Сонгуулийн хуулиар тохиролцоонд хүрчээ

2015 оны 12 сарын 22

Сонгуулийн хууль боловсруулах ажлын хэсэг хуралдаж намын бүлгүүд тохиролцоонд хүрч чадсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Бакей нараас тодрууллаа.

-Танай намын бүлэг Сонгуулийн хуультай холбоотойгоор “ажил хаялт” зарласан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр намын дарга нар уулзаж Сонгуулийн хууль дээр тохиролцоонд хүрсэн гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийг хэзээ мөдгүй хэлэлцэж батлах юм байна гэж ойлгож болох уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: -Ойрын үед батлагдах байлгүй дээ. Оноос өмнө Сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах хуулийн хугацаатай. Энэ хугацаандаа амжиж байх гэж найдаж байна.

-МАН-ын зүгээс баримталж байсан байр сууриа бататгаж чадсан уу?

-Зөвхөн манай намын зүгээс гэж хэлж болохгүй. Парламентад суудалтай, суудалгүй 20 орчим нам хяналтын тооллогыг гараар хийх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Иргэд ч энэ эргэлзээг тайлах ёстой гэж үзэж байна. Тиймээс ямар ч байсан нийт тойргийн 50 орчим хувьд хяналтын тооллого хийнэ гэсэн тохиролцоонд хүрээд явж байна. Мөн сонгууль явуулахдаа бүсчлэх асуудал яригдсан.

-Бүсчилсэн хэлбэрээр сонгууль явагдана гэлээ. Яаж хуваах юм бэ?

-Одоохондоо Монгол Улс таван бүстэй байна гэж л ярьсан.

-Жагсаалтаар орж ирдэг 28 гишүүнийг хэрхэн зохицуулах вэ?

-28 нь бүсдээ хуваагдах байлгүй дээ.

-Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах уу?

-Тийм зүйл яригдаагүй.

-Сонгуулийн тухай хууль дээр ямар тохиролцоонд хүрсэн бэ?

УИХ-ын гишүүн А.Бакей: -Байнгын хороо хуралдаж байж асуудлаа ярина. Зарим нэг гол гол асуудлууд дээр санал хураалт явагдаж байна. Жишээ нь, санал тоолох төхөөрөмжийн техникийн хяналтын тооллогыг хэсгийн хороодын 50 хүртлэх хувьд дээр тоолох боломжтой гэж үзэж байгаа. Тогтолцоогоороо бол 28-ыг бүсчилсэн байдлаар гэж яригдаж байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна