Хятад ба цахим тусгаар тогтнол

2015 оны 12 сарын 24

 

Хятадын Ерөнхийлөгч Си Жинпинь бусад улс орныг өөрийнх нь улсын болоод бие биенийхээ интернет орчин дахь “цахим тусгаар тогтнол”-ын олон янз хэлбэрийг тухай бүрт нь хүндэтгэн авч үзэх уриалга гаргажээ.

 

 

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Хятадын Зейжан мужид болсон Дэлхийн Интернетийн чуулганы үеэр хэлэхдээ “Улс орон болгон цахим ертөнц дэх орон зайгаа хэрхэн ямар арга замаар хөгжүүлж, ямар журмаар зохицуулах вэ гэдгээ өөрсдөө бие даан шийдэх бүрэн эрхтэй” гэсэн утгыг агуулсан байна.

 

Хятад нь дэлхийн хэмжээний томоохон веб сайтуудыг ашиглахыг хориглосон байдгаасаа болж шүүмжлүүлэх тохиолдол бишгүй гардаг хэвээр байгаа билээ.

 

 

Си Жинпиний илтгэлдээ дурдсан гол санаа нь 650 сая орчим интернет хэрэглэгчид бүхий Хятад улсын цахим ертөнц нь даяарчлагдаж буй дэлхийн интернет орчинд хандаж буй нийтлэг хэвшлээс ангид байж, тэднээс үл хамааран юунд хяналт тавьж, түүнийгээ хэрхэн чангатгах вэ гэдгээ эргэлзэхгүйгээр шийдэх ёстой гэсэн санааг тайлбарлажээ.

 

Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан чуулга уулзалтад ОХУ, Пакистан, Казакстан, Киргиз болон Таджик гэх зэрэг улс орны төрийн болон технологийн салбарын төлөөлөгч оролцсон байна.

 

“Хил хязгааргүй сэтгүүлчид” төрийн бус байгууллагын үзэж буйгаар энэхүү чуулга уулзалтад зарим улс орны Засгийн газар болон бусад энэ чиглэлийн ТББ-ууд оролцохоос зайлсхийсэн бөгөөд үүнийгээ цахим орчинд ажлаа гүйцэтгэж байгаад ял аван шийтгүүлсэн 40 гаруй сэтгүүлчтэй холбоотой асуудалд хамсаатай болж харагдахаас сэргийлсэн үйл явдал боллоо хэмээн тайлбарлажээ.

 

Өнгөрсөн удаагийн чуулганыг сурвалжилсан ВВС агентлагийн сурвалжлагч тэмдэглэхдээ “2014 онд зохион байгуулагдсан Дэлхийн Интернетийн анхдугаар чуулганы үеэр зохион байгуулагч тал оролцогч талуудыг интернет үйлчилгээг танахын тулд хамтарсан мэдэгдэл гаргуулах гэж чуулганд оролцогчдын зочид буудлын өрөөний хаалган дээр нь хүртэл “Хятад улсын санаачилсан “Үндэсний цахим тусгаар тогтнол” санаачилгыг дэмжигсдийн эгнээнд бүртгүүлэхийг хүссэн хүсэлт байрлуулсан зэргээр улайрсан оролдлогууд хийж байсан нь хүмүүсийн хөх инээдийг хүргэсэн явдал болов” гэсэн байсан нь тэд энэхүү санаачилгаа газар авахуулах гэж бүх боломжоо дайчилж буйг гэрчилнэ.

 

Интернет хэмээх технологийн томоохон дэвшлийн “пионерууд” болох америкчууд бол харин интернетийг улсын хил болон хуулиас үл хамааран ямар нэгэн саадгүйгээр хүссэн орон зайгаа харилцан солилцох боломжийг олгосон даяарчлагдсан харилцаа холбоо хэмээн үзсээр ирсэн билээ. Ленин багшийн хэлдгээр бол интернет тэдний ертөнцийг харах цонх болсон гэхэд хилсдэхгүй.

 

Хятад улс энэ мэт кибер орчин тойрсон асуудлаа хэрхэн шийдэх тухай асуудал өрнөж буй үетэй зэрэгцэн бусад том улс орон зарим талаараа ижил толгойны өвчинтэй болоод байгааг ч энд мөн дурдах хэрэгтэй юм. Жишээлбэл, АНУ алан хядагч бүлэглэлүүдийн мэдээлэл дамжуулах гол гарц нь интернет хэмээн үзэж, тэдний хоорондын холбоо сүлбээг таслахыг зорилго болгон ажиллаж байгаа бол Европын орнуудад хүүхдийн цахим орчин дахь эрх зүйн асуудал сүүлийн үеүдэд илүү хурцаар тавигдах болсон юм. Одоо ч Европын зарим улстөрч хүүхдийн интернетэд нэвтрэх насны хязгаарыг албан ёсоор тогтоогоогүй байгаагаасаа болж энэ талаархи нухацтай мэдэгдлийг шантралгүй хийсээр л байна.

 

 

Тэгвэл Си Жинпинь интернет орчинтой эрчимтэй тэмцэх төлөвлөгөөтэй байгаагийн дахин нэгэн илрэл болгож, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт энэхүү уриалгаа дахин давтан сануулав. Сынхуа агентлагийн мэдээлснээр энэ удаад Ерөнхийлөгч Си Жинпинь хэлэхдээ “Ямар ч улс орон кибер ертөнц дэх манлайлагч байхыг хүсэмжилж, үүний араас хөөцөлдөж, бусад улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйлдэл гаргах нь зохисгүй үйлдэл” юм хэмээн тодотгон хэлжээ.

 

 

Хэдийгээр хатуу хяналтын дор байдаг ч гэлээ, Бээжин хот одоо ч интернет хэрэглэгч хүн амын тоогоороо хамгийн дэлхийд нэгдүгээрт орж буй хэвээрээ байгаа юм. Харин энэ жилээс интернет хэрэглэгчид нь алдартай хүмүүсийн нэрийг дурдаж нийтлэх нь хориотой болсон юм.

 

 

Үүнээс гадна Хятад болон АНУ үргэлж бие биенийхээ эдийн засаг болон Засгийн газартай холбоотой мэдээллүүлийг хакердах гэж оролдлоо хэмээн нэг нэгнээ буруутгадаг билээ. Тиймээс Си Жинпиний энэхүү их хичээл зүтгэлийг АНУ гэх мэт өрсөлдөгч орнуудтай хийж буй кибер тулааны эсрэг хийж буй үйл хэрэгтээ бусал улс орнуудын дэмжлэгийг өөрийн талд эргүүлэх гэсэн оролдлого ч байж болох юм хэмээн үзэх тал бас бий юм.

 

Г.СҮМБЭЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна