Монголчууд Коби Брайнтыг хамгийн их хайжээ

2015 оны 12 сарын 23

“Гүүгл” сайтад өнгөрч буй 2015 онд хамгийн их “хайгдсан” хүмүүсийг тодруулжээ. Ингэхдээ аль улсад хэнийг хамгийн их хайсныг нарийвчлан гаргасан байна. Гүүглээр хамгийн их хайгдсан хүмүүсийг Аргентины хөлбөмбөгч Лионель Месси /24 орон/, реалити од Ким Кардашиан /19 орон/, Португалын хөлбөмбөгч Криштиану Роналду /18 орон/  нар тэргүүлжээ. Харин өнгөрч буй онд монголчуудын анхаарлыг хамгийн их татсан хүнээр NBA-ын супер од Коби Брайнт тодорсон байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Украин, Молдав, Латвийн ард иргэд хамгийн их хайжээ.

Хятадуудын хувьд экс дарга Зян Земинийг Гүүглээр хамгийн их хайсан нь түүнийг нас барсан гэх цуурхалтай холбоотой аж.

Өмнөд Солонгост бол жүжигчин И Тэ Им өнгөрч буй онд олны анхаарлыг хамгийн ихээр татжээ.

Хамгийн их үзэн ядагддаг гэгддэг дуучин Жастин Биберийг Папау Шинэ-Гвинейн ард иргэд хамгийн их сонирхож хайлт хийсэн байна.

Реалити од Ким Кардашианы тухай мэдээллийг Норвеги, Катар, Финлянд, Франц, Шинэ-Зеланд, Кипр, Австрали, Эстони, Швед, Канад, АНУ, Армени, Нидерланд, Их Британи, Азербайжан, Дани, Польш, Турк, Литва улсын иргэд хамгийн их сонирхсон аж.

Харин хөлбөмбөгч Лионель Мессийг Аргентин, Туркменистан, Куба болон Африкийн орнуудад хайсан бол Криштиану Роналдуг Мозамбек, Грийнланд, Буркина-Фасо, Люксембург, Испани, Лаос, Этиоп, Ангол, Гүрж, Морокко, Гвиней-Биссау, Эритрей, Португаль, Косово, Зүүн Тимор, Албани, Унгар, Афганистаны иргэд илүүтэй сонирхжээ.

Дуучин Ники Минаж Замби, Лесото, Өмнөд Африк, Тринидад ба Тобаго, Свазиланд, Белизе улсад Гүүглийн хайлтын үр дүнгийн нэгээр гарч ирсэн байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TIME

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна