8%-ийн хүүтэй зээлийн 8 бодит үнэн

2015 оны 12 сарын 24

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар найман хувийн хүүтэй зээлийн талаарх Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны мэдээллийг сонсч, ширүүхэн хэлэлцүүлэг өрнөлөө. УИХ-ын зарим гишүүд тус хуралдааны үед намаараа талцаж, маргаан үүсгэж байв.

Ингээд тус хуралдааны үеэр өгсөн мэдээлэл, гишүүдийн хэлсэн үг, мэргэжлийн байгууллагуудын байр сууринд үндэслэн бодитой тоо баримт, үүссэн асуудлын талаар хүргэе.

1. Монгол Улсад анх орон сууцны ипотекийн зээл 2003 оноос эхэлжээ.Харин “Найман хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр” 2013 оны зургадугаар сараас эхлэн 30 сарын турш хэрэгжиж иржээ.

2. Орон сууцны ипотекийн зээлийн харилцаанд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль (2009 он), Иргэний хууль (2002 он)-ийг эрх зүйн суурь зохицуулалт болгон баримталдаг.

3. Орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо, зээлийн хэмжээ:

 

2013-2015 (3 жил)

2008-2012 (5 жил)

Зээлийн үлдэгдэл (тэрбум төг.)

845 -> 3413

180 -> 845

                Өсөлт (тэрбум төг.)

2568

665

Зээлдэгч өрхийн тоо (мянга)

29.9 -> 76.6

16.5 -> 29.9

                Өсөлт (тэрбум төг.)

+46.7

+13.4

Нэг жилд байртай болсон өрхийн дундаж тоо (ширхэг өрх)

15565 өрх

2949 өрх

Мэдээллийн эх үүсвэр: Арилжааны банкуудын ипотекийн зээлийн тайлан

4. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө орон сууцны ипотекийн зээл олголтын хурдац нь саарсанболохоос зогсоогүй байжээ.

 

2013 оны

6-12 сард

2014 онд

2015 оны

1-11 сард

11 дүгээр сард

8%-ийн зээл авсан өрхийн сарын дундаж тоо

2692 өрх

1781 өрх

1376 өрх

1075 өрх

8%-ийн зээлийн жилийн өсөлт

88%

47%

24%

1.3%

5. Үндсэн хуулийн цэц яг ямар үр дагавартай шийдвэр гаргасан бэ?

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1, 27.2, 30.1, 30.3, 30.4, 33.1, 56.1 заалтуудын холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Ингэснээр үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж банкнаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгж нь зээлээ төлж барагдуулж дуусахаас өмнө зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах, бэлэглэх, давхар барьцаалах, ашиглуулах зэргээр шилжүүлж болохоор болжээ.

Жишээ авъя:

- Иргэн Жамбал өөрийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцаа барьцаалж, А банкнаас 80 сая төгрөгийн зээл авчээ. Зээл авсны маргааш нь тэрээр зээлийн барьцаанд байгаа хоёр өрөө байраа банкинд мэдэгдэлгүйгээр иргэн Жадамбад бэлэглээд, зээлээ төлөхгүй алга болжээ.

- Иргэн Жадамба бэлэглэлээр авсан 2-өрөө байраа Б банкинд барьцаалж 70 сая төгрөгийн зээл аваад, иргэн Дансранд 2 өрөө байраа 90 саяар худалдаад, зээлээ төлөхгүй алга болжээ.

- Дээрх хоёр үйл явцын дараа нэг ширхэг орон сууц А болон Б банкны 80 сая, 70 сая төгрөг гэсэн хоёр өөр зээлийн барьцаа хөрөнгөд тооцогдох болсноор тухайн орон сууц банкны зээлийн барьцаа хөрөнгийн мөн чанараа алдаж байна.

- Иргэн Жамбал, Жадамба хоёул луйвар хийсэн бөгөөд ЛУЙВАР хийх сэдэлийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтууд бий болгож байна.

- Жамбалын авсан 80 сая төгрөгийн төлөгдөөгүй зээл, Жадамбын авсан 70 сая төгрөгийн төлөгдөөгүй зээл, нийт 150 сая төгрөгийн зээлийг 90 саяар борлогдсон орон сууцнаас төлүүлэх асуудал үүсч байна. Гэтэл энэхүү 2 банкны, 2 өөр зээлийн барьцаанд байгаа орон сууц иргэн Дансрангийн өмчлөлд шилжсэн.

- Шүүхийн эцэс төгсгөлгүй маргаан иргэн Жамбал, Жадамба, Дансран, А банк, Б банкны хооронд үүсэх баэнэ нь эцсийн эцэст зээл олгосон банкийг, түүний харилцагч, хадгаламж эзэмшигчдийг, иргэн Дансранг эрсдэлд оруулж байна.

- Энэ мэт луйвар цэцэглэх, банкны зээлийн эрсдэл өсөх учраас банк анхнаасаа ийм эрсдэлтэй зээл үйлдвэрлэхгүй болж зээлээ зогсооно. Ингэснээр Жамбал, Жадамбаас бусад иргэдийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах боломж нь байхгүй болж байна.

6. Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох хэсэг хүчингүй болсноор Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан аливаа төрлийн зээл шинээр олгогдохгүй болох үр дагаврыг дагуулж байна гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

7. Харилцагчид, хадгаламж эзэмшигчдийг эрсдэлээс сэргийлэх үүднээс банкууд хууль эрхзүйн зохистой орчин бүрдтэл найман хувийн хүүтэй зээл олголтоо зогсоосон байна. Хууль эрхзүйн зохистой орчныг дахин бүрдүүлсний дараа найман хувийн зээл хэвийн үргэлжилнэ.

8. Найман хувийн зээлийн 30 хувийн урьдчилгааг 10болгож бууруулахын тулд эхлээд Засгийн газар урьдчилгааг 10 хувьболгосноор шинээр бий болох эрэлт, борлуулагдах орон сууцны тооцоо судалгааг хийж, урьдчилгааг 10 хувьболгох схемийг боловсруулах ёстой юм байна. Үүний дараа урьдчилгаа төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний баталгааг Засгийн газар гаргах ёстой юм байна. Эдгээр ажил хийгдээгүй цагт урьдчилгаа 10 хувь болохгүй.

Найман хувийн зээл тойрсон маргааны талаар найман бодит үнэн хүргэхэд нэг иймэрхүү.

Б.ХОНГОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна