"Авлигын галерей"-Төмөр замын үзмэрүүд

2015 оны 12 сарын 23

 

Түүх эхэлсэн түүх...

“Хууль тогтоогчид нь хувь хүний бие даасан байдлыг боолчлолоор, эрх чөлөөг хавчлага мөрдлөгөөр, өмч хөрөнгийг дээрэм тонуулаар сүйтгэхдээ мөнөөх л хуулиа хэрэглэж байгааг ойлгоход тийм хэцүү биш.”  Ф.Бастиа

Эх орончдын өдрөөс ердөө тав хоногийн дараа буюу 2008 оны гуравдугаар сарын 5-нд Засгийн газрын тогтоол гарч маш чухал асуудлыг шийджээ. Энэ тогтоолоор Монголын төмөр зам компанийг байгуулж, гурван зүтгүүр, 150 вагон худалдан авч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт түрээслүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд Ч.Улаан, Зам тээврийн сайд Р.Раш нар гаргажээ.

Ийнхүү төмөр замгүй хэрнээ “Монголын төмөр зам” гэх тодотголтой компани мэндэлжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл төмөр зам барих ажил, гүйцэтгэгчийг шалгаруулахтай холбоотой бүхий л ажлыг хийж, тэр хэрээр өч төчнөөн мөнгө зарж ирсэн ч долоон жилийн хугацаанд даанч нэг төмөр замыг бий болгосонгүй, овоо хийсэн ажил нь овоолсон шороо. Гэхдээ бидний үзмэр үүнтэй холбоогүй тул хойш тавиад үндсэн үзмэрийнхээ танилцуулганд орьё доо.

2009 оны арванхоёрдугаар сарын 23.

Шинэ жилийн уур амьсгал орчихсон, хаа сайгүй албан байгууллагын ёолк, ёслолын буудлага пижигнэж байж. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Хятадын “China CNR corporation limited” корпорацитай 35.7 сая ам долларын гэрээг энэ өдөр хийсэн байна. Гэрээнд зааснаар таван гол замын зүтгүүр, нэг сэлгээний зүтгүүр, 185 ширхэг ачааны хагас вагон, 50 тавцант вагон, 10 ачааны битүү вагон, хоёр чингэлэг өргөгчийг тус тус авчээ.

2010 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр.

Мөн л он гарахад ердөө хоёрхон хоног үлдэж, олон нийт тэр чигтээ баяр ёслолын байдалд шилжээд байх ахуйд Улаанбаатарт нэгэн чухал үйл явдал өрнөв.

Энэ өдөр УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 24-ний 41 тоот тогтоолоор “БНХАУ-аас 300 сая долларын хөнгөлөлттэй зээл”-ийн хэлэлцээрийн дагуу Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга ноён Ж.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын “СSR корпорацийн Гадаад худалдааны хэлтэсийн ерөнхий менежер ноён Шен Жиажун нар “Хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх” гэрээнд гарын үсэг зурж, хундага харшуулан оргилуун дарс шимж суулаа.  

28.5  сая ам.долларын гэрээний дагуу хоёр чигжигч машин DC 32IV-15208, нэг балласт цэвэрлэгч машин QS2-650-1520, хоёр балласт тохируулагч машин SPZ-350-152, 57 ширхэг хоппер вагон KZ75-1520, нэг мотовоз GCY220-1520 гэсэн зүйлсийг авч.

“ЗАСГИЙН ЭРХИЙГ ХЭН БАРЬЖ БУЙГААС ҮЛ ХАМААРАН ЗАСАГ ӨӨРӨӨ НҮГЭЛТ ЗҮЙЛ, ЗАСАГ НЬ ӨӨРТӨӨ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭВДЭН ЗАВХРУУЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАХАД ХҮРГЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ.”  Якоб Буркхард (1818-1897 он)

Ингээд 64 сая 280 мянга 560 ам.доллараар Хятадын “China CNR corporation limited” корпорациас төмөр замын техник, зүтгүүрийн худалдан авалт хийж.

Харин үүнийг хэрхэн хаана, хэн ямар ашигтайгаар ашиглах вэ гэдгийг хэн ч нарийн тооцож үзсэнгүй.

64 сая долларын үнэтэй хөрөнгөө хэрхэн чулуу болгох талаар тухайн үеийн сайд нар нарийн тооцсонгүй. Тэдний бодож олсон ганцхан тооцоо нь авсан зүтгүүрүүдээ “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт түрээслэх явдал байлаа. Гэтэл энэ байгууллага 100 хувь Монголын мэдэлд байсангүй. Орос Монголын 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай учраас түүний түрээслэх техник хэрэгсэл, баримтлах бодлогыг хоёр талын өргөтгөсөн хуралдаанаар шийдвэрлэнэ. Хятадын хөнгөлөлттэй зээлээр Хятадаас авах зүтгүүрт оросууд өндөр төлбөр төлж ашиглах уу, үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд бодолцох ёстой байсан ч нүдээ аниад төслөө хэрэгжүүлжээ.   

Ийнхүү үзмэр яагаад бий болов, хэн ийм байдалд оруулав гэдгийг хөөж, баримт, шийдвэрүүдийг харж суухад нэгэн сонирхолтой баримт олдсон нь “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 2010 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн III хуралдаанаас гаргасан шийдвэр. Энэ хуралдаанаас БНХАУ-д үйлдвэрлэсэн CKD4B зүтгнүүрийг ашиглаахаас татгалзах нь зөв гэсэн шийдвэрийг гаргажээ. 

Харин монголчууд 35.7 сая ам долларын ашиглах боломжгүй болсон зүтгүүрээ худалдан авах гэрээгээ цуцалсангүй.

Хувь нийлүүлэгчдийн хуралд Зам тээвэр, барилга хот байгуулалтын орлогч сайд А.Гансүх оролцсон бөгөөд тэрээр Монгол Улс зээлээр авч буй зүтгүүрийг ашиглахыг санал болгож, түүний төлөө тэмцэх ёстой байхад эсэргээрээ тэмцсэнгүй. Шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Харин дараа нь Хятадаас авах зүтгүүрийг түрээслэх боломжгүй болчихсоныг мэдсээр байж зүтгүүрийг авах гэрээгээ цуцласангүй.  

Ийм ойлгомжгүй, ашиггүй, хэнд хэрэгтэй нь тодорхойгүй зүйлийн төлөө хийсэн гэрээ цуцлагдах нь бүү хэл нийлүүлэгдэж, яван явсаар 2012 хаврын эхэн сартай золгожээ. 2012 оны хоёрдугаар сарын 7-ний өдрийн Сангийн яам ба Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамны хооронд бас нэгэн гэрээг батлав. Тэрхүү гэрээ нь дамжуулан зээлдэх гэрээ байлаа. Ингэснээр 64 сая 280 мянга 560 ам.долларын зээлийг Сангийн яамнаас Зам тээвэр барилга хот байгуулалтын яамд шилжүүлжээ.

Үүнээс хойш зүтгүүрийн зээл, нийлүүлэлт гээд бүхий л асуудлыг тус яам хариуцахаар болсон байна.

“АЛИВАА ЭРХ МЭДЭЛ ХҮНИЙГ ЭВДДЭГ БОЛ ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛ ХЯЗГААРГҮЙ ЭВДДЭГ.”  Лорд Актон (1834-1902 он. Английн түүхч)

2011 оны хавар. Захиалсан зүтгүүрүүд ч ирж, тухайн үед “Монголын төмөр зам”-ын гүйцэтгэх захирал Б.Батзаяа ийнхүү зургаа авхуулжээ.

Хожмоо улсын байцаагчийн дүгнэлт гарсаны дараа “УБТЗ” ХНН ба “МТЗ” ТӨХК-ийн хамтарсан шийдвэрээр 2012 оны 06 сарын 27-ноос 12 сарын 05-ны өдөр хүртэл 12310 цаг ажиллаж 929’460 ам.долларын ажил хийж гүйцэтгэсэн гэх мэдээлэл өнөөдөр түүх болон үлдэж.  

Яг энэ цаг хугацаанд буюу 2012 оноос хойш “УБТЗ-д 250 сая доллараар үндсэн хөрөнгөө нэмэгдүүлье” гэж хоёр улс тохирч. Ингэхдээ Оросын талын 125 сая ам.доллараар зүтгүүр авсан байна. Монголын талын 125 сая доллараас 55 саяар нь дахиад зүтгүүр авч 30-аад зүтгүүртэй болжээ. Ингээд зүтгүүрийн дутагдалтай байсан газарт Хятадын зүтгүүрийг түрээслэх шаардлагагүй болж.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр 2013 оны хоёрдугаар сарын 21-нд “УБТЗ” ХНН-ын орлогч дарга нар түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, “УБТЗ” ХНН-ын удирдах зөвлөлийн ОХУ талын гишүүдэд илгээсэн ч ямар нэг хариу ирсэнгүй. Мэдээж тэд асуудлаа шийдвэрлээд зүтгүүрээ авчихсан. Өндөр үнээр зүтгүүр түрээслэх шаардлагагүй болсон. Ингээд МТЗ ашигладаггүй хөрөнгөтэй хоцорчээ.

Нөгөөтэйгүүр МТЗ зам арчилгааны машинаа нэг километр замын засварт 59 сая төгрөгөөр түрээслэх саналыг УБТЗ тавьсан байна. УБТЗ өөрсдөө нэг км төмөр замынхаа засварт 30 сая төгрөг төсөвлөж засдаг аж. Тиймээс түүнээс хоёр дахин илүү үнэ төлөхийг хүссэнгүй. Ингээд ганцыг нь ч ашиглаж чадалгүй зогсоожээ.

Ийнхүү Хятадын зээлээр өөрсдөөс нь авсан зүтгүүрүүд 2013 оны 12 сарын 15-наас бүгд хүйтэн байдалд шилжүүлсэн байна. Энгийнээр хэлбэл 64 сая долларын тоног төхөөрөмжийг ашиглахгүй, мөнгө олох байтугай мөнгө төлөөд зогсоолд шилжүүлжээ.

Үүнээс л эхлэн мөнөөх төмөр замын парк шинэчлэл алдагдалд орж эхэлжээ. Ингээд жилд зээлийн хүүнд 809 сая төгрөг, засварт 10 саяыг, зам ашиглалтын төлбөрт 15 гэхчилэн 2 тэрбум 898 сая төгрөгийн алдагдалд оржээ.

Дэндүү гэхэд дэндүү үнэтэй үзмэр бий болгосон нь энэ.

Орчин үеийн 64 сая доллараар боссон үзмэрийн талаар танилцуулахад иймэрхүү.

2013 оны зургадугаар сарын 11. Харин дараагийн та бүхэнд танилцуулах гэж буй бас нэгэн “үзмэр” нь “Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн бий болгосон бүтээл. Зүүнхараа дахь Вагон ашиглалтын депод ашиглаж байсан 1987 оны сэлгээний зүтгүүр хуучирч элэгдэн шинээр өөр зүтгүүр авах шаардлагатай болжээ. Хэрэгцээ, шаардлага гарч ирсэн энэ үед Г.Сэрээнэндаргад шинэ сэлгээний зүтгүүр авах бодол төрж. Ингээд ТГМ23 загварын шинэ, ашиглалтанд явж байгаагүй сэлгээний элчит тэргийг 816 сая төгрөгөөр “Арвижих групп” ХХК-аас худалдан авахаар УБТЗ-ыг төлөөлж Замын даргын үүрэг гүйцэтгэгч Сэрээнэндорж ХХ/13/088 дугаартай гэрээ хийв.

Харин энэ гэрээнээс хоёр хоногийн дараа нэмэлт гэрээ № ХХ/14/007 гэгчийг байгуулж. Жемс Бондын нууц ажиллагааг санагдуулам 007 “ажиллагаа”-гаар өмнөх гэрээний “шинэ, ашиглалтанд явж байгаагүй” гэснийг “2012 онд үйлдвэрлэсэн, шинэ хөдөлгүүртэй” болгон өөрчилжээ. Ингэснээр ашиглалтанд явж байгаагүй гэсэн шалгуур 2012 онд үйлдвэрлэгдсэнээр солигдож, дээр нь хуучин илчит тэргэнд 2012 оны хөдөлгүүр тавихад л гэрээний нөхцлийг хангах боломж бүрдэж.

Энэхүү гэрээний зальтай өөрчлөлтийн үр дүнд 2013 оны аравдугаар сарын 23-нд ТГМ23В сэлгээний илчит тэргийг хүлээн авах хүлээн авах хурал болжээ. Хуралдаанаар хүлээлгэн өгсөн сэлгээний илчит тэрэг нь 1987 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүр цахилгаан монтажийг нь шинэчилсэн эртний эдийг шинээр будаад хүлээлгэн өгчээ. Техникийн комиссын актаар явах ангийн хос дугуйны байдал нэг удаа зоролтонд орсон, кусовыг нь 1987 онд үйлдвэрлэсэн, зарим эд ангийг 1986 онд үйлдвэрлэсэн, шалны зэврэлт 15 хувь, машинч болон туслах машинчийн орчин тойрноо харах толь суурьгүй байсныг тогтоосон байна. Уг нь 1987 онд ашиглаж байсан үеэ элээсэн илчит тэргийг шинээр солих санал гаргасан ч ялгаагүй оны бүтээлийн шинэ будгаар солиод дахиад нийлүүлжээ. Иймээс ч Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын үүрэг гүйцэтгэгч Ч.Цогтбаяр гэрчилгээ олгохоос татзалсан албан бичгийг 2015 оны зургадугаар сарын 17-нд илгээсэн байх юм.

Монгол улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журамд “Төмөр замын тээвэрлэлтэнд ашиглахаар оруулж ирэх хөдлөх бүрэлдэхүүн нь үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацааны гуравны нэгээс ихгүй байх ба түүнийг тодорхойлох баримт бичиг сертификаттай” байна гэж заажээ. Зүтгүүрийн ашиглалтын хугацаа нь дээд тал нь 30 жил байдаг юмсанж. Харин Сэрээнэн даргын оруулж ирсэн зүтгүүр хойтон жил ашиглалтын хугацаа дуусгавар болно.

Ийм л юм болж. Харин энэхүү хэрэгт АТГ-аас саяхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хэрэвзээ энэхүү зүтгүүрийг зах зээлийн бодит ханшаар нь үнэлбэл хэдэн төгрөг болоо гэсэн бодол сэтгэл гэжигдэнэ. Ингээд интернэтээр хайгаад үзвэл 500 мянган рублиэс эхлээд 1 сая 950 мянган рублийн 1983-1988 оны сэлгүүрийн зүтгүүрүүд дурайх нь тэр.

Хэдэн жилийн өмнөх бус өнөөдрийн ханшаар тооцвол 17-60 сая төгрөгөөр л хуучин барааны захаас авч болохоор эд байжээ. Гэтэл манай дарга нар 800 саяар худалдаж авсан юм. Хэдэн зуун саяар нь унагаасан байгаа биз.

Ийм л байдлаар бидний хэрэгцээ, шаардлаганд нийцүүлж гал алдахгүй гэсэндээ гаргасан гэх шийдвэрийн балгаар эргэн тойронд маань авлигын үзмэрүүд сүндэрлэж, түүний боссон зардал, төлбөрийг татвар төлөгчид төлж байна.

Энд үзүүлсэн 64 сая долларын үзмэрийг авсан зээлийн хүүг, үндсэн зээлийг өнөөдөр та бид төлж суугаа. Харин 800 сая төгрөгөөр авсан зүтгүүрийн мөнгийг өөрсдөө ч мэдэхгүй хэзээний төлчихсөн. Улсын данс улайчихсан, цэцэрлэг, сургууль барих төслөө зарцаахаас өөр арга алга гээд буй энэ мөчид сануулахад ийм үзмэр бариагүй бол хэдэн зуугаар нь цэцэрлэг, сургууль барьж, хэдэн мянган хүүхдийг гэртээ цоожлогдож, сургууль завсардахаас сэргийлж чадах байлаа. Харамсалтай.

Авлигын хохирогчид нь ард түмэн улс, үндэстэн байдаг юмсанж. Жирийн музейн үзмэр хүнд сэтгэлийн таашаал эдлүүлдэг бол авлигынх харуусал, хагацал, ядуурал завхарлын хар ангал руу хөтөлнө. Нэвтрүүлгийн маань дараа дараагийн цуврал цөөхөн байж энэ мэт галерей нээгдэхээсээ өмнө хаагдаж, бид дахин уулзахгүйн байхын ерөөлийг тавья.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна