Кевин Галлагхер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015 оны 12 сарын 23

УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Кевин Галлагхер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.12.23/ НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Кевин Галлагхер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын даргад Монгол Улс дахь зудын нөхцөл байдал болон НҮБ-аас гаргасан хүн төрөлхтөний өмнө тулгарч буй хүнсний хомсдол, манай улсад байгаа нөөц бололцооны хүрээнд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд борлуулах боломж, менежментийн талаар танилцууллаа.

Манай улсын хувьд 51.9 сая толгой малтай. 2009 онд зуд болсны улмаас 11.3 сая толгой мал хорогдсон. Харин хүн төрөлхтөний 8 хүн бүрийн нэг нь буюу 842 сая хүн өлсгөлөнд байнга нэрвэгдэж байна. Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зуд болох өндөр магадлалтай тохиолдолд малын махаар 5 хүртэл жил хадгалах хугацаатай нөөшилсөн мах гэх мэт стратегийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх шаардлага байгааг УИХ-ын даргад танилцуулав. Үүний тулд НҮБ-ын ХХААБ болон “Тайж групп”, мах үйлдвэрлэгч компаниуд хамтран энэ жил 1 сая толгой бог малын махаар нөөшилсөн мах бэлтгэж, өлсгөлөнд нэрвэгдсэн улс орнууд болон дүрвэгсдэд хүргэх боломж байгаа талаар “Тайж” группын ерөнхий захирал Л.Ганпүрэв уулзалтын үеэр хэлж байлаа.

Уулзалтад НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Кевин Галлагхер, "Тайж” группын ерөнхий захирал Л.Ганпүрэв болон албаны бусад хүмүүс байлцав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна