92 жилийн түүхтэй "Соёмбо" сонины үйл ажиллагаатай танилцав

2015 оны 12 сарын 23

 

1924 онд "Ардын цэрэг" нэртэйгээр анхны дугаараа хэвлүүлж байсан "Соёмбо" сонин өдгөө 92 жилтэйгээ золгожээ. Зэвсэгт хүчний амьд архив болсон энэ байгууллага тэртээх дайны үеэс өнөөдрийн энх амгалан амар тайван байдлыг хүртэл тасралтгүй хэвлэгдэн гарч, уншигчдын гарт очиж байна. Өдгөө долоо хоног тутам хэвлэгдэн гарч байна. 92 жилийн түүхтэй энэ байгууллагын үйл ажиллагаатай өнөөдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан танилцаж батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээ сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан оюуны бүтээлүүдийг сонирхлоо. "Соёмбо" сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдоржийн зүгээс "Цаг үеийн онцлох үйл явдлуудаа манай сэтгүүлчид баримтжуулан ном товхимол болгон гаргасан байгаа. Ялангуяа, энхийг сахиулах ажиллагааны үеийн гэрэл зургийн альбом, номууд бий. Манай сэтгүүлчдийн олонхи нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай" гэсэн. Б.Батсайхан даргын зүгээс "Өнөөдөр нийгэмд манай цэрэг эрсийг энхийг сахиулах ажиллагаанд явахад нь мөнгөний хойноос явж байна гэж ойлгодог. Тэгвэл энэ асар буруу ойлголт. Монгол цэргүүд дэлхийн цэрэг болсноо ажиллагаа бүрт нотлон харуулдаг. Дэлхийд өнөөдөр Монголын нэрийг манай цэргүүд л дуурсгаж байна. Ийм болохоор та бүхний оюуны энэ бүтээлүүдийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тарааж ойлгуулах хэрэгтэй. Энэ талын ажлууд зохион байгуулаарай" гэсэн юм. Цэргийн төв хэвлэлүүдэд ажиллаж байсан цэргийн сэтгүүлчдээс Төрийн шагналт зохиолч Ч.Ойдов, Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Д.Тарваа, Гадаад явдлын сайдаар ажиллаж байсан Л.Тойв, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Т.Ганди нарын олон алдар суутнууд төрөн гарсан байдаг юм.