Орон нутгийн ИТХ, нутгийн захиргааны байгууллагууд хамтран уриалга гаргалаа

2015 оны 12 сарын 23

Сэтгүүлч:
Улаанбаатар

УРИАЛГА

Монгол Улсын хучин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх...” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ.

Орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын эдийн засгийн үндэс болсон орон нутгийн өмчийг үгүй болгож зөвхөн төрийн өмч болгох зорилго бүхий аймаг, нийслэл болон бусад орон нутгийн ИТХ нутгийн захиргааны байгууллагуудаас санал аваагүй хуулийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад байна.

Орон нутгийн бие даан хөгжих бодлогын амин сүнс нь хуулиар олгогдсон орон нутгийн өмч байдаг. Орон нутаг нь өөрийн өмч түүнийг захиран зарцуулах эрхэд тулгуурлан бие даан хөгжиж, эдийн засаг, төсвийн асуудлаа зохицуулж ирсэн билээ. Өмч гэдэгт газар байшингаас гадна нийтийн эзэмшлийн зам талбай, мод, хашаа, хайс, инженерийн дэд бүтэц гэх мэт байнга өргөжин тэлж байдаг эд хөрөнгө ч багтдаг ба өмчийн болон бусад эрх, биет бус зүйл ч багтдаг билээ.

Асар уудам өргөн нутагт тархан байрласан Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тогтолцоог нэг гарт төвлөрүүлэх нь туйлын буруу зүйл гэдгийг манай өнгөрсөн түүх харуулдаг бусуу. Тэгээд ч цаашид загвар болгохоор сонгон авч буй хот-улсын өмчийн менежмент нь манай улсад тохирохгүй гэж бид үзэж байна.

Та бүхнийг уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээсээ өмнө орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудаас санал авахыг дахин УРИАЛЖ байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна