юм уу?

- Тэр гурван жилд би хэн бэ гэдэг мөн чанар, өөрийгөө алдсан байхгүй юу. Тэр гурван жилд хэн ч биш болсон. Сэтгэлзүйн хувьд ноцтой гэж болохоор. Нөгөө талаар бодоход энэ бол амьдралын нэг сорилт байсан. Би давж гарсан. Итгэл алдаж үзэх, урам хугарах сорилтуудыг давж гарсан хойноо би их том хатуужил, сургуультай болсон байсан. Тэр утгаар нь бодвол бас харамсал биш ч юм шиг.

- Хэдий карьерист, хүчирхэг хүүхэн байлаа ч амьдралын орон зайд эр хүн, эр нөхрийн түшиг тулгуур, нөмөр нөөлөг чухал. Та түүнийг хангалттай авч чадаж байна уу?

- /инээгээд/ Өөрийнхөө хүссэн хэмжээнд л авч байгаа. Үүнээс илүү байлгах цаг одоохондоо алга. Өгч байж авдаг зүй тогтлыг би мэддэг учраас үүнээс илүүг хүсэж чадахгүй. Товчхондоо яг одоо үсэрч гараад хүний эхнэр болох хэмжээний цаг зав, боломж надад одоохондоо байхгүй.

- Танд ямар авьяас хамгийн ихээр дутагддаг вэ?

- Дуулж, бүжиглэх авьяас.

- Нэгэнт театрын даргатай уулзсаных нэг зүйлийг бүр асуумаар санагдлаа. Энэ жил Монголын сонгодгууд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан жил байлаа гэж болно. Тодруулбал, Амартүвшин, Ариунбаатар хоёрын тухай яриад байгаа хэрэг. Амартүвшингийн оролцсон Cardiff singer of the world бол дуурийн дуучдын хувьд чансаагаараа №1 конкурс. Спортоор бол олимпийн олимп гэсэн үг. Харин Чайковскийн уралдаан бол хэдий дуурийн дуучдын хувьд олмип ч гэлээ чансаагаараа Cardiff singer of the world-ын дараа жагсана. Өөрөөр хэлбэл ердөө ганц байртай Cardiff singer of the world-д оролцож нэрэмжит шагнал хүртсэн Амартүвшин, Чайковскийд оролцож түрүүлсэн Ариунбаатараас илүү биш гэхэд эн тэнцэх хэмжээний амжилт, алдар хүндийг эх орондоо авчирсан гэсэн үг. Гэтэл төр засаг Ариунбаатарт 90 сая, Амартүвшинд 20 сая төгрөгийн шагнал өгсөн. Яагаад вэ?

- Чиглэсэн яамгүйдээ ч тэр үү, урд өмнө нь энэ тал дээр анхаарал тавьж байгаагүйтэй холбоотой гэж бодож байгаа. Манайхан олон улсын чанартай уралдаануудад 2000-аад оноос хойш оролцож эхэлсэн. Гэтэл тэр уралдаануудыг эрэмбэлж, шагнах журам нь тэртээ өнгөрсөн зууны жишгээр буюу аль дал, наяад онд гарсан үеийнхээрээ байгаад байдаг. Түүнээс хойш дэлхий яаж өөрчлөгдөж, даяаршиж байгаа билээ. Жишээ нь Чайковскийн уралдааны тухайд социалист системийн улс орнуудад түгээмэл тархаад, тэр утгаараа манайд ч өндөр нэр хүндтэй байгаад байдаг. Тэр жишгээр үнэлэгдчихсэн хэрэг. Одоо миний хамгийн их зүтгэж, хийх гээд байгаа юмны нэг нь наадах чинь. Өөрөөр хэлбэл дэлхийн А, Б зэрэглэлийн уралдаануудыг зөв жишгээр гаргаж, шагнал урамшуулал нь зөв олгогдох ёстой. Одоо үйлчилж байгаа журмаар бол Амартүвшингийн оролцсон Кардиф байхгүй, Доминго ч байдаггүй. Үүн дээр 2013, 14 оноос хойш судалгаа хийгээд саналаа өгчихсөн байгаа. Дуурийн хувьд А зэрэглэлийн хоёр, Б зэрэглэлийн дөрөв, балетын тухайд А зэрэглэлийн хоёр, Б зэрэглэлийн хоёр уралдааныг эрэмбэлж, шагнал урамшууллын системийг нь шинэчилж тогтоож өгөөч гэдэг саналаа тавьчихсан байна.

Манай Амартүвшингийн хувьд бас нэг онцгой амжилттай хүн ш дээ. Дэлхийн топ дөрвөн уралдаанаас дөрвүүлэнгээс нь шагнал авсан ганц дуучин. Энэ бол тогтвортой амжилт. Энэ дуучин үнэхээр сайн гэдгийн нотолгоо.

- Нэгэнт ийм байхад Амартүвшингийнхээ араас лобби хийх боломжгүй байсан гэж үү?

- Хийлгүй яахав. Жишээлбэл тэр шагналаас гадна АЖ цолны талаар бид зөндөө ярьж байна, уулзаж байна. Гэхдээ эцсийн эцэст төрийн ажил бол тушаал, тогтоол дүрмээрээ явдаг. Гогцоо нь үүндээ л байна. Энэ нь Амараад маань хохиролтой туссан. Манай театрын зүгээс энэ судалгааг 2013 оноос дээшээ өгч, шаардсан. Харамсалтай нь тусгагдаагүй. Засгийн газар тэр тогтоолоо зайлшгүй эргэж харах шаардлагатай.

- Дараахан нь У.Далантай гавьяат бас хэсэг “бужигнуулсан”. Тэртухайд? 

- Далантай гавьяатын хувьд Красноярскт болсон уралдаанаас Гран При авсан байдаг. Миний мэдэж байгаагаар тэр нь Чайковский ч юмуу Кардиффтай харьцуулахаар А, Б зэрэглэлийн уралдаан биш байсан гэж ойлгосон.

- Театр сая шинэ уран бүтээлийн жилийнхээ нээлтийг хийлээ. Шинэ улиралд ямар шинэ уран бүтээл дээр ажиллах вэ?

- Аравдугаар сарын 2,3-нд театрын маань 53 дахь улирлын нээлт боллоо. Энэ жил “Аида”, “Хунт нуур”-аар нээлтээ хийсэн. Одоо Италийн алдарт хөгжмийн зохиолч Гаетано Донециттийн “Лучиа ди Ламмермур” дуурийг шинээр тавихаар бэлтгэж байна. Томоохон классик дууриудын ягөмнө хийгдсэн маш уянгалаг, хөгжимлөг дуурь. Энэ дуурь тавигдсанаар хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт урын сан баяжиж байна. Хоёрдугаарт, Доницеттийн бүтээл манай урын санд урд өмнө огт байгаагүй. Доницеттийг тавьснаар манайх дэлхийн топ 10 дуурийн хөгжмийн зохиолчийн9-ийнх ньуран бүтээлийг тавьж байгаа гэсэн үг. Одоо топ 10 хөгжмийн зохиолчоос ганцхан Вагнер л үлдэж байна.

Цаашилбал, 12-р сард симфони найрал хөгжмөө бүрэн бүрэлдэхүүнээр нь Солонгос руу авч явах гэж байна. Арав гаруй хоногийн аялан тоглолттой. Тэнд энэ дуурийг манай оркестр тоглоно. Дараа нь “Гүнгэрийн гүнж” гээд монгол дуурь тавина. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Нацагдорж агсны сүүлийн бүтээл. Он цагийн тухайд Хүннүгийн үед хамрагдах, Хятадын гүнж Монголд ирж амьдарсан тухай бүтээл. Мөн бас хүүхдэд зориулсан балет байна. Монголын хамгийн анхны балет “Бахчисарайн оргилолт булаг”-ийн 60 жил тохионо, төрсөн өдрийг нь тэмдэглэнэ гэх мэт шинэ улиралд олон өвөрмөц тоглолтуудыг төлөвлөчихсөн байна. Нийт 80 тоглолтоор үзэгчдэд үйлчлэхэд бэлэн байна.

ЯРИЛЦСАН М.УРАНЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна