“Хилчин” цомын эзнээр тодорч 10 сая төгрөг гардлаа

2015 оны 12 сарын 23

Чөлөөт бөхийн эмэгтэй багуудын дунд анх удаа “ARJ Cup” халз барилдаан өчигдөр/12.22/ Спортын төв ордны "А" танхимд боллоо. Шагналын сан өндөртэй(нийт 31 сая төгрөг) энэхүү халз тэмцээнд 7 баг оролцсоноос З.Дүвчин, Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин” баг түрүүлж, аваргын цом 10 сая төгрөг гардсан бол Ц.Баярсайхан, Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс”, Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар-1” багууд мөнгө, хүрэл медаль хүртэв. Тэмцээний шилдэг тамирчнаар гавьяат тамирчин С.Батцэцэг тодорлоо. Мөн жиндээ С.Цэрэнчимэд/58/, С.Батцэцэг /63/, О.Насанбурмаа /67/ нар ялагдаагүй юм.

Баг бүрт олимп, дэлхийн аваргын медальтнууд багтсан “ARJ Cup”-т нийтдээ долоон багийн 50 гаруй тамирчид өрсөлдсөн нь ирэх сарын эхээр болох улсын аваргын өмнөх сорилт боллоо. Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Арж Капитал” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд түүхэндээ авч байгаагүй дэлхийн цомын алтан медалийг эх орондоо авчрах, тамирчдын нэгдмэл байдлыг сайжруулахад тэмцээний зорилго оршиж байна.

Тэмцээний дүн:

1-р байр: “Хилчин” баг (Дасгалжуулагч З.Дүвчин, Н.Түмэннаст) -10 сая төгрөг.

48 кг -Э.Нарангэрэл, 51 кг-Э.Сумъяа, 53 кг-Э.Даваачимэг, 60 кг-Э.Гантуяа, 63 кг-С.Батцэцэг, 67 кг- Ш.Түмэнцэцэг, 75 кг-Г.Наранчимэг. /58 кг-д тамирчин ороогүй./

2-р байр: “Хасу Мегастарс” (Дасгалжуулагч Ц.Баярсайхан) – 5 сая төгрөг.

Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл медальт О.Насанбурмаа тэргүүтэй тамирчид.

3-р байр: “Алдар-1” баг (Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр) 3 сая төгрөг.

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд тэргүүтэй тамирчид.

4-р байр: “Арслан-Налайхын нэгдмэл” баг. -800 мянган төгрөг.

5-р байр: Охидын академийн баг. – 500.000 төгрөг.

6-р байр: “Цастын барс” клуб

7-р байр: “Алдар” спорт хорооны II баг”

 

БИДЭНД НЭГ ХҮНИЙ ДУТУУГ НӨХӨХ ҮҮРЭГ ИРСЭН Ч ТҮҮНИЙГ САЙН БИЕЛҮҮЛЖ, ЦОМЫГ ӨРГӨЖ ЧАДЛАА

Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд “Хилчин”, “Хасу Мегастарс” багууд үлдсэн бөгөөд дэлхийн аварга тэргүүтэй бүсгүйчүүд өрсөлдөгчөө 5:3-аар хожиж, ялагч болсон.

“Хилчин” багийн Г.Наранчимэгтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө анхдугаар тэмцээнд түрүүлсэн танай багийн хамт олонд баяр хүргэе. Таны хувьд хамгийн сүүлд шийдвэрлэх барилдааныг хийлээ шүү дээ?

-Яг одоогоор баг тамирчдын хувьд улсын аваргын бэлтгэлд гарчихсан байгаа. Харин энэ үеэр энэхүү багийн тэмцээнийг зохион байгуулсан нь цагаа олсон өрсөлдөөн байлаа гэж үзэж байна. Яагаад гэхээр он гараад эхний долоо хоногт улсын аварга шалгаруулах тэмцээн биднийг хүлээж байна. Тиймээс тамирчид бүр бэлтгэлдээ ид орчихсон үе. Манай багийн 60 хувь нь З.Дүвчин багш дээр бэлтгэлээ хийдэг. Тэмцээний тухайд үнэхээр өрсөлдөөн дүүрэн байлаа. Аль ч баг финалд гараад ирэх боломж байгааг бүгд харсан. Жин бүрийн тамирчид маань бүгд үүргээ сайн биелүүлсэн. Аваргын төлөөх барилдаан их хүнд болсон. Миний хувьд 75 кг-ын жинд барилдаж, Ц.Баярзаяаг хожиж, багаараа анхдугаар тэмцээний цомыг өргөлөө. Би өмнөх барилдаануудад гараагүй. Энэ үед миний жинд залуу тамирчин Г.Уртнасан барилдсан. Харин хамгийн сүүлийн шийдвэрлэх барилдаанд өөрөө гарсан. Дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальд С.Батцэцэг маань өрсөлдөгч бүрээ цэвэр ялж, тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан.

-Танай багийн хувьд 58 кг-ын жинд тамирчингүй орсон байна. Бүтэн нэг оноог эсрэг талд өгч байх үед юу бодогдож байсан бэ?

-Тэмцээн эхлэхийн өмнө бид бүх жинд тамирчидтай оролцох бодолтой байсан. Гэтэл 58 кг-ын жинд орох тамирчин өөр багаас орохоор болоод бид нэг хүний дутуу орох болсон. Бүгд л нэг хүний дутууг нөхөх хариуцлага үүрсэн. Тэр хэрээр бүгд л сайн барилдаж, аваргын цомыг өргөж чадлаа. Мэдээж бүтэн нэг оноог бусдад өгнө гэдэг бол хэцүү шүү дээ. Багууд их тэнцүү байгаа энэ үед манай залуу тамирчид маань үнэхээр сайн барилдсан.

-Тухайлбал хэн билээ?

-Энэ жил 20 настай Э.Гантуяа маш сайн барилдлаа. Түүний хувьд 60 кг-ын жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Т.Мөнхтуяаг хожсон. Энэхүү хожил маш чухал байлаа. Тэмцээнээс харж байхад манай залуу тамирчид их хүчтэй болсон байна. Тэр хэрээр энд маш том өрсөлдөөн гарлаа. Энэ нь чухал байлаа.

-2015 онд чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын хувьд амжилт арвин байлаа шүү дээ. Ирэх оны эхнээс эхлээд та бүхэнд улам их хариуцлага ирлээ. Үүнд бэлтгэл хэр байна вэ?

-Олимпийн өмнөх жил учраас энэ онд бидний хувьд их хариуцлагатай жил байсан. Оны эхээр ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон дэлхийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ. Мөн АНУ-д болсон дэлхий аваргаас хоёр медаль, олимпийн эрхтэй гээд эмэгтэй баг тамирчдын хувьд онцгой байлаа. Ирэх онд үүнээс илүү амжилтууд биднийг хүлээж байна. Хоёр долоо хоногийн дараа улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Үүний дараа чухал тэмцээнүүд үргэлжлээд явна. Бэлтгэлийн тухайд одоогоор Спортын төв ордонд С.Дүвчин багш дээр долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэлээ хийж байна. Мөн энэ дашрамд “Хилчин” спорт хороо, Хил хамгаалах ерөнхий газар, нийт Монгол орны найман зовхист байгаа хилчид та бүхэндээ баярлаж явдгаа хэлмээр байна. Шинэ оны баярын мэндийг баг хамт олныхоо өмнөөс хүргэж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна