УИХ-ын гишүүдэд санхүүгийн анхан шатны сургалт явуулмаар болжээ

2015 оны 12 сарын 23

2015 оны 11 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар “Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн санал, дүгнэлт” гэх батлагаажаагүй, илт гүтгэлгийн шинж чанартай, үндэслэлгүй мэдээллийг "ноцтой зөрчил илрүүллээ" гэсэн сүржин уриан дор тараасан билээ. Булан тойролгүй баригдах ийм гэнэн улс төржилтөө тэд ядаж ажлын хэсгийн 10 гишүүний талаар зөвшөөрүүлж чадалгүй өөсрдөө гарын үсэг зурсан байв.

Тэдний тархаасан гүтгэлэгт мэдээллийг эргэн сануулъя.

УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд:        

·    5 жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын;

·    10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй 1 тэрбум ам.долларын

бондыг тус тус арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд 1 тэрбум 494.6 сая ам.долларын орлого оржээ.

Ажлын хэсгийн дүгнэлт:

УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолоор Эдийн засгийн өсөлтийг хангах урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг зөвшөөрсөн.      

2012 оны Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлээс бондын зардалд 5.4 сая ам.доллар нэмж гаргасан нь Төсвийн тухай хуулийн 10.1.3-т заасан “Жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх”, түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Энэхүү зөрчил нь Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрч, акт тавигдсан бөгөөд “Зөрчлийг арилгах тухай” 06/18 тоот албан шаардлагыг 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сангийн сайдад хүргүүлсэн байна.

Дээрх "дүгнэлт" гэх зүйлээ танилцуулах үеэрээ Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд “Чингис бондын хөрөнгөөс 5,4 сая доллар сох дутсныг, улсын төсвөөс давхардуулан 2 удаа төлбөр шилжүүлснийг, үүнийг ҮАГ-аас илрүүлж, акт тавьсныг” бид ийнхүү илрүүллээ хэмээн баатарлаж байсан нь цэвэр гүтгэлэг ажээ. Учрыг магадлабал:

Олон улсын зах зээлд бонд арилжаалах явцад зайлшгүй гардаг зардлууд гэж буй. Үүнд:

-     Андеррайтерын төлбөр;

-     Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал;

-     Хуулийн зөвлөхийн болон роудшоу хийх зардал;

Чингис бондыг арилжаалах явцад журмын дагуу дээрх зардлуудад зориулан 5,4 сая долларыг төлөхөөс өөр нөхцөл байхгүй. Монголд зоруилан тусгайлж, үнэгүй үйлчилгээ үзүүлэх сонирхол хэнд ч байхгүй нь мэдээж. Дээрх зардлуудыг бонд амжилттай арилжаалагдсны дараа бондыг гаргасан хөрөнгө оруулалтын банкны дансанд гадаадын байгууллагуудад төлөх төлбөрийг төвлөрүүлэн тусгаарлаж, нэгдсэн байдлаар төлбөр тооцоо хийсэн байна.

Төрийн сангийн бондын дансанд орсон 1 тэрбум 494,6 сая доллар дээр бонд гаргах үйл ажиллагааны явцын зардалд зориулсан зарлагын гүйлгээг Сангийн яамнаас хийжээ. Ингэснээр бондын хөрөнгийг гүйцээн бүрдүүлж, Төрийн санд орсон 5,4 сая доллар бондын хөрөнгөнд бүртгэгдсэн.

Үйл ажиллагааны зардлыг нэр бүхий гишүүдийн ярьсан шиг хоёр удаа гаргаагүй, Хөгжлийн банкнаас бондын төлбөртэй холбоотой ямарваа шилжүүлэг огт хийгээгүй байна.

Олон улсын зах зээлд бонд арилжаалсан зардлын төлбөр тооцоог тусгаарлан нэгдсэн байдлаар хийх нь стандарт практик гэдгийг УИХ-ын гишүүдэд санхүүгийн анхан шатны сургалт явуулах байдлаар таниулах шаардлага байгааг нэр бүхий гишүүдийн улс төржилт харууллаа. Тэдний дунд Сангийн сайд байсан хүн байгаа нь дэвэргэсэн асуудлынх нь талаар олон улсын мэргэжилтнүүдийг гайхшруулах, балмагдуулах явц ч ажиглагджээ. Бонд арилжаалахад тусласан байгууллагуудын ажилтнуудын зүгээс энэ талаар сониучлан тодруулсан тохиолдол ч гарсан байна.

Үндэсний Аудитын газрын актыг эрхэм гишүүд тогтож уншсан бол "5,4 сая доллар сох дутсан” гэсэн дүгнэлт огт байхгүй. Харин анхан шатны баримтжуулалтыг эцэслэх тухай албан шаардлага, ингэснээр тусгаарлагдсан хөрөнгөөс төлбөр тооцоонд зарцуулаагүй үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх тухай актыг Сангийн яаманд хандан гаргасан. Акт тус бүрийг биелүүлж, баталгаажуулаад, хаасныг ч сонирхсон хүн үзэх, шалгах боломж нээлттэй аж.

МАН-ын УИХ дахь бүлгийн түлхээсээр нэр бүхий гишүүд дээрхтэй яг ижил утгатай хоосон хийрхэл үзүүлсэн нь Самурай бондтой холбоотой юм. Тэд:

" - Хөгжлийн банк нь Японы хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений бонд арилжаалахын тулд Японы Олон Улсын хамтын ажиллагааны банкинд (ОУХАБ, JBIC) “Самурай” бондын хоёр хувийг буюу 5.7 тэрбум иенийг шууд суутгуулсан байна.

Ажлын хэсгийн дүгнэлт:  Самурай бондын гэрээ байгуулах, баталгаа гаргахыг зөвшөөрсөн баталгааны төлбөр, бонд гаргахтай холбоотой зардалд нийт авсан зээлийн 19.2 хувьтай тэнцэх 5.7 тэрбум иень суутгуулсан байна. Иймд дээрх бондыг арилжаалахад гарсан зардал, суутгагдсан хүүгийн хэмжээ, бондын гэрээ хэлцлийг зохих түвшинд хийсэн эсэх, өндөр зардалтай “Самурай” бонд гаргах шаардлага байсан эсэхэд тусгайлан аудит гарган дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ" гэж сүржигнэхээ мартсангүй. Хариулт нь тодорхой. Дээр тайлбарласан учир нуршаад яах билээ.

Анхааруулахад Японы Олон Улсын хамтын ажиллагааны банк бол асар нэр хүндтэй, үлэмж хариуцлагатай банк. Тэдэнд хууль бус үйлдэл хийх, хэн нэгэнтэй үгсэн илүү мөнгө зувчуулах, завших ёс суртхуун байхгүй. Ийм үйлдэл хийх, хийхээр завдах ямар ч боломж гаргахгүйгээр үйл ажиллагаагаа журамлаж зохицуулсан, чанд хяналт, тайлагналтай санхүүгийн байгууллага тул УИХ дахь МАН-ын нэр бүхий  гишүүдийн зүгээс өөрсдийн улс төржилт, хоосон хардалтдаа тэдний нэрийг хавчуулах нь зүйд нийцэхгүй.

“Хөгжлийн банк”-наас “Чингис”, “Самурай” бонд гаргасантай холбоотой үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдүгээр сард байгуулсан. УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан дээрх ажлын хэсэг бондуудын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт хийх, тайлангаа тавих ажил дуусаагүй байхад өрсөж, үндэслэлгүй, баримтгүй мэдээлэлд тулгуурлан мэдээлэл, мэдэгдэл хийж байгаа нь сөрөг хүчний арга ядсан бачимдалт, хийрхэл л болон харагдаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "хөрөнгө мөнгө эзэнгүйдүүлж, зувчуулсан зөрчил дутагдал арай ч дээ гэмээр их хэмжээтэй гарсан" гэж л ажлын хэсгийн ахлагчийн хувьд хардаж байгаа. Надад хардах эрх байж болно биз дээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хардах эрх хэнд ч бий. Харин УИХ-ын гишүүд буурьтай, баримтанд тулгуурласан, хэд дахин шалгаж нягталсан "хардалт" хийж байхгүй бол сонгогчид, олон нийт тэдэнд итгэхээ болих биш үү. "Манай гишүүд мөн ч гоё хардах юм аа" хэмээн хөөрөх сонгогч монголоос олдохгүй байх хэмээн эмээж байна.

Г.МӨНГӨНЧИМЭГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна