Зул сарын сонгодог кинонууд

2015 оны 12 сарын 23

Ногоон гацуураа засч, чимэглээд, галаа түлэн, баярын ширээгээ засч, халуун бүлээрээ шинэ он гарахыг хүлээж суухад телевизээр дуртай кино гарах шиг аз жаргал хаана байх билээ. Ийм үед гар утас, Facebook-ийн тухай зүгээр л мартсан нь дээр. Тэдгээрээс илүү сонирхолтой зүйл олно гэж найдах хэрэггүй. Харин хуучин оныг хуучны сонгодог киногүйгээр төсөөлөхөд бэрх.

Ялангуяа бидний дуртай:

1. Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян (Ирония судьбы, или С лёгким паром!)

ЗХУ-ын нэрт найруулагч Эльдар Рязановын 1975 оны бүтээл. Гол дүрд Андрей Мягков, Барбара Брыльска, Юрий Яковлев нар тоглосон.

Москвад ээжтэйгээ амьдардаг Женя Лукашин, Ленинградын үзэсгэлэнт бүсгүй Надя, түүний сүйт хархүү Ипполит Георгиевич нарын шинэ жилийн өмнөх оройн будилаан бол бүхэлдээ амьд тоглолт билээ. Барилгачдын 3-р гудамжны 25-р байрны 12 тоотод амьдардаг гэртээ сүйт бүсгүйгээ анх урьсан Женя санаандгүй Ленинградад амьдардаг Надя бүсгүйн гэрт ороод унтаж орхино. Харин бүсгүйг гэртээ ирэхэд танихгүй эр унтаж байх. Энэ бүх хачирхалтай хэргийн зангилаа эцэстээ Брежневийн эриний Зөвлөлтийн нийтийн орон сууцны нэг хэвийн архитектураас болсон нь тайлагдана. Үзэхэд хэзээ ч уйдахгүй. Хэрэв та энэ киног өнгөрсөн жил шинэ жилээр үзсэн бол шинэ ангийг нь үзэхийг зөвлөе. Шинэ ангид киноны адал явдалт баатруудыг тэдний хүүхдүүд дахин учруулах болно. Хувь тавилангийн ээдрээ 2 киног Тимур Бекмамбетов найруулж, Мосфильм кино студид бүтээсэн юм. Киноны гол дүрд Андрей Мягков, Барбара Брыльска, Юрий Яковлев болон Константин Хабенский, Элизавета Боярская, Сергей Безруков нар тоглосон билээ. “Хувь тавилангийн ээдрээ-2”  2007 онд дэлгэцнээ анх гарсан юм.

 

2. Амьдрах сайхан (It’s a wonderful life)

Филип ван Дорен Штерны “Гайхамшигт бэлэг”зохиолоос сэдэвлэн, Фрэнк Капрагийн найруулсан “Амьдрах сайхан” кино бол Зул сарын зөгнөлт, сонгодог драм билээ. Киноны гол  дүрд Жеймс Стюарт, Донна Рид, Лайонел Бэрримор, Уорд Бонд, Томас Митчелл, Глориа Грэхэм нар тоглосон. Америкийн шилдэг 100 киноны нэгд зүй ёсоор тооцогддог энэхүү кино Зул сарын баярыг догдлон хүлээх шалтгаан нь зөвхөн бэлэг биш, хайр, урам зориг, итгэл гэдгийг харуулсан болохоор бид үзэх дуртай.

 

3. “Жинхэнэ хайр” (Love actually)

Ричард Куртисын найруулсан сонгодог романтик инээдмийн киноны гол дүрд Алан Рикман, Эмма Томпсон, Кейра Найтли, Хью Грант, Колин Фёрт зэрэг алдартнууд тоглосон билээ. Романтик кинонд дургүй нэгэн ч суудлаасаа өндийлгүй үздэг энэхүү кино бол Англи маягийн хайр дурлалын хачин цуглуулга. Гэсэн ч найман өөр дурлалт хосын тухай өгүүлдэг энэ кинонд бид яагаад ч юм дуртай. Мэдээж тэдний адал явдал Зул сартай холбоотой өрнөнө.  Киноны хамгийн гунигтай хэсэг нь Харри залуухан үзэсгэлэнтэй нарийн бичиг хүүхэнтэй учир ургуулсныг эхнэр нь мэдэж, гомдсон тухай юм. Олон үзэгч тэдний учир битүүлэг эвлэрлийн талаар зохиолчоос асуудаг аж. Харин зохиолч баатрууд нь амьдралдаа алдаж, оносон ч эцэст нь зөв замаа олсон гэж баталдаг.

 

4. Гэртээ ганцаараа (Home alone)

Крис Коламбусын найруулж, Маколей Калкин гол дүрд нь тоглосон Зул сарын сэдэвт Америкийн инээдмийн кино олон үзэгчдийн дурсамжийг сэдрээдэг бизээ. Киног үзэх дуртай байсан 90-ээд оны хүүхдүүд киноны гол баатрын дүрд тоглосон Маколей Калкины адил эрийн цээнд хүрсэн ч киног одоо хэр нь үзэх дуртай. Хэрвээ та энэ киног үзээгүй дэлхий дээрх цорын ганц хүн бол кинонд Зул сарын баярын өглөө гэртээ ганцаараа үлдсэн жаахан хүүгийн тухай өгүүлдэг. Түүнийг тааварлашгүй олон зүйлс хүлээж байгаа. Техник, технологи, харилцаа холбоо хөгжсөн үе ч гэлээ бяцхан хүүд хэцүү байдлаас гарах амаргүй байх болно. Энэ чинь кино шүү дээ.

 

5. Брижит Жонсын өдрийн тэмдэглэл (Bridget Jones’s Diary)

Шэрон Магуайрын найруулж, гол дүрд нь Рене Зеллвегер, Колин Фёрт, Хью Грант нар тоглосон 2001 оны энэ кино бол Зул сарын сэдэвт бас нэгэн сонгодог бүтээл. Хелен Филдингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн уг кинонд англи сэтгүүлч Брижитийн хайр дурлал, амьдралын тухай өгүүлнэ. Супер бүсгүйн тухай энэхүү киног аавтайгаа хамт үзэхэд тийм ч таатай биш гэдгийг сануулъя. Гэхдээ шинэ жилийн орой заавал үзэх кино.

 

6. Гринч Зул сарыг хулгайлсан нь  (How The Grinch Stole Christmas)

Найруулагч Рон Ховардын 2000 оны бүтээл. Гол дүрд нь жүжигчин Жим Керри, Тэйлор Момсен, Жеффри Тамбор нар тогложээ.

Тэйлор Момсены панда маягийн нүүр будалт, судалтай гутал энэ тэрийг хэн үзэх юм бэ гэж үү? Жим Керри ид шидэт, мөнхийн орноос Зул сарыг хулгайлдаг зэвүүн муухай Гринчийн дүрд тоглосон. Гэхдээ тэр бас тийм ч өөдгүй амьтан биш гэдгийг та киноноос ойлгоно.

Бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй шүү дээ.

 

7. Харри Поттер: Философийн чулуу (Harry Potter And The Philosopher’s Stone)

Крис Коламбусын найруулсан 2001 оны бүтээл. Одоо Английн хамгийн өндөр хөлстэй жүжигчид болсон Даниэл Рэдклифф, Эмма Уатсон, Руперт Гринт нарын жаахан байсныг харах нэг боломж. Харри Поттер Зул сарын сэдэвт кино биш боловч ид шидийн ертөнцийн гайхалтай үйл явдлуудыг баяраар үзэхэд буруу нь юу байх билээ. Ж.К Роулингийн анхны зохиолоос сэдэвлэсэн энэхүү кинонд жаал хүү Харри Поттерыг муу санаат авга ахынх нь гараас салгаж, Хогвартын шидтэний сургуульд хүргэж өгдөг. Гэвч энэ бол жаал хүүд тохиолдох аз сорьсон, амь өрссөн олон адал явдлын зөвхөн эхлэл билээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна