Хар хайрцгийн мэдээллийг уншиж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Хар хайрцгийн мэдээллийг уншиж чадсангүй

 

Туркийн армийн сөнөөсөн Оросын СУ-24 онгоцны хар хайрцгийг өнгөрсөн баасан гаригт олон улсын мэргэжилтнүүдийг байлцуулан задалсан билээ. Гэвч хар хайрцгийн мэдээлэл хадгалагч чипүүд гэмтсэнээс онгоцны нислэгийн мэдээллийг уншиж чадаагүй байна. Энэ тухай ОХУ-ын зэвсэгт хүчний нислэгийн аюулгүй байдлыг хариуцсан газрын дарга Сергей Байнетов мэдээлэв. Байлдааны онгоцны хар хайрцгийн мэдээлэл хадгалагч 16 жижиг чипийн 13 нь устаж, үлдсэн гурав нь гэмтсэн байгаа аж. ОХУ-ын нисэх хүчнийхэн СУ-24 онгоцны хар хайрцгийг нээж байгааг үндэсний телевизээр шууд дамжуулсан бөгөөд Их Британи, Хятад, АНУ-ын мэргэжилтнүүдийг байлцуулжээ.

 

СУ-24 онгоц өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн хойд хэсэгт исламын хэт даврагчдын нефтийн цувааг бөмбөгдөөд буцаж явахад нь Туркийн талаас гал нээж сөнөөсөн билээ. Оросын байлдааны онгоц Туркийн агаарын хилийг нэвтэрч, сануулгыг үл ойшоосон тул гал нээхээс өөр аргагүй байсан хэмээн Анкара тайлбарлаж буй. Харин Москва үүнийг эрс няцааж, Турк Оросын онгоцыг сөнөөхөөр урьдаас төлөвлөсөн хэмээн хардаж байна. Энэ хэрэг ОХУ Туркийн хооронд маргаан дэгдээж, үл ойлголцол үүсгэжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж