Харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө

2015 оны 12 сарын 22

 

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан өнөөдөр яамны харьяа байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө. Уулзалтын үеэр БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар "2016 онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа тодорхой болгож албажуулах хэрэгтэй. Шилэн дансны хуулиа сайн мөрдөж, нууцад хамаарахаас бусад асуудлын хуулийн хугацаанд үнэн зөвөөр тогтмол мэдээллэ. Байгууллагынхаа өр, авлагын асуудлыг шийдвэрлэж цэгцлэ. Түүнээс гадна байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ алба хаагч, ажилчдынхаа аюулгүй байдлыг сайтар анхаарах ёстой. 2016 оны Үр дүнгийн гэрээ байгуулна. Үүндээ анхаарч ажиллаарай" гэсэн бол яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр батлан хамгаалах салбарт өрнөж буй эрх зүйн шинэчлэл болоод УИХ, Засгаар шийдүүлсэн асуудлынхаа талаар товч мэдээлэл өглөө. Г.Сайханбаяр "2015 онд бид бүхэн Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгээ шинэчлэн батлуулж чадлаа. Баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан. Энэ хүрээнд бид Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна. Мэдээж энэ хуулиудад бүтцийн болон агуулгын томоохон өөрчлөлтүүд орж байгаа. Түүнээс гадна БХИС-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчилсэн. Батлан хамгаалах салбарыг орон нутагт хэрэгжүүлэх цэргийн штабуудын удирдлагуудыг улс төрөөс хараат байдлаар томилдог асуудал бүр зогссон. Тодруулбал, аймгийн удирдлагуудад цэргийн штабын даргаар томилох хүнээ асууж тодруулдаг байдал арилсан. Харин мэргэжил, ур чадвараар нь сонгож томилдог болсон гэв. Түүнчлэн Засгийн газраас хэд, хэдэн Зэвсэгт хүчний анги байгуулах тухай шийдвэр гаргуулсан тухай ярилаа. Эцэст нь Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан байгууллагын удирдлагуудад хандаж эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ үр бүтээлдээ байж, сайн удирдагч болж өсч дэвшин ажиллахыг хүссэн юм.