“Results matter consulting” компанийн захирал Абхижит Багачаржиг хүлээн авч уулзав

2015 оны 12 сарын 23

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Results matter consulting” компанийн захирал Абхижит Багачаржиг өнөөдөр /2015.12.23/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтын эхэнд Абхижит Багачаржиг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслүүд Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр мэдээлэлдээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шинээр сонгогдсон болон хуучин байсан гишүүдэд энэ чиглэлээр анх удаа сургалт зохион байгуулсан. Сургалтын хөтөлбөр, гарын авлага, сэдэв зэргийг орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс санал авч, төрийн болон төрийн бус байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран дээрх материалуудыг бэлтгэсэн талаар танилцуулаад төслийн хүрээнд khural.mn нэгдсэн цахим хуудсыг бий болгож үндэсний хэмжээний портал сайт болгож чадсан гэлээ. Түүнчлэн бүсчилсэн чуулга уулзалтуудыг зохион байгуулж, энэ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ууд туршлага солилцох, хууль тогтоомжийг хэрхэн боловсронгуй болгох талаар болон төслийн талаар санал солилцдог тухай дуулгасан юм.

“Results matter consulting” компанийн захирал Абхижит Багачаржи Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, НҮБ-аас төсөл хэрэгжүүлдэг орнуудад төслийн үнэлгээ хийж, дүгнэлт өгөн ажилладаг талаараа танилцуулав. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас төслийн талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна