2020 оны Олимпийн цэнгэлдэхийн загварыг баталжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

2020 оны Олимпийн цэнгэлдэхийн загварыг баталжээ

2020 оны Токиогийн Олимпийн гол цэнгэлдэх барих төсөлд Японы архитектор Кенга Кумагийн загвар шалгарсныг тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна. Токиогийн 2020 оны Олимпийн цэнгэлдэх барих төсөлд Ирак-Британи гаралтай нэрт архитектор Заха-Хадидын 265.1 тэрбум йенийн өртөгтэй загвар өрсөлдсөн ч ийнхүү Японы архитектор Кенга Кумагийн 149 тэрбум йенийн өртөгтэй загвар шалгарчээ. 80,000 хүний суудалтай, гурван давхарга бүхий Олимпийн шинэ цэнгэлдэхийн барилгыг Японы Тайсэй корпорацитай хамтран барих юм байна. Заха-Хадидын төслийн өндөр өртөг нь Олимпийн шинэ цэнгэлдэх барихад анх төлөвлөж байсан 130 тэрбум йенээс даруй хоёр дахин их байсан нь шүүмжлэл дагуулсан тул Японы Засгийн газар өөр загварыг сонгосон байна.

Япон архитектор Олимпийн шинэ цэнгэлдэхийг төсвийн хяналтан дор энгийн арга, технологиор, үр бүтээлтэй явуулахаа амласан байна. Кенга Кума 100 жилийн баталгаатай цэнгэлдэх барихаар хэдийн төсөөлсөн гэнэ. Архитектор мөн загвартаа тамирчдын санааг тусгахаа ч мартаагүй гэнэ. Архитектурын салбарт олон улсын олон шагналын эзэн болж байсан Кенга Кума Токиогийн их сургуулийн архитектурын сургуулийн профессор ажээ. 2020 оны Токиогийн Олимпийн төв цэнгэлдэхийг 2019 оны арваннэгдүгээр сард буюу Олон улсын олимпийн хорооны заасан эцсийн хугацаанаас хоёр сарын өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Олимпийн төв цэнгэлдэх барих төсөлд шалгарсан загварыг өртөг, цаг хугацааны хувьд бүх шаардлагад нийцсэн гайхалтай загвар хэмээн магтаад Японы ирээдүй хойчид бахархал болон үлдэх өв болно гэж хэлжээ. 2020 оны Токиогийн Олимпийн цэнгэлдэхийг 1964 оны Олимпийн наадмыг зохион явуулсан Японы Үндэсний цэнгэлдэхийн туурин дээр байгуулах юм. 2020 оны Токиогийн Олимпийн нээлтийн ажиллагаа шинэ цэнгэлдэхэд 2020 оны долдугаар сарын 24-нд болох юм байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж