Монголчууд "Универсиад"-д оролцоод 50 жил боллоо

2015 оны 12 сарын 23

Монголчууд дэлхийн оюутны Универсиад наадамд оролцсоны 50 жилийн ойн баяр болон “Универсиад-2015” 28 дугаар их наадамд оролцсон тухай Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Доржсүрэнгийн Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.

-Дэлхийн оюутны “Универсиад” наадам хэдэн оноос анх явагдаж эхэлсэн, Монголчууд хэзээнээс оролцсон түүхтэй вэ?

-Дэлхийн оюутны спортын анхны “Универсиад” наадам 1959 онд Италийн Турин хотноо явагдсан. Монголчууд 1965 оноос эхлэн “Универсиад” их наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Тэр үеэд Унгарын Будапешт хотноо “Универсиад” 4-р их наадам болж манайхан волейболын эмэгтэй, эрэгтэй төрөлд оролцсон. 2015 онд монголчууд “Универсиад” их наадамд оролцсоны түүхт 50 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Наадамд орж байсан хүмүүсээс амьд сэрүүн 7 хүн бий. Бид ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн ба энэ оны сүүлчээр дахин цуглана. Монголчууд 28 удаагийн зуны “Универсиад” наадмын 19-д нь оролцоод байна. Хуучин тогтолцооны үеэд Монголчууд зөвхөн социалист орнуудад зохиогддог наадмуудад ордог байсан бол 1989 оноос хойшх бүх өвөл, зуны спортын “Универсиад”-уудад тасралтгүй оролцож ирлээ.

-Дэлхийн залуучууд, оюутны фестиваль гэж болдог байсан түүнээс Универсиад наадам юугаараа ялгаатай вэ?

-Заримдаа хүмүүс дэлхийн оюутны спортын “Универсиад” наадмыг “Дэлхийн залуучууд, оюутны фестиваль”с(ДЗОФ)-тай андуурах тал бий. ДЗОФ нь социалист системийн үеийн улс төр, соёлын арга хэмжээ байсан. Энэ наадам нь залуучуудын хувьд энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөх, үзэл бодлоо илэрхийлэх индэр байж, маргаан мэтгэлцээн,соёл урлагийн тоглолт, спортын нөхөрсөг уулзалт тэмцээнүүд болдог байв. ДЗОФ нь 1947-1989 онуудад явж, одоозохиогдохоо больсон. Энэ наадмууд нь тухайн үеэдээтус тусдаа явагддаг байсан.

Ер нь “Универсиад” наадам бол дэлхийн спортын тавцанд “Бага Олимп” хэмээн нэрлэгддэг спортын олон улсын цогцолбор, томоохон арга хэмжээ юм. Зохиогдож байгаа цар хүрээ, оролцогчдын тоогоор олимпийн дараа л ордог. “Универсиад” гэдэг үг нь “University” буюу их сургууль гэсэн үгнээс гаралтай. Универсиад нь 2 жил тутамд, сондгой тоотой жилд,  өвөл зуны спортын төрлүүдээр болдог. Наадамд 17-28 насны, их дээд сургуулийн өдрийн ангид сурдаг оюутнууд оролцдог. Олимпоос ялгарах онцлог нь “оролцохдоо” гэсэн зарчмыг барьдаг. Ямар нэг эрх авч ордоггүй. Универсиад наадамд ойролцоогоор дэлхийн 200 орчим орны 13,500 оюутан тамирчид орж байна. Олимптой адил тусгайлан барьсан тамирчдын тосгонд бүх тамирчид, албаны хүмүүс нэгэн дор амьдарч, тэндээсээ тэмцээндээ явдаг. Олон шинж чанараараа олимптой адил төстэй. Универсиадыг Олон улсын оюутны спортын холбоо(ОУОСХ) зохион байгуулдаг.

-Дэлхийн оюутны зуны “Универсиад -2015” наадам хэр болж өнгөрөв?

-Энэ 2015 онд Универсиад 28 дугаар наадам БНСУ-ын Гванжу хотноо 7 сард болж, 5 тивийн 137 орны 10,711  төлөөлөгчид оролцсон. Үүнээс 7,374  тамирчин оролцов. Гванжугийн наадам 18 спортын төрлөөр болж, 272 багц медалийн төлөө өрсөлдсөн. Универсиадын үндсэн 10  төрөл байдаг. Солонгосчууд байт харваа, гольф, таэквондо, бадминтон, буудлага, гандбол, сэлүүрт завь, бейсболын 8 төрлийг ОУОСХ-ны зөвшөөрлөөр нэмсэн. Наадмын үеэр байт харваа, хөнгөн атлетик, усанд сэлэлт, буудлагын төрөлд “Универсиад”-ын 33 шинэ дээд амжилт, дэлхийн 2 дээд амжилтыг байт харвааны төрөлд БНСУ-ын тамирчид тогтоосон. Универсиадад оролцсон орны баг тамирчидаас нийт 64 орон медаль хүртсэн бол түүнээс 42 орны тамирчид алтан медаль зүүсэн. Багийн нэгдсэн дүнгээр БНСУ-ын баг 47 алт, 32 мөнгө, 29 хүрэл нийт 108 медаль авч тэргүүн байр эзэлсэн бол ОХУ-ын баг тамирчид 34 алт, 39 мөнгө, 49 хүрэл нийт 122 медалиар 2 -р байрт, БНХАУ-ын баг 34 алт, 22 мөнгө, 16 хүрэл нийт 72 медаль авч эхний 3-н байранд орсон. Энэхүү наадмыг БНСУ-ын тал амжилттай явуулсан.

-Гванжугийн 2015 оны наадамд Монголын тамирчид ямар төрөлд, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэр амжилттай оролцсон вэ?

-Сүүлийн “Универсиад” наадмууд Монголтой газар нутгийн хувьд ойрхон болж бидэнд олон оюутан тамирчидаа оролцуулах боломж олгож байна. Хятадын Шинжинь хотноо 2011 онд 146 хүний бүрэлдэхүүнтэй, ОХУ-ын Казаньд 2013 онд 182 хүний баг тамирчидаа илгээж байсан бол Универсиад 2015 наадамд буудлага, жүдо, сагсан бөмбөг, спортын гимнастик, теннис, усанд сэлэлт, хөнгөн атлетик, ширээний теннис, туялзуур жад, таэквондо, гольф, байт харвааны 12 төрөлд 160 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчидыг оролцуулсан. Юуны түрүүнд энэ их наадмын бэлтгэл ажил, сонгон шалгаруулалтаа бид сайн хийсэн.  Монголын үндэсний оюутны спортын  “Универсиад” их наадмыг 2015 онд спортын 13 төрлөөр ЭМСЯ, БСШУЯ, Спортын холбоодуудтай хамтран явуулж 50 гаруй их, дээд сургуулийн 30,000 орчим оюутан 3 шатны тэмцээнд оролцов.

"Универсиад 2015" наадмын жүдо бөхийн төрөлд дэлхийн цомын аварга Д.Сумьяа 57-кг жинд алтан медаль хүртэж, 2013 оны дэлхийн аварга М.Уранцэцэг 48 кг жинд хүрэл медалиар энгэрээ мялаав. Нийтдээ гурван жүдочин шагналт 5-7 байрт шалгарсан. Тэмцээний өрсөлдөөн өндөр түвшинд явагдаж, ялалт авахад хэцүү байсан ба “Агаарын тулаанд зөвхөн шонхорууд нисдэг” гэдэг шиг манай 2 шилдэг тамирчин л залуу тамирчиддаа үлгэрлэл үзүүлэн медаль авч чадлаа. Энэ тэмцээнд 2016 оны РИО олимпод бэлтгэгдэж байгаа хашир туршлагатай олон бөхчүүд барилдсанаараа чухал онцлоготой боллоо.

“Универсиад-2015”-ын буудлагын 10 метрийн спорт гар бууны дасгалд Э.Даваахүү аварга боллоо. Тэр дэлхий, азийн олон медальт сайн тамирчдыг шигшээ 8-д дараалан хожиж түрүүлсэн. Мөн багийн 10 м гар бууны төрөлд мөнгө, 50 метрийн гар бууны зайд хүрэл медалийгЭ.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар авлаа. Буудлагын төрлөөс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль авч сайхан амжилт үзүүлсэн. Буудлагын 3-н төрөлд 6 байрт, 9-н тамирчид  шагналт байруудад шалгарсан. Хөнгөн атлетикийн эр, эм хагас марафон, эмэгтэй 10,000 м төрөлд 4 тамирчин шагналт 4-7 байранд орлоо. Усан сэлэлтийн тамирчид улсын дээд амжилтаа 2 төрөлд тогтоосон. Ийнхүү Монголын тамирчид дэлхийн Универсиад 2015 наадамд 2 спортын төрөлд алт 2, мөнгө 1, хүрэл 2 медаль хүртэв. Жүдо, буудлага, хөнгөн атлетикийн спортоор 16 тамирчин 12зай, дасгал, төрөлд 12 шагналт байранд шалгаран их наадмын өргөмжлөлөөр шагнагдсан. Монголын баг тамирчид наадмын нэгдсэн дүнгээр дэлхийн 137 орны тамирчидаас эхний 24 дүгээр байрт орсон. Энэ өндөр зорилтыг бид  хамтын хүчээр хэрэгжүүлж чадсан.

"Универсиад 2015" наадмын жүдо бөхийн төрөлд дэлхийн цомын аварга Д.Сумьяа 57-кг жинд алтан медаль хүртэж, 2013 оны дэлхийн аварга М.Уранцэцэг 48 кг жинд хүрэл медалиар энгэрээ мялаав. Нийтдээ 3-н жүдочин шагналт 5-7 байрт шалгарсан. Тэмцээний өрсөлдөөн өндөр түвшинд явагдаж, ялалт авахад хэцүү байсан ба “Агаарын тулаанд зөвхөн шонхорууд нисдэг” гэдэг шиг манай 2 шилдэг тамирчин л залуу тамирчиддаа үлгэрлэл үзүүлэн медаль авч чадлаа. Энэ тэмцээнд 2016 оны РИО олимпод бэлтгэгдэж байгаа хашир туршлагатай олон бөхчүүд барилдсанаараа чухал онцлоготой боллоо.

МОСХ-ноос бүх тамирчидын оролцох бололцоог хангахын тулд хоол байрны зардалд ихээхэн хөнгөлөлт үзүүлсэн нь тамирчидад санхүүгийн хувьд чухал дэмжлэг болсон. МИАТ ХК-тай ярьж шийдвэр гаргуулан тамирчидад хөнгөлөлтэй үнээр билет бичүүлж, жуулчны ид ачаалалтай үеэд суудал гарган тамирчидыг товлосон хугацаандаа явуулсан. МҮОНРТ, МНС телевизийн сэтгүүлчид наадмын тосгонд ажиллаж мэдээллийг газар дээрээс нь цаг алдахгүй Монгол руу дамжуулж, Боловсрол телевиз, “Спорт бокс” суваг телевизүүд эх орон даяар шууд дамжуулан нэвтрүүлсэн. Монголын таван их, дээд сургуулийн 13 биеийн тамирын багшийг Гванжу хотноо Универсиадын Эрдэм шинжилгээний хуралд оролцуулсан.

Төвлөрсөн тогтолцооны үеэд дэлхийн оюутны Универсиад наадамд оролцуулах ажлыг МХЗЭвлэл, МОХолбоо, БТСУХороо зэрэг томоохон төр-олон нийтийн төв байгууллагуудын хүн хүчээр түрэн зохион байгуулдаг ажлыг одоо ОУОСХ-ны гишүүн байгууллагын хувиар МОСХ-ны цөөн тооны ажилчид наадмын бэлтгэл ажил, оролцуулах, зохицуулах бүх ажлыг хийж олон хүнтэй багийг бүрдүүлэх, бичиг баримт, мэдүүлэг, виз, хөрөнгө мөнгө олох, нэгдсэн хувцас форм хийлгэх зэрэг их ажлыг олон цагаар, их ачаалалтай, амралтгүй ажиллаж, бүх зүйлээ цаг хугацаанд амжуулан хийсэн юм.

-Универсиад наадамд багийн спортын төрлийг оруулахад хэр анхаарч байна. Оюутан залуучуудын дунд багийн спортууд өргөн хөгжиж байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 онд гаргасан 144 тоот зарлиг нь цаг үеэ олсон чухалшийдвэр болсон. Бид зарлигийг дэмжин, хэрэгжүүлэх чиглэлд их анхаарч байна. Универсиад наадамд 1965 онд анх оюутнууд волейболын төрөлд улсаа төлөөлөн орж байсан. Энэ удаа бид оюутан залуучуудын дунд хамгийн их хөгжсөн сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчидаа 2 дах удаагаа дэлхийн Универсиад наадамд явуулсан. Сагсан бөмбөгийн тамирчид 2013 оны Казаны наадамд Япон, Филиппины 2 орны багийг хожиж 16 байрт орсон бол 2015 оны наадамд Европын Швейцарь, Америкийн Чили, Африкийн Мозамбек зэрэг 3 орны багийг хожиж,чанарын хувьд амжилтаа ахиулсан. Энэ нь Монголчууд багийн спортын төрлөөр зөвхөн Ази тивдээ өрсөлдөх биш, дэлхийд гарах боломж байгааг харуулсан. Монголын баг энэ тэмцээний урьдчилсан шатанд ОХУ, Серб, Мексик, Канад, Монтенегро зэрэг дэлхийн өндөр рейтингтэй багуудтай тоглосон. Сагсан бөмбөгийн хувьд бид одоохондоо ДАШТэмцээнд Азиас шалгаран оролцох болоогүй байгаа тул Универсиад наадмаар дэлхийн том багуудтай тоглон Монгол улсад сагсан бөмбөгийн спорт хөгжиж байгааг олон улсад мэдрүүлдэг болоод байна.

Бид 2017 онд Хятадын Тайваньд болох Универсиадад эрэгтэй сагсны баг дээрээ эмэгтэй волейболын багаа авч явах зорилттой байна. Энэ жил волейболын баг маань рейтинг доогуур тул шилдэг 16 багт орж Универсиадад уригдаж чадсангүй. Бид ч их хөөцөлдсөн ч чансаа гэдэг юм нөлөөлсөн. Цаашид хөлбөмбөг, гандболын төрлөөр баг тамирчидаа Универсиадад оролцуулах зорилт бий. Мөн хоккейн багийг анх удаагаа 2017 оны Алматагийн өвлийн Универсиадад оруулахаар ярилцаж байна. Тэнд л манайхан Канад, ОХУ, Чех, Швед зэрэг орнуудын залуучуудтай тоглох боломж олдоно. Энэ дашрамд дурдахад бид Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнийг 2016 оны 9 сарын 19-25-нд Улаанбаатар хотноо явуулахаар эрхийг нь авчихаад бэлтгэж байна. Манай эрэгтэй баг энэ тэмцээний 2010, 2012 оны хоёр хүрэл медальтай. Эх орондоо болох тэмцээнд амжилтаа ахиулах зорилт тавиад байгаа.

-Дэлхийн оюутны “Универсиад” их наадамд үзүүлсэн Монгол улсын оюутан тамирчдын амжилтыг төр, засгаас хэр үнэлж дүгнэсэн вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны тогтоолоор дэлхийн оюутны “Универсиад” наадмаас медаль хүрсэн тамирчинд мөнгөн шагнал олгох асуудлыг журамласан байдаг. Универсиадын аварга Д.Сумьяа 30 сая төгрөгөөр шагнагдлаа. Ганцаарчилсан төрлөөр алт, багаар мөнгө, хүрэл медаль хүртсэн Э.Даваахүү 36 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн МУГТамирчин М.Уранцэцэг 10 сая төгрөг, багаар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар 6 сая төгрөгөөр тус тус шагнагдав. Универсиадын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд хүлээн авч шагналын батламжыг гардуулан өгсөн юм. Ерөнхий сайд өөрөө залуучуудын байгууллагад олон жил ажиллаж байсан туршлагатай хүн учраас ихээхэн ач холбогдол өгч манай залуучуудад урмын сайхан үг хэлсэн. МОХолбоо, МЗХолбоо зэрэг оюутан, залуучуудын ТББайгууллагуудаас 20 тамирчин, дасгалжуулагч нарыг шагнасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж оюутны спортыг ихээхэн дэмждэг хүн. Универсиад наадамд амжилттай оролцоод ирсэн баг тамирчдыг 2011, 2013 оны Универсиадын дараа төрийн дээд одон, медалиар шагнан урамшуулж ирсэнд манай оюутан залуучууд их баяртай байдаг. Энэхүү төр, засгийн үнэлгээ нь ирээдүйд гялалзах оюутан тамирчдын спортын дараа дараагийн амжилтыг гаргахад ихээхэн чухал түлхэц дэм болж буйг тамирчид, дасгалжуулагч,спортын холбоодын төлөөлөгч нар  дурсан ярилцдаг юм.

-Монголын оюутан тамирчдын Универсиадын амжилт ямар байна вэ?

-Монголын үе үеийн оюутан тамирчид “Универсиад” наадмаас нийтдээ 7 спортын (чөлөөт бөх, жүдо, буудлага, шатар, самбо, бүстэй барилдаан, бокс) төрлөөс 11 алт, 14 мөнгө, 25 хүрэл бүгд 50 медаль хүртсэн түүхтэй.  Бид 1965 оноос хойш Универсиадад 50 жил оролцон энэ түүхэн ойн 2015 ондоо Универсиадын 50 дах медалиа хүртсэн сайхан амжилт үзүүллээ. Мөн давхардсан тоогоор спорт доторх багийн төрлийн тамирчид ороод 50 тамирчин Универсиадаас медаль хүртсэн 3-н давхар 50-ын тоо бүхий сонин содон амжилт гаргасанд бид их бэлэгшээж байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдийн оюутны спортын амжилт их өндөр байна.

Монголын оюутны спортын түүхэнд анхны “Универсиад”-ын аварга нь “Универсиад -1973” наадмын чөлөөт бөхийн 68 кг жинд спортын гавьяат тамирчин Ц.Нацагдорж юм. Универсиадын 3-н медальтай тамирчинаар Э.Даваахүү 2015 онд тодорлоо. Хос медальтай 6 тамирчин байна. Б.Сугаржаргал-бүст барилдаан 1 алт, 1 хүрэл 2013 он; Ч.Нарантуяа-буудлага 2 мөнгөн медальтай 2011 ба 2013 онд; М.Уранцэцэг-жүдо 1 мөнгө-2009 он, 1 хүрэл-2015 онд; Г.Нандинзаяа-буудлага 1 мөнгө, 1 хүрэл 2013 онд; О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар-буудлага 1 мөнгө, 1 хүрэл медальтай 2015 онд хүртжээ. Мөн 1977 онд Болгарын Софи хотноо болсон Универсиад наадамд ах дүү хоёр З.Ойдов, З.Дүвчин нар аварга болж байлаа.

Монголын оюутан тамирчидын 1973-2015 оны зуны  “Универсиад” их наадамд үзүүлсэн амжилт

Он

Хот ба улс

Медаль

Тамирчин

Төрөл

Алт

Мөнгө

Хүрэл

1973

Москва, ЗХУ

1

-

1

Алт-Ц.Нацагдорж Хүрэл медаль -Ж.Мөнх-очир

Чөлөөт бөх

1977

Софи, Болгар

2

-

2

Алт- З.Ойдов,        З.Дүвчин, Хүрэл-    О.Энхтайван, Ж.Даваажав

Чөлөөт бөх

1981

Бухарест, Румын

-

-

1

Д.Оюунболд

Чөлөөт бөх

1999

Пальма де Мальорка, Испани

1

-

1

Алт-Х.Болдбаатар Хүрэл-Х.Эрдэнэт-од

Жүдо

2003

Дэгү, БНСУ

-

-

1

Х.Цагаанбаатар

Жүдо

2005

Измир, Турк

1

-

-

Б.Наранбаатар

Чөлөөт бөх

2007

Бангкок, Тайланд

1

1

-

Алт: Жүдо-Х.Бундмаа Мөнгө:Буудлага- Ц.Мөнхзул

Жүдо, Буудлага

2009

Белград, Серби

-

2

1

Мөнгө-П.Лхамдэгд, М.Уранцэцэг, Хүрэл-С.Ням-очир

Жүдо

2011

Шинжинь, БНХАУ

-

4

-

Мөнгө: Жүдо- Ц. Чинбат; Шатар-Б.Мөнгөнтуул; Буудлага- Эм 50м урт буу Ч.Нарантуяа;       Буудлагын эр баг 50м -Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг;

2013

Казань,

ОХУ

3

6

16

Алт: Чөлөөт бөх-С.Батцэцэг; Бүст барилдаан- Б.Сугаржаргал;Бокс-Х.Энхдэлгэр; Мөнгө-Бүст барилдаан-Д.Анар; Жүдо- Б.Жанчивдорж; Буудлага: Баг  Г.Нандинзаяа, О.Янжинлхам,  Ч.Нарантуяа; Чөлөөт бөх- Э.Сумьяа, О.Насанбурмаа; Самбо- Ч.Марал-Эрдэнэ;Хүрэл- Бокс: Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Н.Шинэбаяр;                   Бүст барилдаан: М.Отгон-эрдэнэ, Б.Сугаржаргал, С.Энхчимэг,Д.Мөнхтуяа,Буудлага: Г.Нандинзаяа;  Чөлөөт бөх:Г.Мандахнаран,Д.Хүдэрбулга;   Самбо:Ж.Чанцалдулам,Т.Амаржаргал,Н.Нямтуяа,О. Мөнхцэцэг;

2015

Гванжу, БНСУ

2

1

2

Алт:Жүдо бөх- Д.Сумьяа;  Буудлага-Э.Даваахүү; Мөнгө: Буудлагын хийн гар бууны эр баг 10м Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар;Хүрэл: Жүдо-М.Уранцэцэг,    Буудлагын хийн гар бууны эр баг 50м Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар;

Бүгд-50 медаль

11

14

25

Нийт -50 тамирчин

7-н төрөл

1965.

2003.

2009.

 

-Та оюутны спортоор овоглоод нилээн удлаа. Ажил бүтээл хэр байна вэ?

-Би МОСХолбоог анх 1989 онд байгуулагдахад оюутан байсан. Тэр үеэд МОХ-д оюутны спортыг хариуцдаг байлаа. Түүнээс хойш энэ холбоотойгоо 26 жил тасралтгүй, олон жил явж байна. Анх 1993 онд Универсиад наадамд баг тамирчидаа ахлан оролцож байсан. Оюутны спортын сэдвээр “Багш болох оюутныг БТС-д дур сонирхолтой болгон төлөвшүүлэх нь” ОХУ-ын Томск хотноо 1999 онд Ph.Dдокторын зэрэг хамгаалсан. Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2004 оноос, ОУОСХ-ны хяналтын хорооны гишүүнээр 2007 оноос хойш сонгогдон ажиллаж байна.

Эх орондоо 2002 онд шатрын, 2006 онд чөлөөт бөхийн, 2010 онд боксын дэлхийн оюутны аваргын тэмцээнийг зохион байгуулсан. Мөн Азийн оюутны аваргын тэмцээнийг 2008 онд ширээний теннис, 2012 онд эмэгтэй волейболын төрлөөр явуулж 2016 онд байт харвааны оюутны ДАШТ, эрэгтэй сагсан бөмбөгийн Азийн АШТэмцээний эрхийг авч бэлтгэлээ хангаж байна. Дотоодоо 1990 оноос хойшх оюутны бүх шатны тэмцээн, Универсиад наадмыг зохион байгуулахад оролцлоо. Гадаадад олон тооны тамирчдыг жил бүр Азийн болон дэлхийн тэмцээнүүдэд явуулж байгаа. Оюутны ДАШТэмцээнээс Монголын оюутан тамирчид 1988-2014 онд 21 алт, 13 мөнгө, 39 хүрэл нийтдээ 73 медаль хүртлээ.

Эх орондоо 2002 онд шатрын, 2006 онд чөлөөт бөхийн, 2010 онд боксын дэлхийн оюутны аваргын тэмцээнийг зохион байгуулсан. Мөн Азийн оюутны аваргын тэмцээнийг 2008 онд ширээний теннис, 2012 онд эмэгтэй волейболын төрлөөр явуулж 2016 онд байт харвааны оюутны ДАШТ, эрэгтэй сагсан бөмбөгийн Азийн АШТэмцээний эрхийг авч бэлтгэлээ хангаж байна. Дотоодоо 1990 оноос хойшх оюутны бүх шатны тэмцээн, Универсиад наадмыг зохион байгуулахад оролцлоо. Гадаадад олон тооны тамирчдыг жил бүр Азийн болон дэлхийн тэмцээнүүдэд явуулж байгаа. Оюутны ДАШТэмцээнээс Монголын оюутан тамирчид 1988-2014 онд 21 алт, 13 мөнгө, 39 хүрэл нийтдээ 73 медаль хүртлээ. Оюутны Азийн АШТэмцээнээс 2005-2015 онд 7 алт, 8 мөнгө, 13 хүрэл нийтдээ 28 медаль хүртсэн амжилт үзүүлэхэд удирдан зохион байгуулж оролцсон. МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан ОУОСХ-ны Ерөнхий санхүүчээр 2007 оноос хойш 3 удаа тасралтгүй сонгогдон Удирдах зөвлөлд нь дээд алба хашин ажиллаж байгаа нь манай холбоог олон улсад үнэлсэн үнэлэмж  ба  тэрээр Монгол улсаа ОУОСХ-ны 170 гишүүн орнуудад өргөн сурталчилж байна. МОСХолбоо нь Ази тивийн болон Үндэсний хэмжээний шилдэг холбоогоор удаа дараа шалгарч байсан. Ер олон түмний дэмжлэг, хамт олны зүтгэлээр эдгээр ажил үйлсийг бүтээн, амжилттай сайн явж байна гэж боддог.

-Та “Оюутны спорт, Универсиад наадам” номоо өнгөрсөн онд хэвлүүлэн гаргасан, энэ талаар судалгаа тань үргэлжилж байна уу?

-Би “Оюутны спорт, Универсиад наадам” нэртэй 24 хэвлэлийн хуудас номоо 2014 онд гаргасан. БСШУЯамнаас ИДСК-ийн биеийн тамирын сургалтанд ашиглах сурах бичиг болгон 100 гаруй сургуулиудад тараан хүргэсэн. Энэ номоос оюутан залуус Универсиадын талаар олон талын мэдээлэл авч байна. Удахгүй Казахстаны Алмата, ОХУ-ын Москва хотноо“Советский спорт” хэвлэлийн газарт орос, казах хэл дээр энэ ном орчуулагдан хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна. Энэхүү спортын Монгол ном олон орны хүмүүст хэрэг болж, хэвлэхээр сонирхож байгааг бодоход сэтгэл сайхан байна. Ном маань дэлхийн оюутны спортын хөгжилт, ОУОСХолбоо, өвөл, зуны 55-н удаагийн Универсиад наадмын тухай, Ази тивийн оюутны спортын түүхэн хөгжилтийн тухай өргөн мэдээлэл, зураг орсон олон улсад чиглэгдсэн танин мэдэхүйн чиглэлтэй ном болсон.

Цаашид судалгаагаа үргэлжүүлэн Монголын оюутны спортын түүх, Универсиад, оюутны дэлхийн болон Азийн АШТэмцээнд оролцсон тухай, үндэсний оюутны УАШТ, наадамтай холбоотой 1 ном гаргахаар ажиллаж, бэлтгэл ажил 80 хувьтай явж байна. Уг номонд гадаадад суралцаж байсан оюутнууд Монголд хэрхэн орчин үеийн спортыг оруулж ирж, хөгжүүлсэн түүхийг 1920-иод оноос эхлэн бичих, 1965 оноос хойшхи 19-н Универсиадад орсон спортын амжилтыг тодоруулах, оюутны ДАШТ болон Азийн АШТэмцээнд оролцсон түүх, Үндэсний оюутны спортын хөдөлгөөний тухай, хөгжилт, МОСХ-ны үүрэг, дотоодын наадам, тэмцээн, Монголд зохиогдож байсан оюутны ДАШТ, ААШТэмцээний тухай 300 гаруй хуудас бүтээлийг олон улсын болон үндэсний архивийн материал, өөрийн судалсан зүйл, олон зураг орсон номыг бүтээхээр төлөвлөж байна.

-Танд их баярлалаа. Танай баг тамирчидад спортын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

2013.

2015.

Ө.МАНЛАЙ (“ӨДРИЙН СОНИН”)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна