Хөвсгөл аймгийн Манлай малчдын холбоо байгуулагдлаа

2015 оны 12 сарын 23

Сэтгүүлч:
Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Манлай малчид болон уяачдын анхдугаар нэгдсэн зөвлөгөөн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнийг “Манлай малчин” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэгч “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд 24 сумаас 500 гаруй Манлай малчид, уяачид хүрэлцэн ирсэн юм.

Манлай малчид болон уяачдын нэгдсэн зөвлөгөөнд ХААИС-ийн доктор, профессорууд “Монгол орны мал аж ахуйн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлага”, “Бэлчээрийн төлөв байдал, ашиглалт, хамгаалалт”, “Нүүдлийн мал аж ахуйн, эрчимжүүлэлт, тэжээлийн үйлдвэрлэл” сэдвээр, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа А.Энхбаяр “Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх” гэсэн лекцүүдийг малчиддаа зориулан уншсан юм. Мөн тус зөвлөгөөнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон “Хурдан морины уяа сойлго” сэдвээр лекц уншин, уяачидтай өөрийн туршлагаас хуваалцлаа.

Зөвлөгөөний үеэр малчид өөрсдийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага дор хүчээ нэгтгэж, малчдыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор “Хөвсгөл аймгийн Манлай малчдын холбоо”-г байгуулах шийдвэр гаргалаа.

Манлай малчдын холбооны тэргүүнээр “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатар сонгогдож, удирдах зөвлөлийг сум бүрийн төлөөлөл болсон МУ-н Хөдөлмөрийн баатар, Улс, аймгийн аварга, манлай малчид бүрдүүллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна