“Далд уурхайд 6-7 тэрбум ам.доллар шаардлагатай”

2015 оны 12 сарын 23

Сарын бүр Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” мэдээллийг хийдэг билээ. Энэ дагуу өнөөдөр өнгөрсөн 11 сарын уул уурхайн салбарт өрнөсөн үйл явдлын талаарх мэдээллээ Р.Жигжид сайд салбарын дарга нартайгаа хийлээ. Мөн энэ үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Оюу толгойн далд гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах, хэрэгцээт зардал 6-7 тэрбум ам.доллар. Үүний 4.4 тэрбум ам.долларыг эхний үед арав гаруй банкуудээс зээлээр авч байгаа. Шаардлага гарах юм бол энэ зээлийнхээ хэмжээг нэмэгдүүлнэ. Тэр нь цаг тухайдаа шийдэгдэнэ. Уг нь зэсийн үнэ дээшээ доошоо хэлбэлзэж, бололцоотой мөнгөн урсгал хангагдах юм бол орлогоосоо гүйцээнэ гэсэн тооцоотой байна. Монгол Улсад жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын зарцуулалт хийгдэнэ” гэж тодотгосон юм. Дэлхийн хэмжээнд том тооцогдох Оюутолгойн ордын ил уурхайг 2009 онд, уулын баяжуулах үйлдвэрийг 2013 онд ашиглалтад оруулсан. Тус төсөл 2009-2014 онд 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, 2.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт 1.3 тэрбум ам.долларын татвар, хураамж төлсөн байна. Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд энэ сарын 16-нд гарын үсэг зурж, дэлхийн томоохон 20 банк, санхүүгийн байгууллага Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэж байгаа нь Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талуудын хамтын ажиллагааны үр дүн, Монголын эрдэс баялгийн салбар хөрөнгө оруулалт татах ихээхэн нөөц бололцоо байгааг дэлхий дахинаа илтгэн харуулсан үйл явдал боллоо. Цаашид уг төсөл амжилттай хэрэгжихийн тулд Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээг хатуу чанд мөрдөж ажиллах, өмнө гаргасан алдаа, үл ойлголцлыг гаргахгүй байхад анхаарах шаардлагатайг Р.Жигжид сайд онцолж, анхаарууллаа.

Уул уурхайн салбараас 201 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар нүүрс 20.8 сая тонн, алт 13.9 тонн, газрын тос 1.1 сая тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 209.8 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал нэг сая 193.6 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 5.9 сая тонн, цайрын баяжмал 82.4 мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ. Энэ оны эхний 11 сард 1,335.0 мянган тонн зэсийн баяжмал, 4.3 сая тонн төмрийн хүдэр, 9.5 тонн алт, 12.9 сая тонн нүүрс, 1.0 сая тонн газрын тос экспортолсон байна. Харин Уул уурхайн сайдын багцын орлого нийт 201.0 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ. Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 45.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 32.5 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 4.4 тэрбум төгрөг, бусад орлого 8.7 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар нийт 155.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.Үүнээс газрын тосны орлого 151.8 тэрбум төгрөг,бусад орлого 3.6 тэрбум төгрөг байна.

Ердийн хэрэглээний 52 хоногийн нөөцтэй байна

12 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 52 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 авто бензин 69, Аи-92 авто бензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй үлджээ.

Хайгуулын 726 тусгай зөвшөөрөл олгоод байна

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 726 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Аймгуудын Засаг дарга нараас санал авахаар хүлээгдэж байгаа 376, дэмжигдээгүй 499, хүлээгдэж байгаа 376 өргөдөл байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3282 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1787 ширхэг, ашиглалтын 1482 ширхэг тусгай зөвшөөрөл байна. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох 5 удаагийн сонгон шалгаруулалтыг 55 талбайд зарласан байна. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого, Улсын төсвийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажил хийгдсэн газрын нөхөн төлбөр, үйлчилгээний орлогоор эхний 12 сарын байдлаар 47 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсвийн орлогыг 110 орчим хувиар биелүүлжээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг шинэчилжээ

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 9.67 сая гектар талбайг солбицлоор шинээр тогтоож, мөн Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан 31 сая гектар талбай бүхий солбицлоос экологийн ач холбогдолтой, байгалийн нөөцийн үндэсний парк, тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн зэрэг найман сая гектар талбайн солбицлыг хасаж тогтоолоо.Монгол Улсын хилийн зурвас газар буюу хилийн шугамаас 15 км-ийн бүсэд хуулиар хориглосон, хязгаарласан талбайгаас бусад талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 1.4 сая гектар талбайн солбицлыг тогтоов. Ингэснээр тухайн бүс нутагт дэд бүтэц шинээр бий болох, ажлын байр, хүн амын суурьшил нэмэгдэх, цаашилбал Үндэсний аюулгүй байдал, газар нутгийг геологийн судалгаагаар баталгаажуулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Д.УЛАМБАЯР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна