Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

2015 оны 12 сарын 22

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийн хэлэлцэн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжив. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Байнгын хорооны гишүүдэд хуулийн төслүүдийн талаар танилцууллаа. Хууль санаачлагчийн танилцуулснаар уг хуулиудын төсөлд Үндсэн хуульд заагдсан Цэцийн “ил тод байх”, маргаан хянан шийдвэрлэхдээ “төвийг сахисан байрь сууринаас хандах” зарчмуудыг нарийвчлан зохицуулсны зэрэгцээ Цэцийн гишүүн тусгайлсан санал бичих эрхтэй байх, түүнийг нь Цэцийн шийдвэрт хавсаргадаг байх, Үндсэн хуулийн Цэцэд шүүхэд тавигддаг стандартуудыг тавьдаг байх, Цэцийн гишүүний насыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Хэдийгээр Үндсэн хуульд “Цэц ил тод, төвийг сахисан байна” гэж заасан ч өнөөдөр Цэц Үндсэн хуулиас өөрөөс нь давсан журам батлан хэрэгжүүлж эхэлсэн, маргаанд оролцогчдын аль нэг талтай урьдчилан тохиролцох байдлаар Цэцийн хуралдаанаас өмнө шийдвэрээ гаргасан байдаг гэнэ. Нөгөө талаас Цэцийн гишүүд эрх тэгш бус байгаа учраас Цэцийн гишүүн тусгайлсан санал бичих /олонхийн шийдвэрээс зөрүүтэй саналтай бол энэ тухайгаа хуралдааны шийдвэрт тэмдэглүүлэх/ эрхтэй байх гэх мэт өөрчлөлтийг оруулж байгаа юм байна. Мөн түүнчлэн Цэц өөрийгөө Үндсэн хуулийн шүүх гэж нэрлэж байгаа тохиолдолд шүүхэд тавигддаг стандартуудыг ч мөрдөх ёстой гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийн төсөлд тусгасан бусад саналуудыг дэмжиж болох ч Цэцийн гишүүдийн насыг хязгаарлана гэсэн нь одоогийн Цэцийн бүрэлдэхүүнийг өөрчлөх гэсэн тооцоо явж байна. Яаруу давчуу өргөн бариад Засгийн газраар дэмжүүлээд ороод ирсэн юм чинь цаана нь заавал нэг тооцоо байж таарна” хэмээн хардав. Хариуд нь Х.Тэмүүжин гишүүн “Энэ бол босон суун долоо хоногт биччихсэн хууль биш. Миний Үндсэн хуулийн эрх зүйгээр хийсэн 20 жилийн судалгааны үр дүн, хуульчийн мэргэжлийн нэр хүндтэй холбоотой асуудал. Өмнө нь Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга байдлаар боловсруулсан байсан ч нэг удаа Засгийн газар буцаасан, нэг удаа Ерөнхийлөгч хойшлуулсан. Одоо арга буюу хуулиа бүтнээр нь боломжгүй учраас нэн даруй өөрчлөх шаардлагатай таван зүйлийг л тусгасан байгаа” гэсэн юм.

Байнгын хорооны бусад гишүүд ч бас “Цэцийн гишүүний настай холбоотой заалтыг одоогийн гишүүд буюу хүнтэй холбож улс төржүүлэх нь буруу. Энэ улс төржилтөөс чинь болоод зарчмын асуудлууд ард нь унаад байна” гэснээр Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанд оруулахаар болов.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна