Путин дэлхийн лидер мөн үү?

2015 оны 12 сарын 23

-Путины  үйл хэргийн эерэг ба сөрөг харьцаа 72 хувьтай байгаа бол  АНУ-ын ерөнхийлөгчийн ийм үзүүлэлт дөнгөж 12 хувьтай ажээ-

 

Фото: Станислав Красильников/ТАСС

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин нь өөрийн орондоо хамгийн чансаа өндөртэй дэлхийн лидер. Харин Оросын гадна талд түүнийг сөргөөр үнэлэх нь их байдаг ажээ. Үүнийг Gallup International гэдэг олон улсын судалгааны компанийн явуулсан нийтийн санал асуулга харуулж байна.

 

 

Орост Путины эерэг ба сөрөг үнэлгээний зөрөө нь 72 хувьтай байна. Гэтэл Барак Обамагийн тэр үзүүлэлт дөнгөж 12 хувь. Ангела Меркель, Дэвид Кэмерон хоёр дээрх үзүүлэлтээр  -6, -7  хувьтай явж байгаа юм.  БНХАУ-ын дарга Си Жиньпиний эерэг, сөрөг үнэлгээ  тэнцүү байгаа бол дэлхийн лидерүүдээс хамгийн муу үзүүлэлттэй нь Францын ерөнхийлөгч Франсуа Олланд юм. Түүний үнэлгээ -47 хувьтай гарчээ.

 

Gallup International-ийн хэвлэлийн мэдээнд өгүүлснээр, 65 орны тус тус 1000 орчим хүнээс утсаар болон эчнээгээр санал авчээ.

 

Гадныхан Путинийг сөргөөр үнэлдэг

 

Асуулгад оролцсон орнуудад Путин 33 хувийн эерэг үнэлгээ авсан  бол Олланд 34 хувь,  Кэмерон 37 хувь,  Меркель 44 хувийн эерэг үнэлгээ авч Путинээс давжээ. Гадаадад хамгийн өндөр эерэг үнэлгээтэй лидер бол Барак  Обама бөгөөд түүнд  59 хувийн эерэг үнэлгээ өгчээ. Си Жиньпин 27 хувь,  Нарендра Моди ба Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф хоёр тус  бүр 24 хувьтай үнэлэгджээ.

 

ОХУ-ын ерөнхийлөгч В. Путинд  Арменичууд хамгийн нааштай хандсан бөгөөд тэд  79 хувийн эерэг үнэлгээ өгчээ. Дараа нь  Вьетнам (76 хувь), Серби (72 хувь), Хятад (55 хувь), Энэтхэг (39 хувь) улсын ард түмэн Путиныг “Дэлхийн лидер мөн” хэмээн үзэж, эерэгээр үнэлсэн байх юм.  Харин  Европын орнуудад Путины нэр хүнд сайнгүй байна. Тэрбээр Финляндад (- 83 хувь), Шведэд (-77 хувь), Португалид (-67 хувь),  Нидерландад (-64 хувь), Польшид (-61 хувь), АНУ-д -44 хувь, Украинд -38 хувийн  сөрөг үнэлгээ авсан байна.

 

Оросууд бусад орны лидерийг хэрхэн үнэлэв?

 

Дэлхийн лидерүүдээс Орост алдартай нь Си Жиньпин гэдэг нь оросуудын түүнд өгсөн үнэлгээний  57 хувийн эерэг давамгайлал харуулж байна.  Мөн Моди (47%), Руссефф (43%) нарыг оросууд сайнаар үнэлжээ.

 

Харин оросуудад хамгийн нэр муутай нь Обама. Тэрбээр хамгийн суу үнэлгээ буюу -83 хувийн үзүүлэлттэй байгаа бол араас нь  Кэмерон (-48 хувь), Меркель (-47 хувь), Олланд (-30 хувь) нар жагсаж,  сөрөг чансаагаар давамгайлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна