Анагаахын сургууль эмнэлэгтэй болно

2015 оны 12 сарын 22

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/ сургалтын эмнэлэгтэй болох гэж байна. Энэ хүрээнд өнөөдөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих Анагаахын сургуулийн эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа.

Их сургуулийн сургалтын эмнэлэг барьж өгөх төслийг 2010 оноос боловсруулж, БСШУЯ, тухайн үеийн ЭМЯ-ныхан хамтран 2012 онд Японы талд хүргүүлж байжээ. Ингээд 2013 оны есдүгээр сард Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд найман га газрыг гаргасан байна. Энэ хугацаанд сургалтын эмнэлэг байгуулах судалгааг Япон, Монголын тал хамтран хийжээ. Ингээд өнөөдөр сургалтын эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр талууд санамж бичиг байгуулсан юм. Эмнэлгийн барилгыг гүйцэтгэхээр “Канто констракшн” компани шалгарчээ. Барилгын ажлыг ирэх онд эхлүүлж, 2018 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Их сургуулийн эмнэлэгт 150 ор, дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, гэмтэл согог, мэдрэл, яаралтай тусламж үзүүлэх клиник байгуулахаар төлөвлөжээ. Гол нь эмнэлгийн салбарынхан гэдэг өндөр хариуцлагатай. Тиймээс их, дээд сургуулиа төгссөний дараах сургалтын чанарыг сайжруулах үүднээс ийнхүү эмнэлэгтэй болгож байгаа юм. Харин энэ эмнэлэг нь Баянзүрх дүүргийн иргэдээс гадна нийслэл, цаашлаад улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм байна.

Гол нь энэ бол зүгээр нэг барилга биш, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол Улсад бий болгож буйгаараа ач холбогдолтой гэдгийг салбарынхан онцоллоо.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна