Парламентын хурлын үеэр нас баржээ

2015 оны 12 сарын 23

 

Кувейтийн улстөрч Набил аль-Фадхл мягмар гаригийн /XII.22/ парламентын хуралдааны үеэр таалал төгсжээ.  65 настай Набил аль-Фадхл хурлын үеэр суудал дээрээ гэнэт ухаан алдаж амьсгал хураасан байна. Кувейтийн парламентын бусад гишүүд түүнд туслахаар овоорч, эрүүл мэндийн сайд нь ухаан оруулахаар хичээсэн аж.

 

Парламентын гишүүний гэнэтийн үхлийн улмаас спикер хуралдааныг өнөөдөр /XII.23/ болгон хойшлуулжээ. Кувейтийн парламент өнөөдрийн хуралдаанаа нээхдээ Набил аль-Фадхлд хүндэтгэл үзүүлэн эмгэнэсэн байна. Набил аль-Фадхлын парламентын ордон дахь суудлыг төрийн далбаагаар хучсан байгаа аж.

 

Сэтгүүлч мэргэжилтэй Набил аль-Фадхл өөрийн сониноороо дамжуулан исламын дайчид болон бусад улстөрчдийг хурцаар шүүмжилдэг нэгэн байжээ. Тэрбээр мусульманчууд олонх болдог Кувейтэд архины хоригийг цуцлахыг шаардсанаас маргаан дэгдсэн байв. Одоогоор түүний гэнэтийн үхлийн шалтгаан тодорхойгүй байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна