Л.Эрдэнэчимэг: Нэг хүүхдэд 116 мянгыг зарцуулна

2015 оны 12 сарын 22

Сэтгүүлч:
Улаанбаатар

Ирэх 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн бэлтгэл ажил хэр байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх сараас хэрэгжиж эхлэх гэж байна. Хуулийн хэрэгжилтэд нийт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Бид төсөв хэлэлцэх үеэр нэлээд сайн хөөцөлдсөний хүчинд 10 тэрбум төгрөг батлуулсан. Хэдийгээр хангалттай мөнгө биш ч гэсэн 2016 ондоо 10 мянган хүүхдийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.

-Хүүхэд харах үйлчилгээнд нэг хүүхдэд өгөх мөнгийг хэдэн төгрөгөөр тооцсон юм бол?

-Улсын төсвөөс баталсан мөнгөөр нэг хүүхдэд сард 116 мянган төгрөг олгохоор журам батлагдсан. Тэгэхээр таван хүүхэд харж байгаа нэг иргэн улсаас 560 мянган төгрөг авна. Дээрээс нь эцэг, эхчүүдээс авах төлбөрийг журамласан байгаа. Тодруулбал, улсаас авч байгаа мөнгөний 60 хувиас хэтрүүлэхгүйгээр төлбөр авна гэж заасан. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд дунджаар 60 мянга орчим төгрөг нэмж төлж болно.

-Арван мянган хүүхдээ яаж сонгож, Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах вэ. Хуульд үүнээс олон хүүхэд хамрагдах судалгаа байсан?

-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 60 мянга орчим хүүхдээс 10 мянгыг нь хамруулна гэхээр квот тогтоох шаардлагатай болж байгаа. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 9 мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Тэгэхээр тухайн аймаг, дүүргийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоонд нь тэгш хуваагаад тодорхой квотуудыг олгоно.

-Хууль хэрэгжиж эхэлснээр хэдэн ажлын байр бий болох вэ?

-Улсаас төсөвлөсөн 10 тэрбум төгрөгт хоёр мянган шинэ ажлын байр бий болно. Энэ үйлчилгээ эрхэлж байгаа шинэ ажлын байр бүрт 400-450 мянган төгрөгийн цалин олгох боломжтой.

-Хуулийн дагуу хүүхэд харах багшийн насыг хэд байхаар тогтсон бэ?

-18-65 хүртэлх насны гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бүрэн дунд боловсролтой, эрүүл иргэн багшилна гэж заасан байгаа.

-Нэг иргэн дээд тал нь хэдэн хүүхэд харж болох вэ?

-Хуулийн дагуу нэг иргэн таван хүүхэд авч болно. Харин хоёр хүн нийлж ажиллах юм бол 10 хүүхэд авна. Гэхдээ 10-аас илүү хүүхэд авч болохгүй гэж заасан байгаа. Тэгэхээр хоёр багштай, 10 хүүхэдтэй Хүүхэд харах төв нэг байж болно гэсэн үг.

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх объектод ямар шаардлага тавих вэ. Жишээ нь, хүүхдийн аюулгүй байдлыг бодоод заавал камержуулсан байх ёстой гэсэн шаардлага байгаа юу?

-Объектод тодорхой хэмжээний шаардлага тавина. Гэхдээ хэтэрхий чанга шаардлага тавьж чадахгүй. Жишээ нь, ямар ч дэд бүтэцгүй газар боловсон ариун цэврийн өрөөтэй бай гэж хэлж чадахгүй шүү дээ. Тийм газар камержуулах асуудал бол бас л хүнд. Тэгэхээр эцэг, эхчүүд хяналтын үүргээ хариуцах ёстой. Эцэг, эхчүүд өөрсдөө л хамгийн дотно хүндээ хүүхдээ өгч харуулна гэсэн үг. Би эцэг, эхчүүдийг огт танихгүй хүнд хүүхдээ шууд аваачаад өгчихгүй байх гэж бодож байна. Ядаж л хажуу хашааны таньдаг хүн, эсвэл орцны чинь эмээ Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байвал тэнд өгч болно шүү дээ. Тэнд л хяналтаа тавина гэсэн үг.

-Сургагч багш нарын сургалт эхэлж байгаа гэсэн?

-Өчигдөр өглөөний 09:00 цагаас эхлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд сургагч багш нарын сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаа. Бүх аймгаас сургагч багш нар ирчихсэн 300 гаруй хүнтэй сургалт эхэлж байна. Энэ багш нарт гурав хоногийн турш сургалт явуулж бүрэн мэдээллийг нь өгнө. Багш нар маань орон нутагтаа очингуутаа Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа хүмүүсээ бүртгээд сургах юм. Тэр сургалт нь долоо хоног орчим байна. Журам, стандарт, сургалтын хөтөлбөр батлагдчихсан. Эхний Хүүхэд харах үйлчилгээ хоёрдугаар сарын дундуур гэхэд эхэлчих байх гэж бодож байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна