Түрээсийн орон сууц хэрэгтэй юү?

2015 оны 12 сарын 23

Засгийн газраас иргэдийг орон сууцтай болгох үүднээс найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн ч байр авч чадаагүй айл өрх олон бий. Тухайлбал, 2014 оны байдлаар улсын хэмжээнд 22.9 мянган өрх бусдын орон сууцыг түрээсэлж амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр өрхийг өөрийн гэсэн байртай болох хүртэл хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангах ажлын эхлэлийг тавьж,   өнгөрсөн зун “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Тэгвэл эхний ээлжинд 900 гаруй орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулах боломжтой гэж салбарын яамнаас мэдээлж байна.  Ялангуяа ТОСК-ийн Буянт-Ухаа хорооллын байрнаас хамруулахаар болсон байна. Түрээсээр амьдруулах 900 гаруй байрны 350 нь нийслэлд, 589 нь орон нутагт юм байна.

Хамгийн түрүүн  түрээсийн байранд хэн хүссэн нь  амьдрах уу гэсэн асуулт гарна. Үгүй гэвэл түрээсийн байранд амьдрах шаардлагатай иргэдийг хэрхэн сонгох вэ. Эх сурвалжийн мэдээлснээр, түрээсийн байранд амьдрах эрх бүхий иргэдийг сонгохдоо айлуудыг 20 бүлэгт хуваасан өрхийн амжиргааны түвшний  судалгаанд тулгуурлах аж. Энэхүү судалгааны 1-17 дүгээр бүлэгт багтсан айл өрхүүд  “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамрагдах боломжтой гэнэ.

Түрээсийн орон сууц гэж тусад нь хороолол барихгүй гэдгийг албаныхан анхнаасаа хэлсэн. Учир нь эмзэг давхаргын, бага орлоготой иргэдийг тусгаарласан хэрэг болно гэж үзэж байгаа юм. Тиймээс бэлэн болсон орон сууцны хорооллын хэсэг байрыг түрээсийнх болгох байдлаар шийдвэрлэх аж. Гэхдээ түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж  эхлээгүй байгаа юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд  ТОСК-иас албан ёсны журам гаргана. Журам хараахан гараагүй болохоор хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөхөөс зарим хүмүүс татгалзаж байна.

Ямартай ч тун удахгүй хэрэгжүүлэх нь тодорхой гэх түрээсийн орон сууцны хөтөлбөр тойрсон олон асуулт бүрхэг хэвээр байна. Хамгийн түрүүн  түрээсийн байранд хэн хүссэн нь  амьдрах уу гэсэн асуулт гарна. Үгүй гэвэл түрээсийн байранд амьдрах шаардлагатай иргэдийг хэрхэн сонгох вэ. Эх сурвалжийн мэдээлснээр, түрээсийн байранд амьдрах эрх бүхий иргэдийг сонгохдоо айлуудыг 20 бүлэгт хуваасан өрхийн амжиргааны түвшний судалгаанд тулгуурлах аж. Энэхүү судалгааны 1-17 дүгээр бүлэгт багтсан айл өрхүүд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамрагдах боломжтой гэнэ.

Эхний байдлаар түрээсийн орон сууцны байр нь 30-50 м2 хүртэлх талбайтай, өөрөөр хэлбэл 1-2 өрөө байр байна гэж заасан. Түрээсийн байрыг орон нутгийн иргэд сард 20-200 мянган төгрөгөөр, харин нийслэлийн иргэд сард 200-300 мянган төгрөгөөр түрээслэхээр зохицуулжээ. Гэхдээ иргэд энэ орон сууцыг дамлан давхар түрээслүүлэх, барьцаанд тавих, худалдан борлуулах эрх үүсэхгүй. Зөвхөн өөрийн гэсэн орон сууцтай болох хүртлээ хямд өртгөөр түрээсийн байранд амьдрах нөхцөлийг нь төр засгаас бодлоготойгоор олгож байгаа хэрэг юм. Түрээсийн байр хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын яндангийн тоо цөөрч, утаа угаар ч багасах боломжтойг албаныхан онцолж байлаа. Түүнчлэн аавын гэрээс гал голомтоо тасалж амжаагүй залуу гэр бүлд ч чамгүй дэмжлэг болох билээ.

Б.ЗОЛЗАЯА

Зураглаач: Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна