2015 онд Гүүглээс хамгийн их “хайсан” зүйлс

2015 оны 12 сарын 22

Хайлтын аварга Гүүгл компани жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс интернэт хэрэглэгчдийн хамгийн их хайсан мэдээллийн жагсаалтыг гаргадаг билээ. Интернэт хэрэглэгчид заримдаа итгэмээргүй зүйл хайж байдгийг энэ жагсаалт харуулдаг. Мөн тухайн жилийн онцлох үйл явдлууд жагсаалтад багтдаг байна. Гүүгл компани энэ удаа ч мөн энэ онд хайлтын системээр хамгийн их хайсан мэдээллийн жагсаалтыг гаргажээ. Уншигчдад сонирхуулахад Гүүглээр өдөр тутам 3.5 сая хайлт хийгддэг бөгөөд энэ тоо жилд дунджаар 1.2 их наяд болдог байна. Ингээд Гүүглийн асар их мэдээллийн сангаас хамгийн их хайсан мэдээллүүдийг хүргэж байна.

Энэ жагсаалтанд багтсан үйл явдал, алдартнуудад тохиолдсон зүйлс, амжилт уналт бүхэн танд энэ онд чухам юу юу болж өнгөрснийг эргэн сануулах буй заа.

1.Ламар Одом

Ламар Жозеф Одом бол (1979 оны арваннэгдүгээр сарын 6-нд төрсөн) Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин асан. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) Лос Анжелес Лейкерс багт тоглож байсан Ламар Одом 2009, 2010 онд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) аваргаар шалгарч байжээ. 2011 онд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны оны шилдэг тамирчдын зургадугаарт эрэмбэлэгдэж байв. 2015 онд Ламар Одом Гүүглээс хамгийн их хайсан хүн болсон байна.

2. Чарли Эбдо

Францын долоо хоног тутмын шог сэтгүүл Чарли Эбдогийн Парис дах редакцийн төв байр руу өнгөрсөн нэгдүгээр сард алан хядагч ИУ бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд халдан орж, редакцийн 12 хүнийг хөнөөсний дараа уг сэтгүүлийн газарт чухам юу болсон тухай мэдээллүүдийг Гүүгл олон хүнд хайж олж өгсөн юм. Чарли Эбдо сэтгүүлийн редактор, зураачид алан хядагчдын гарт амиа алдсан нь цахим ертөнцөд #JeSuisCharlie хөдөлгөөнийг эхлүүлсэн.

3.Agar.io

Ийм аппликэйшн Гүүглийн хамгийн их хайсан мэдээллийн жагсаалтад орсон нь гэнэтийн зүйл байв. Agar.io бол асар өргөн хүрээтэй, олон тоглогчтой цахим тоглоом юм. Тоглоомын дүрэм бол замдаа таарсан цэлцэгнүүрийг залгих замаар аль болох том цэлцэгнүүр үүсгэх. Гэхдээ өөр том цэлцэгнүүрт залгиулахгүй байх ёстой. Тоглоомын нэрийг бактери үржүүлэгч цэлцэгнүүрээс бодож олжээ.

4.”Юри галавын ертөнц”

“Юри галавын ертөнц” бол Америкийн шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт уран сайхны кино. Үзэгчдийн үзэх дуртай “Юри галавын цэцэрлэг”киноны дөрөвдэх цуврал юм.

Киноны зохиолыг Колин Треворроу бичиж, найруулсан бөгөөд гол дүрд нь Крис Прэт, Брайс Даллас Ховард нар тоглосон юм.

“Юри галавын ертөнц” кино 2015 оны зургадугаар сарын 10-нд дэлхийн 60 гаруй оронд нээлтээ хийсэн. Кино эвлүүлгийн эффект, зураг авалт, хөгжим зэргээрээ кино шүүмжлэгчдээс гайгүй үнэлгээ авсан боловч дууны найруулга, киноны зохиол нь муу гэж гологдсон билээ. Амралтын өдөр нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар 500 сая ам.долларын ашиг олсон бөгөөд кино театруудаас олсон орлого нь 1.6 тэрбум ам.долларт хүрч, 2015 оны хамгийн их ашиг олсон кино болж, бүх цаг үеийн хамгийн ашигтай кинонуудын гуравдугаарт бичигдсэн.

5.Парис

Парис хот 2015 оны арваннэгдүгээр сард болсон эмгэнэлт үйл явдлын дараа Гүүгл хайлтын системд гарч ирсэн “шинэ үг” болсон юм. 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны орой Францын зүрх гэгддэг Парис хотын хойд захад зохион байгуулалттай хэд хэдэн удаагийн халдлага гарсан билээ. Оройн 21:20 цагийн орчим амиа золиослогч гурван этгээд Сэйнт Дэнис дэх Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд бөмбөг дэлбэлсний дараа зэргэлдээх кафе, ресторанууд болон хөгжмийн наадам болж байсан газар бөмбөг дэлбэрч, гал нээсэн. Халдлагыг алан хядагч ИУ бүлэглэл үйлдсэн бөгөөд Францын агаарын хүчин Сири, Иракт цохилт өгсөний хариу гэж мэдэгдсэн юм. Арваннэгдүгээр сарын 18-нд дээрх халдлагыг зохион байгуулж, удирдан явуулсан Абдельхамид Абаауд Сэйнт Дэнис дэх цагдаагийн тусгай ажиллагааны үеэр өөр хоёр алан хядагч этгээдийн хамт амиа алдсан билээ.

6.”Галзуу хурд-7”

“Галзуу хурд-7” бол Крис Морган кино зохиолыг нь бичиж, Жеймс Ван найруулсан Америкийн тулаант кино. Киноны гол дүрүүдэд жүжигчин Вин Дизел, Пол Уокер, Дуэйн Жонсон, Мишел Родригез, Тирис Гибсон, Крис Лудакрис Брижес, Жордана Брюстер, Курт Рассел болон Жэйсон Стэтхэм нар тоглосон юм.

“Галзуу хурд-7” кино 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд Лос Анжелест нээлтээ хийж, маргааш нь Австралид, дараа нь АНУ-д гарч эхэлсэн билээ. Кино нээлтээ хийснээс хойш тав хоногийн дотор 397.6 сая ам.долларын ашиг олж, нээлтээсээ хамгийн их ашиг олсон кино болсон юм. Дэлхий даяар 1.5 тэрбум ам.долларын ашиг олж, 12 хоногийн дотор хамгийн их ашиг авчирсан, мөн 2015 оны хамгийн ашигтай киноны хоёрдугаарт бичигдсэн.

7.”Хаягдал 4”

”Хаягдал 4” бол “Bethesda Game Studios”-ийн хөгжүүлж, “Bethesda Softworks”-оос гаргасан видео тоглоом. Цөмийн дайнаас хойш 100 жилийн дараах Бостоны тухай “Хаягдал” цуврал тоглоомын тав дах бүтээл 2015 оны арваннэгдүгээр сарын 10-нд Microsoft Windows, PlayStation 4, болон Xbox One-д зориулж худалдаанд гаргасан.


“Хаягдал4” цуврал нь контент ихтэй, санаа, хийц, дүрүүд болон саундтрак нь маш сайн болсноос гадна тоглогчид олон боломж нээж өгсөн гэж шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Гэвч тоглоомын зарим эффектүүд болон техникийн зарим асуудал нь шүүмжлэл дагуулсан байна.

8.Ронда Роузи

Ронда Роузи (1987 оны хоёрдугаар сарын 1-нд төрсөн) бол Америкийн холимог тулааны тамирчин, жудоч, бас жүжигчин. Холимог тулааны эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга Ронда Роузи өнгөрсөн арваннэгдүгээр сард Америкийн холимог тулааны тамирчин Холли Холмд ялагдаж, аваргын бүсээ алдсан.

2015 оны тавдугаар сард хоёр сэтгүүл Ронда Роузиг рингэн дээрх хамгийн идэвхитэй дийлдэшгүй тамирчин гэж тодорхойлж байв. Тэрбээр мөн ESPN санал асуулгаар Хамгийн шилдэг эмэгтэй тамирчин гэж нэрлэгдсэн. Ронда Роузи 2015 оны есдүгээр сард Эллен Де Женересийн шоунд оролцохдоо өөрийгөө UFC-гийн хамгийн их орлоготой тамирчин гэж хэлсэн байдаг. Тэрбээр спортоос гадна урлагийн карьер хөөж байгаа бөгөөд 2014 онд “The Expendables 3” кинонд тоглосон юм. 2015 онд тэрбээр мөн “Галзуу хурд 7” болон “Entourage” хэмээх киноны дүрд тоглосон байна.

9.Кейтлин Женнер

Кейтлин Дженнер (1949 оны аравдугаар сарын 28-нд төрсөн) жинхэнэ нэр нь Брюс Женнер бол Америкийн телевизийн од, 1976 оны Олимпийн аварга билээ.

Кэйтлин Женнер 2015 оны дөрөвдүгээр сард өөрийгөө хүйсээ сольсон эмэгтэй хүн /транс эмэгтэй/ гэж зарласнаар бүгдийн танил болсон билээ. Тэрбээр 2015 оны долдугаар сард эцэг эхээс өгсөн Брюс хэмээх нэрээ Кейтлин болгон өөрчилж, “Vanity Fair” сэтгүүлийн нүүрэнд зургаа тавьсан юм. Гэвч түүний нэр, хүйсээ сольсон нь 2015 оны есдүгээр сард л албан ёсны болсон байна. Кейтлин хүйсээ сольсон тухайгаа “Би өөрийнхөөрөө амьдрах гэж олон жил тэмцсэний эцэст өөрийгөө танилаа. Одоо л би аз жаргалыг мэдэрч байна” хэмээн ярьсан юм. “Тайм”сэтгүүл олон нийтийн санал асуулгаар түүнийг оны хүнд нэр дэвшүүлсэн билээ. Кейтлин Женнер бол трансжендер хүмүүсээс хамгийн алдартай нь билээ.

10.”Америкийн мэргэн бууч”

“Америкийн мэргэн бууч” бол Жэсон Холл зохиолыг нь бичиж, Клинт Ийствүүд найруулсан Америкийн дайны тухай кино юм. Кино зохиолыг Америкийн армийн түүхэн дэх хамгийн өршөөлгүй мэргэн буучийн тухай дурсамжаас сэдэвлэн бичсэн юм.

“Америкийн мэргэн бууч” киног 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд Америкийн киноны институтын наадам дээр анх толилуулсан. Харин 2015 оны нэгдүгээр сарын 16-нд АНУ-ын кино театруудад нээлтээ хийсэн билээ. АНУ-д 2014 онд хамгийн их ашиг олсон кино (350 сая ам.доллар) болж , 2015 онд дэлхий даяар 547 сая ам.долларын ашиг олж, Клинт Ийствүүдийн хамгийн их ашиг олсон, амжилттай кино болсон юм.

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна