Нуранги дороос 60 цагийн дараа аврагджээ

2015 оны 12 сарын 23

 

Хятадын Шэньжэнь хотноо ням гаригт /XII.20/ хөрсний нуранги болсноос аж үйлдвэрийн паркийн 33 барилга нурж сүйдэн, 91 хүн сураггүй болсон билээ. Тэгвэл Хятадын аврагчид нуранги дороос 60 гаруй цагийн дараа нэгэн эрэгтэйг эсэн мэнд аварч гаргажээ. Түүнчлэн аврагчид сураггүй болсон хүмүүсийн эхний цогцсыг нуранги дороос өчигдөр /XII.22/ гаргасан аж. Одоогийн байдлаар нурангид даруулсан 70 гаруй хүнийг олж чадаагүй байна. Аврах ажиллагаанд олон мянган хүнийг дайчлан ажиллаж байгаа аж. Аадар борооны дараа  барилгын хог хаягдлыг овоолон босгосон “хиймэл уулнаас” нуранги үүссэн байна. Хөрсний нуранги 50 орчим хөлбөмбөгийн талбайтай тэнцэх газрыг хаман “залгижээ”.

 

Үүнээс өмнө Хятадад энэ онд олон зуун хүний амийг авсан гурван том үйл явдал гарсан юм. Шанхай хотноо 2015 он гарсан шинэ жилийн үдэш шахцалдаан болсноос олон хүн амь үрэгдэж, дараа нь Шар мөрөнд гатлага онгоц живж, химийн үйлдвэрийн агуулахад дэлбэрэлт болсон билээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна