Адель тамхинаас гарчээ

2015 оны 12 сарын 23

Аялан тоглолтынхоо үеэр дарс, тамхиар хоолоо хийдэг дуучин Адель тамхинаас гарсан гэнэ. “The Mirror” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Хэрэв би тамхинаас гараагүй бол тамхинаас үүдэлтэй өвчнөөр үхэх нь гарцаагүй байсан бизээ. Хэрэв би хорт хавдар тусч үхвэл өөртөө бууж өгснөөс ялгаагүй хэрэг болно. Харин би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн ярьжээ.

“The Mirror” сэтгүүлд бичсэнээр бол Адель өдөрт л 25 ширхэг тамхи татаж дуусгадаг байсан гэнэ. Гэтэл Адель 2011 онд хоолойгоо гэнэт алдаж, шоу тоглолтоо цуцлахаас өөр аргагүй болсон нь тамхинаас гарахад хүргэсэн аж.

Тэрбээр өнгөрсөн сард “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ч мөн тамхи татдаг муу зуршлынхаа талаар ингэж ярьсан байна.

Тамхи тийм сайн эд биш боловч би тамхинаас гарч чаддаггүй байсан. Хэрэв би тамхи татаж байгаад хорт хавдар тусч үхвэл миний хүү баларна шүү дээ. Тэгээд л би тамхинаас гарахаар шийдсэн” гэжээ.

Бүтээгүй анхны хайрынхаа тухай дуунуудаар “19” нэртэй цомог гаргаснаас хойш Британид төдийгүй олон оронд шүтэн бишрэгчтэй болсон дуучин Адель саяхан “25” нэртэй шинэ цомог гаргаж бас л шуугиан тарьсан юм. Адель шинэ дуу, цомог гаргасан л бол тэр нь дорхноо дуулиан болж, амжилт дагуулдаг болоод байгаа билээ. Дуучин 2012 онд Грэммийн хөгжмийн наадмаас зургаан төрөлд шилдэг болж, шагналын эзэн болсноос хойш хэсэг нам гүм амьдарч байгаад 2015 онд “25” нэртэй шинэ цомогтой эргэн ирсэн юм. Адель удахгүй Европоор аялан тоглохоор төлөвлөж байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл Лондоноос эхлээд Парис, Берлин, Антверпен хүртэл аялан тоглох юм. Харин ирэх долдугаар сард Хойд Америкт хийх аялан тоглолтын тасалбар захиалга зарлагдсанаас хойш хэдхэн минутын дотор дуусч, тасалбар захиалж чадаагүй олон мянган хүн бухимдалтай үлдсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна