Монгол цэргийн музей дүүргийн шилдэг байгууллагаар тодров

2015 оны 12 сарын 23

 

Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музейн хамт олон шинэ оноо хийж бүтээсэн арвин ажилтай угтаж байгаа ажээ. Тэд Чөлөөлөх дайны ялалтын 70 жил, Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд нийслэл болон орон нутгуудад хэд, хэдэн үзэсгэлэн зохион байгуулснаас эхлээд багагүй бүтээлч ажлууд хийсэн байдаг. Монгол цэргийн музейн хамт олны хөдөлмөрийг үнэлж Болосврол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд идэвх санаачлага гаргаж ажилласан хэмээн "Соёлын үйлчилгээг нийгмийн бүх давхаргад хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллага"-аар өргөмжилжээ. Мөн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас "Дүүргийн шилдэг соёлын байгууллага" өргөмжлөл хүртээсэн байна. Ингэснээр дүүргийнхээ хошой аваргаар тодорч байгаа юм. Монгол цэргийн музей нь Монголын түүхийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон Монгол Цэргийн түүхийн арвин баялаг дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, олон түмэнд үзүүлэх, сурталчлах, үүрэг зорилго бүхий соёл, шинжлэх ухааны байгууллага юм.