Мэдээллийн ил тод байдал 52 хувьтай үнэлэгджээ

2015 оны 12 сарын 23

Монгол Улс 2011 онд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”, харин 2014 онд “Шилэн дансны тухай” хуультай болсон билээ. Тэгвэл энэ хугацаанд төрийн байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хэрхэн хангаж байгаад “IRIM” хүрээлэн, “Transparency International-Mongolia” байгууллагаас судалгаа явуулжээ. Энэ судалгаагаар төрийн байгууллагууд мэдээллээ тайлагнах, иргэдэд мэдээлэх байдал нь нэмэгджээ. Тухайлбал, 2010 онд төрийн байгууллагуудын цахим хуудас дахь мэдээллийн ил тод байдал 27 хувьтай байжээ.  Харин энэ онд 52 хувь болж өссөн байна.

Судлаачид “Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал”, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг судалжээ.  Ингэхдээ төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдалд анализ хийсэн байна. Судалгаанд төрийн 85 байгууллагын цахим хуудсыг хамруулжээ. Гол нь төрийн байгууллагуудын сайт дахь мэдээллийн ил тод байдалд анализ хийхдээ мэдээллийн холбоотой байдал, найдвартай юу, цаг үеийн үү, цахим хуудас нь хүртээмжтэй юу, хэрэглэхэд хялбар уу гэдгээр нь дүгнэжээ. Цахим сайтынхаа  мэдээллийн ил тод байдлаар Сангийн яам тэргүүлсэн байна. Харин хоёрдугаарт Сонгуулийн ерөнхий хороо, гуравдугаарт Зам тээврийн яам орсон байна. Судалгаагаар есөн байгууллага мэдээлэл нь хаалттай, 16 байгууллага ил тод гэсэн үнэлгээтэй бол бүрэн ил тод байгууллага байхгүй гэх үр дүн гаргажээ.

Харин “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн үнэлгээнд 83 байгууллагын цахим хуудсыг оруулсан байна. Нийт байгууллагын 50 нь өөрийн гэсэн цахим хуудастай, харин 33 нь огт байхгүй аж. Харин цахим хуудсандаа шилэн дансны тусгай цэстэй 32 байгууллага байна. Өөрийн гэсэн цахим хуудасгүй, бие даасан шилэн дансны цэсгүй 51 байгууллага бий. Эдгээр байгууллагын 60-аас дээш хувь нь тухайн жилийн төсөв, таван сая төгрөгөөс дээш орлого зарлагын гүйлгээ, төсвийн гүйцэтгэл зэргээ мэдээлдэг гэжээ. Харин төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлт, санхүүгийн тайлан зэргийг бага хувьтайгаар нийтэлсэн гэх дүн гарсан байна. Энэ мэтчилэн төрийн байгууллагууд сайтдаа мэдээллээ гаргах нь нэмэгдсэн ч иргэдэд төдилөн хүртээмжтэй бус, цаашид ашиглах боломж хомс байгааг судлаачид тодотгожээ.

Монгол Улс хэдийгээр Мэдээллийн тод байдлыг хангах асуудлыг хуульчилж, эрхзүйгээр баталгаажуулж өгсөн ч иргэд ашиглах нөхцөл хомс байгаа аж. Цаашид хуулийг хэрэгжүүлэх орчин, механизмыг бүрдүүлэх шаардлагатайг салбарынхан хэлж байна. Мөн бэлгэдлийн чанартайгаар мэдээллээ гаргах биш, иргэдэд хүртээмжтэй, ашиглах боломжтойгоор гаргах нь чухал гэдгийг онцоллоо.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна