Р.Жигжид “Гутайн даваа”-ны талаар тайлбар өглөө

2015 оны 12 сарын 23

Бурхан Халдун уулнаас эх авч урсдаг Онон голын хөвөөнд 772 га газрыг гадаадын компанид ашиглуулахаар хууль бусаар лиценз олгосон. Энэ нь Уул уурхайн сайд Р.Жигжид ажлаас огцрох бүрэн үндэслэл гэсэн  шаардлагыг “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас тавьж, Монголын үндэсний түүхийн музейн урд суулт зарласан билээ. Тэгвэл өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид энэ асуудлаар албан ёсны тайлбар хийлээ. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт орших алтны ордод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Монгол-Канадын хамтарсан “Гутайн даваа” компани нь 2003 онд тус газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлөө авч байжээ. Удалгүй тус газартаа “Гутайн” алтны үндсэн ордыг нээж, нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3.1 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Гэтэл тэр үед урт нэртэй хуулийн  үйлчлэлийн бүс Ойн сан бүхий газартай давхцалтай байж таарчээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 18 нд УИХ урт нэртэй хуулийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Өөрөөр хэлбэл “Гутайн даваа” компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин нь тухайн урт нэртэй хууль, түүнийг дагалдах журмаар бүрдсэн байна. Ингээд Ашигт малтмалын газраас Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргасан  “Далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” гэсэн лавлагаанд үндэслэж “Гутайн” алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг “Гутайн даваа” компанид өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдөр хуулийн дагуу олгосон гэж Р.Жигжид сайд мэдэгдлээ.

“Гутайн” алтны ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлээ “Гутайн даваа” компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, өнгөрсөн арваннэгдүгээр сард батлуулсан байна. Уг техник эдийн засгийн үндэслэлд нь таван жилийн хугацаанд 1.3 тонн алт олборлон 84.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 205 хүнийг ажлын байраар хангаж, 22.5 тэрбум төгрөгийн татварын хураамж төлж, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөл гэж тусгагджээ. Мөн шаардлагатай хөрөнгө оруулалт нь 14.4 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд 212 сая төгрөгийг зарцуулна гэж төлөвлөсөн байна.

“Гутайн” алтны ордын газарт одоо Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас олгосон мэргэжлийн эрх бүхий байгууллага болох “Дэлгэрэх оч” компани хийж эхэлжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна