Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

2015 оны 12 сарын 22

Хууль зүйн байнгын хороогоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдлаа. Тус байнгын хорооны гишүүд 82,4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан томилогдлоо.

Байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асуусан юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийздвэрлэх тухай хууль үйлчилж эхлээд 10 гаруй жил болж байна. Тухайн үед Германы туршлага нэвтрүүлсэн гэж хэлэгдэж байсан гайгүй хуулиудын нэг. Гэтэл шинэчилсэн найруулгын төслөөр бие даасан хууль болж орж ирж байгаагийн бодит шаардлага нь юу вэ? гэсэн асуултанд

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь хариуллаа. Тэрбээр “Энэ хууль 10 жилийн турш хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд хуулийг өөрчлөх олон шаардлага гарч байсан. Тухай үед хуулийг батлахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас иш татсан байдлаар бүтээсэн. Үндсэндээ одоо үйлчилж байгаа энэ хуулийн 65 зүйн анги Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас иш татсан байдалтай явж байна. Өөрөөр хэлбэл дангаараар бие даасан хууль болж чадахгүй байгаа юм. Тиймээс хэрэг маргааны онцлогт тохирсон, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах байдлыг нээх байдлаар, сонгууль, тендерийн маргаануудыг хялбаршуулж шийддэг байхаар өөрчлөлт хийсэн. Гэтэл хуулийн 50-аас дээш хувьд өөрчлөлт орсон. Тиймээс энэ хуулийг иргэний процессоос салгаж шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэллээ. Тэрбээр “Хоёр гурван зүйлийг энэ шинэчилсэн найруулгын төсөлд байна уу үгүй юу гэж би харлаа. Үнэхээр захиргааны шүүхийн асуудлыг илүү өргөн хүрээний болгож зохицуулах шаардлагатай байсан. Энэ шаардлагыг хангасан байна гэж харлаа. Мөн нийтийн эрх ашгийн үүднээс төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд захиргааны шүүхэд маргаан үүсгэх бололцоо боломжыг илүүтэй нээж өгч байна гэж харж байна. Энэ бол НҮБ-аас Монгол Улсад тавьж байгаа шаардлага. Энэ шаардлагыг биелүүлж өгсөн байна. Үүнээс гадна Захиргааны хэргийн шийдвэрийн биелэлт зарим тохиолдолд хангалтгүй байдаг. Энэ шийдвэрийн биелэлтийг сайжруулах чиглэлээр тодорхой өөрчлөлт орж ирж байна. Ерөнхийдөө том есөн өөрчлөлт орж ирж байна. Гарах ёстой хууль. Шаардлага гарвал ажлын хэсгийг ахлаад ажиллахад бэлэн байна” хэмээн санал тавьсан.

Энэ саналыг байнгын хорооны гишүүд хүлээж авч, Ж.Батзандан гишүүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар томилсон юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна