Энхийг сахиулагчдыг шагналаа

2015 оны 12 сарын 22

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн.

Тэдэнд төрийн төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, болон ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

“Энхийн төлөө ” медалиар 4, “Афганистанд энхийн төлөө I ” хүндэт тэмдгээр 92, “Афганистанд энхийн төлөө II ” хүндэт тэмдгээр 22, “Дайчин алдар I ” медалиар 1, “Дайчин алдар II ” медалиар 2, “Дайчин алдар III ” медалиар 2, “Эх орны төлөө I ” хүндэт тэмдгээр 1, “Эх орны төлөө II ” хүндэт тэмдгээр 2, “Эх орны төлөө III ” хүндэт тэмдгээр 5 цэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа.

Дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн эвслийн Улс орнууд, түүний дотроос ХБНГУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран үүргээ амжилттай биелүүлсэн байна. Тэд 6 сарын хугацаанд Умард бүсийн командлалын Мармал баазын Шалган нэвтрүүлэх байруудын хамгаалалтын аюулгүй байдлыг хангажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна