Залуу дипломатчдад хандаж үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Залуу дипломатчдад хандаж үг хэллээ

Шинээр дипломат албанд орж байгаа залуу ажилтнуудын дипломат ажилтны тангараг өргөх ёслол дээр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн хэлсэн үг


Дипломат ажилтны тангараг өргөж байгаа Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

ГХЯ энэ зун дипломат албан тушаалд анх элсэн орох мэргэжлийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу зохион байгуулсан билээ. Шалгалтыг нээлттэй зарлаж, ажлын байрны шаардлагыг хангаж байгаа хэн бүхний чөлөөтэй орж өрсөлдөх боломжийг бүрдүүлж, шалгалтыг ил тод шударгаар явуулсан юм. Шалгалтанд 340 орчим хүн орсноос та бүхний  28 хүн тэнцсэнийг ГХЯ болон зарим ДТГ-уудад зохих албан тушаалд томилон туршилтын журмаар ажиллуулсан. Туршилтын хугацааг амжилттай дуусгаж өнөөдөр ийнхүү тангараг өргөж, дипломат албаны төрийн тусгай албан хаагч болж байна.

Дипломат ажилтан байна гэдэг бол хэн бүхэнд заяагаад байхгүй, ихээхэн хариуцлага, олон талын мэдлэг чадвар шаардсан ажил. Хэлж ярьж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүр нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, нэр хүндтэй холбоотой байдгаараа онцлоготой. Нөгөө талаар ихээхэн нэр хүндтэй, Монгол төрийн алтан аргамж болсон элчин харилцаанд эх орноо төлөөлж байна гэж бодохоор бахархахаар тийм ажил алба билээ.

Шалгалтыг нь өгч тэнцээд, албан тушаалд томилогдож, тангараг өргөснөөр дипломат ажилтан болчихлоо гэж бодож болохгүй. Энэ бол ажлын дөнгөж эхлэл.

Дипломат ажилтан нь өндөр мэдлэгтэй, өргөн хүрээнд сэтгэдэг байх ёстой. Аливаа асуудлыг бүс нутаг, олон улсын хэмжээнд сэтгэх шаардлагатай. Өнөөдөр дэлхийн улс төр, эдийн засгийн байдал эрс өөрчлөгдөж байна. Энэ нөхцөлд Монгол Улсын гадаад харилцааны талаарх уламжлалт бодлого хэрхэн зохицож явах, яавал манай улсад ашигтай, үр өгөөжтэй байх вэ гэдгийг, мөн  дипломат хүний хэлсэн үгийг тухайн хувь хүний бодол гэхээсээ илүүтэй тухайн улсын Засгийн газрын бодлого гэж хүлээж авдаг нийтлэг жишиг байдгийг байнга бодож тунгааж, цэгнэж байх хэрэгтэй.

Дипломат ажилтан нь гадаад харилцааны салбарын чиглэл бүрт хөрвөж ажиллах тал бүрийн мэдлэг чадвартай байх ёстой. Зөвхөн өөрийн хариуцсан ажил гэхгүй дипомат албаны салаа мөчир бүрээр шамдан суралцаж дадлагажих хэрэгтэй. Төрийн захиргаа, төрийн алба, ёслол хүндэтгэл, дипломат шуудан илгээх, виз консулын үйлчилгээнээс авхуулаад улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, хоёр талын хийгээд олон талт хамтын ажиллагаа, олон улсын эрх зүй, хүний эрх, зөөлөн хүчний болон байнга төвийг сахих бодлого зэрэг асуудлыг судлаж мэдэх шаардлага гарна. Өөрийгөө ямагт хөгжүүлж байх хэрэгтэй.

Дипломат ажилтан нь өндөр ёс зүйтэй, сахилга баттай, хүнлэг энэрэнгүй, харьцааны хийгээд биеэ авч явах өндөр соёлтой байх ёстой. Төрийн тусгай албан хаагчийн хувьд төрийн хууль тогтоомж, олон улсад нийтлэг мөрдөгддөг эрх зүйн хэм хэмжээ, ёс зүйн болон сахилгын холбоотой  дүрэм, журмыг ягштал мөрдөж ажиллах, дипломат эрх ямбыг зөв эдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байвал зохино. Хилийн чанадад суугаа эх орон нэгтнүүдтэйгээ зөв боловсон харьцаж байх, зовж зүдэрсэн нэгэндээ урмын үг хайрлаж байх, тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх, хөндөгдсөн эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалахад цаг ямагт анхаарч санаа тавьж байх нь зүйтэй. Монгол ахуй, түүх соёл, зан заншлаа мэддэг байх хэрэгтэй.

Дипломат ажилтан бол мэргэжлийн орчуулагч, хэлмэрч, эх зохиогч, тэмдэглэгч, сэтгэл зүйч байх ёстой. Гадаад хэлний мэдлэгээ байнга дээшлүүлж,  нийтлэг нэг хоёр хэл сурснаар хязгаарлахгүй НҮБ-ын албан ёсны хэл, түүнчлэн бусад хэлийг ч шамдан суралцах, төгс эзэмших нь чухал. Аливаа улс орны төлөөлөгчидтэй эх хэлээр нь харьцах шиг сайн юм байхгүй. Яриа хэлэлцээний арга барилыг эзэмших, тухайн цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч, зөв үнэлж, зөв гарцыг олж чаддаг байх, хэлэх үгийн сэдвийг урьдчилан бэлтгэж сурах, уулзалт ярианы тэмдэглэлийг хөтлөх чадварыг эзэмших хэрэгтэй.

Мэргэшсэн дипломат болж өсч дэвжихэд нэг талаас Та бүхний хичээл зүтгэл юу юунаас чухал, нөгөө талаас яамны газар, нэгжийн зүгээс, ялангуяа ТЗУГ-ын газрын зүгээс анхаарч ажиллах хэрэгтэй юм. Тухайлбал, яамны газар, нэгжүүдэд сэлгэн ажиллуулах, ДТГ-т богино хугацаагаар томилон ажиллуулах, АСЕМ-ын хурлын бэлтгэл ажилд болон зохион байгуулахад дайчлан оролцуулах, түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны тодорхой нэг сэдэв, тулгамдсан асуудлаар сар бүр эссэ бичүүлж байж ч болох юм гэсэн саналтай байна. Энэ бол шалгалт биш. Ажил мэргэжил дээрээ өсөх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх арга барилд суралцахад тус дөхөм болно гэж үзэж байна.

Та бүхэнд дахин баяр хүргэж, ажлыг амжилт хүсье. Удахгүй гарах шинэ оны мэндийг дэвшүүлье.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж