Энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа

2015 оны 12 сарын 23

 

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, болон ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. Шагнал гардуулах ёслолын дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хэлсэн үгэндээ "Дэлхийн улс орнууд энх тайвныг бэхжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж, аливаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж, үүгээрээ тодорхой үр дүнд хүрч байгаа ч бүс нутаг, улс орон, овог аймаг, шашин хоорондын сөргөлдөөн, үймээн самуун арилахгүй, терроризмийн аюул занал оршисоор байгаа нь улам бүр даяаршиж байгаа дэлхий ертөнцөд хэн бүхний сэтгэлийг түгшээсэн тулгамдсан асуудал болж байна. Ийм ээдрээтэй нөхцөл байдалд Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон 10 гаруй жилийн хугацаанд мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөх болсон. Дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн эвслийн Улс оронууд, түүний дотороос ХБНГУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран тавигдсан үүргээ амжилттай биелүүлсэн нь нэр төрийн хэрэг" хэмээн онцолсон.

 

 

Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 6 сарын хугацаанд Умард бүсийн командлалын Мармал баазын Шалган нэвтрүүлэх байруудын хамгаалалтын аюулгүй байдлыг хангах техник тоног төхөөрөмж ашиглан тавигдсан үүргээ амжилттай хэрэгжүүлсэн юм.

 

Дэлхийн Улс оронууд гавьяа байгуулсан цэргийн алба хаагчдаараа бахархаж төрийн ивээл хүртээн шагнаж урамшуулдаг ёс уламжлагдан ирсэн бөгөөд энэ өдөр “Энхийн төлөө” медалиар 4, “Афганистанд энхийн төлөө I” хүндэт тэмдэгээр 92, “Афганистанд энхийн төлөө II” хүндэт тэмдэгээр 22, “Дайчин алдар I ” медалиар 1, “Дайчин алдар II” медалиар 2, “Дайчин алдар III” медалиар 2, “Эх орны төлөө I” хүндэт тэмдэгээр 1, “Эх орны төлөө II” хүндэт тэмдэгээр 2, “Эх орны төлөө III” хүндэт тэмдэгээр 5 цэргийн алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.

 

Шагнал гардсан зарим алба хаагчийн сэтгэгдлээс хуваалцлаа.

 

Зэвсэгт хүчний 142 дугаар ангийн ахлагч Э.Эрдэнэсүх:

 

 

-Энхийг сахиулах ажиллагаанд хоёр дахь удаагаа оролцож байна. Хүний нутагт үүргээ нэр төртэй гүйцэтгэхэд маань ар гэрийн амгалан тайван байдал хамгаас чухал байдаг. БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын зүгээс энэ талд маш их анхаарал хандуулж байсанд талархлаа илэрхийлье. Монголын цэрэг дэлхийн цэргүүдийн эгнээнд багтаж байгаа энэ сайхан цаг үед тэдний нэг нь болж ирсэндээ баяртай байна.

 

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэслэгч А.Ганболд:

 

 

-Эх орныхоо зүүн хязгаараас ирж энхийг сахиулах ажиллагаанд оролцлоо. Ангиасаа ганцаараа оролцсон. Олон сайхан аавын хөвгүүд, эх орны цэрэг эрсийн хамт үүргээ нэр төртэй биелүүлээд ирлээ. Цагийн байдал харьцангуй тогтвортой байсан учраас ямар нэгэн саад бэрхшээл бага тулгарсан. Энэ завшааныг ашиглаад багийн удирдлага, салааны бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлье.

 

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ахлах дэслэгч О.Төмөрбат:

 

 

-Миний хувьд хоёр дахь удаагаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирлээ. Зэвсэгт хүчний зургаа дахь жилдээ ажиллаж байна. Монгол цэргүүд дэлхийн хаана ч үүрэг гүйцэтгэж чадна гэдгээ баталж байгаад баяртай явдаг шүү. Хилийн дээс алхах тусам эх орноо санах, үгүйлэх нь илүү ихээр нэмэгддэг юм билээ.