Гүнжид зориулсан Эрдэнийн сан

2015 оны 12 сарын 24

Грейс Келли гоёлтой, гоёлгүй гялалзаж ирсэн сайхан эмэгтэй байлаа. Учир нь, түүнд гоёл чимэглэлийн хамгийн сайхнаас нь зориулж байсан юм.

Хуримын бэлэг болгон Cartier ордны гоёл чимэглэлийн үнэт эдлэлээс хэд хэдийг Грейст бэлэглэсэн байлаа. Эдгээр үнэт эдлэлийн зарим нь Монакогийн гүнжийн дүртэй салшгүйгээр холбогджээ.

Дурлалын энэ түүх 1955 онд Канны кино наадам дээр эхэлжээ. Жорж Ситоны бүтээсэн “Тосгоны бүсгүй” киногоор дөнгөж Оскар аваад байсан Грейс Келли тэр кино наадмын гол од нь болсон юм. Нэгэн албан ёсны зураг авалт дээр жүжигчин эмэгтэй Монакогийн ван III Реньетай танилцаад жилийн дараа 1956 оны дөрөвдүгээр сард түүний эхнэр болсон юм. Эхлээд ван түүнд Cartier ордны бадмаараг, очир эрдэнийн даруухан хуримын бөгжийг бэлэглэв. Гэхдээ дараа нь Холливудын оддын дэгжин гоёлын эд зүйлийг хараад бөгжөө шинэчлэхээр шийдсэн байлаа. Ингээд ван 10,47 каратын “номин эрдэнэ” гэх очир эрдэнийн чулуутай бөгжийг захиалжээ. Грейс Келли тэр бөгжийг амьдралынхаа эцэс хүртэл зүүсэн ба “Дээд хүрээнийхэн” киноны зураг авалт дээр ч хуруунаасаа салгаагүй юм. Өнөөдөр тэр үнэт эдлэл нь бүхий л үеийн хамгийн алдартай гоёлын жагсаалтад багтдаг.

Гүнжийн дүртэй холбоотой бас нэг гоёл нь бөөрөнхий очир эрдэнийн гурвалын хэлхээстэй хүзүүний зүүлт юм. Энэ гоёлыг гүнжийн 1959 онд авахуулсан хөрөг зургаас харж болно. Cartier ордонд бүтээсэн бугуйвч, үсний тиара зүүлт хоёр бас алдартай. Диадема гэх титэмлэсэн үсний зүүлт нь түгжээтэй. Түүнийг нь тайлаад бугуйвч эсвэл энгэрийн зүүлт болгон зүүж болно. Үүнийг бэлэглэсэн The Sociйtй des Bains de Mer компани тэр гоёлыг “Бен де Мер” гэж нэрлэжээ.

Cartier ордны үнэт эдлэлүүд Грейс Келлийг албан ёс арга хэмжээн дээр ч дагалдаж ирсэн юм. Даашинз эсвэл хүрмэндээ тэрээр пудель нохойн дүрстэй 270 очир эрдэнийн шигтгээтэй зүүлтийг зүүнэ. Эсвэл алт, цагаан, очир эрдэнэ, сувд, шүрээр гоёсон тахианы дүрстэй зүүлт зүүж иржээ.

Бөөрөнхий очир эрдэнийн гурвал хэлхээс бүхий энэ хүзүүний зүүлт нь гүнжид ирсэн хуримын бэлэг юм.

10,47 каратын “номин эрдэнэ” гэх очир эрдэнийн чулуутай хуримын бөгжөө гүнж хэзээ ч хуруунаасаа салгаж байгаагүй.

270 ширхэг очир эрдэнийн чулуун шигтгээтэй энгэрийн зүүлт.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна