Эдийн засгийн цоо шинэ орчин 2016 онд бий болно

2015 оны 12 сарын 24

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, НӨАТ-ын шинэ хууль хоёр нь бие бие нөхсөн шинэ орон зайг бий болгож байгаа бөгөөд бизнес эрхлэхэд амар болж, татвараас зайлсхийх явдал эрс багасна-

2015 он улирч 2016 гарах гэж байна. 2016 он бол улс төр, эдийн засгийн хувьд онцгой байх жил. Ирж буй онд парламентын ээлжит сонгууль болно. Сүүлийн 20 гаруй жил Ардчилсан нам Монгол Ардын нам гэсэн улс төрийн хоёр хүчнээр удирдуулсаар ирсэн Монголын улс төрийн хувьд онцгой өөрчлөлт гарах магадлал бага. Сүүлийн хэдэн сонгуулийн өмнө шинэ дуу хоолой, шинэ дүр царай хэрэгтэй гэдэг үгс сонсогддог ч сонгуулийн санал хураалтын шөнө өнгөрч дүн гарахад өнөө л хоёр нам байж байдаг.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль энэ оны дуустал үргэлжлэх учиртай. Ерөнхий сайдын тайлагнасан 6.1 их наяд төгрөг 7-8 их наяд хүрэх магадлалтайг зарим эдийн засагч хэлж байна. Хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл муутай байсан иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс хуулийн хэрэгжих хугацааг сунгах хүсэлт ихээр тавьж байгаа талаар ҮТЕГ-ынхан УИХ-ын гишүүдэд хэлсэн. Ер нь хугацааг сунгахгүй хуулийн хугацаандаа дуусгах чиг барьж, татварын албаныхныг өдөр шөнөгүй шахан ажиллуулж байгаа гэсэн ч хуулийн хугацааг сунгахыг өчигдөр хуралдсан /2015.12.23/ Төсвийн байнгын хороо дэмжлээ. Энэ саналын дагуу Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулбал далд орлогоо мэдүүлж, татвараас өршөөгдөх хүсэлтээ иргэн, аж ахуйн нэгж ирэх оны хоёрдугаар сарын 20 хүртэл өгч болохоор нөхцөл үүснэ.

Харин эдийн засгийн хувьд 2016 он ихээхэн онцлогтой жил болох гэж байна. Юу гэвэл эдийн засаг, санхүүгийн шинэ орчин бүрдэх жил гэж хэлж болно. Энэхүү шинэ орчин хэд хэдэн хуультай холбоотой. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сарын 17-нд УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Хуулийн зорилго нь өнөөг хүртэл төрөөс нуун дарагдуулж ирсэн орлогоо ил тодоор мэдүүлж, баланс цэвэр, нэр бүтэн бизнесээ цаашид эрхлээд явах боломж бий болгож байгаа юм. Хуулийн дагуу орлогоо ил тод мэдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид орлогоо нуун дарагдуулсаны төлөө хуулийн ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанд хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг одоогийн байдлаар 6.1 их наяд орлого ил болоод байгааг тайлагнасан. Төсвийн алдагдал их наядаар тоологдож, валютын нөөц эрс багассан, бэлэн мөнгө эргэлдэх салбар бараг байхаа больж, бартерийн гэрээг баруун солгойгүй болсон энэ үед гудсан доор нуусан мөнгө ил гарах нь сэхээнд байгаа өвчтөнд цус сэлбэсэнтэй л ижил.

2008 онд мөн ийм хууль гарган хэрэгжүүлж 5.6 их наяд төгрөгийн орлогыг ил болгож байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь өнөөг хүртэл шударгаар амьдарч ирсэн иргэн, компаниуд хохирч харин муу аргаар амьдарч ирсэн хүмүүс нь хожиж байна гэсэн шүүмжийг дагуулаад байгаа. Энэ шүүмж үнэний хувьтай боловч бизнесийг нэг гараанаас эхлэх боломжийг олгож байгаа учраас бизнесээ цэврээр хийж, шударга явж ирсэн хэсэгт илүү их боломжийг нээж өгч байгаа гэдэг талаас нь харж, шударга бус байх нөхцөлд ажиллаж чадсан бизнесийн эрч хүч, туршлага байгаа юм чинь ирээдүй өөдөө илүү итгэлтэй алхах боллоо гэсэн эрмэлзэл төрүүлэх нь дамжиггүй.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав энэ хуулийн ач холбогдлыг нуусан орлогыг нь шантаажилж байсан мафижсан тогтолцоог халж байгаа нь хамгийн гол хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсаныг энд онцлон тэмдэглэе.

Эдийн засгийн шинэ орчныг бий болгох өөр нэг хууль бол ирэх сарын 1-нээс хэрэгжих НӨАТ-ын тухай хууль юм. Энэхүү хуулиар НӨАТ төлөх 10 хувь хэвээр боловч татвар төлөх босго 10 сая байсныг 50 сая болгон өндөрсгөж, мөн энэ татварыг төлсөн иргэд, аж ахуйн нэгжид хорин хувийг нь буцаан олгох юм. Мөн өөр нэг онцлог нь татвар төлөлтийг цоо шинэ систем буюу цахим хэлбэрт шилжүүлж байгаа явдал. Энэ хууль батлагдсанаар арилжааны бүх мэдээлэл бүртгэгдэж, Татварын ерөнхий газар, Сангийн яаманд төвлөрнө.

НӨАТ-ыг Монгол улс анх 1998 оноос бий болгон, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд татварын орлогын 30-35 орчим хувийг энэхүү татвараас бүрдүүлдэг.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, НӨАТ-ын шинэ хууль хоёр нь бие бие нөхсөн шинэ орон зайг бий болгож байгаа бөгөөд бизнес эрхлэхэд амар болж, татвараас зайлсхийх явдал эрс багасна.

Үүнээс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын шинэ хууль мөн ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.

Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна