З.Нарантуяа: “Цэцийн шийдвэр бүгдэд нөлөөлсөн”

2015 оны 12 сарын 24

“Цэцийн шийдвэр утгаар нь хөөвөл бүгдэд нөлөөлсөн”

Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяагаас Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хамгаалж байгаа талаар тодрууллаа.

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаанд нөлөөлж байна уу?

-Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Цэцийн шийдвэр зээлийн эргэн төлөлтийг найдваргүй болгож байна гэсэн үг л дээ. Ингээд ирэхээр санхүүгийн байгууллага доголдоно. Санхүүгийн байгууллага доголдоод ирэхээр салбар бүхэлдээ доголдоод ирнэ. Цэцийн гишүүн найман хувийн орон сууцны зээлийн асуудалтай холбоотой нэг ч асуудлыг шийдээгүй гэж байсан. Гэтэл гурав дахь этгээдтэй аливаа гэрээ хэлэлцээр хийх эрхийг нээлттэй өгчихсөн шүү дээ. Энэ нь цаад утгаараа үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бүх зээлийг эрсдэлд оруулчихаж байгаа юм. Үгээр хөөж тайлбарлах, утгаар хөөж тайлбарлах хоёрын ялгаа өөр гарч ирээд байна.

-Одоогоор банк бус санхүүгийн байгууллагууд орон сууц барьцаалсан зээлээ зогсоочихсон гэж хэлж болох уу?

-Банкууд бол зогсоосон. Харин банк бус санхүүгийн байгууллагын 90 хувь нь үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог. Гэтэл барьцаа нь шилжээд явчих боломжтой болсон учир зээлдэгч нар болгоомжилж байна. Болгоомжилж байгаа учир өөр төрлийн батлан даах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хайж эхэлнэ. Иргэний хуульд заасан пидуци, дэнчин, баталгаа гэх мэт арга байдаг. Гэвч Монголын нөхцөлд тэр бүр баталгаа гаргаад байх чадвартай айл байхгүй. Дэнчин гэдэг бол тодорхой мөнгөн хөрөнгийн урьдчилж тавьж байгаад дараа нь үүргээ гүйцэтгэж чадахгүй бол түүнийгээ өгдөг. Өнөөдөр бүх хүн дэнчин тавьж чадахгүй нь ойлгомжтой. Хамгийн найдвартай үл хөдлөх хөрөнгийн барьцаа байсан. Гэтэл асуудалтай болчихсон учир иргэдийн зээл авах боломж хүссэн хүсээгүй хумигдаж эхэлнэ. Ямар нэг зүйл цөөрөөд ирвэл эрэлт нэмэгддэг зарчмаар зээлийн хүртээмж буурч, зээлийн хүүг нэмэх болов уу гэж харж байна.

 

УИД 3.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой байсан

 

-Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хэдэн хувьцаат компани байдаг вэ. Хэдэн хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бэ?

-Өнөөдрийн байдлаар Хөрөнгийн бирж дээр 237 хувьцаат компани хувьцаагаа нээлттэй худалдаалах үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ эдгээр компанийн 5,8 тэрбум хувьцаа бүртгэлтэй байгаа. Үүний 10 хувь эргэлдэж байдаг. Нэг үгээр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдэд зарах сонирхолгүй болчихсон, том хувьцаатай цөөхөн хүмүүс эзэмшиж, эргэлдүүлж байдаг. Яагаад гэвэл төрийн өмчийг өмчлөхдөө яагаан, цэнхэр тасалбараар өмчлүүлсэн. Тухайн үед компаний өмчлөх эрх буюу 66,6 хувийг авахын тулд цуглуулсаар байгаад өнөөдөр нийт бүртгэлтэй хувьцааны 70 орчим хувь нь хэдхэн хүний гарт төвлөрсөн байдаг.

-Хувьцаат компаниуд ашигтай ажилвал жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах ёстой. Гэтэл манайд ийм зүйл дутмаг юм шиг ажиглагддаг. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компаниудаас тайлан авдаг. Энэ тайланд ногдол ашиг хэрхэн хуваарилж байгааг хянадаг. Энэ асуудал дээр үнэхээр хангалтгүй байгаа. 237 компаниас 20,30 нь ногдол ашиг өгч байгаа. Энэ нь юутай холбоотой байна вэ гэвэл эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад бүх компани ашигтай сайн ажиллаж чадахгүй байна. Зарим компани ашиг орлогоо нуух бодитойгоор тайлан бүртгэлээ гаргахгүй байх хандлага байна. Тиймээс бид тайлан, бүртгэлээ нуусан тохиолдлыг олж, аль болох ногдол ашиг өгүүлэх арга хэмжээ авдаг.

-Тухайлбал, Улсын их дэлгүүр ногдол ашиг хувиарлахгүй байна гэсэн гомдол байнга гардаг.

-Тийм. Улсын их дэлгүүрийн тухайд бол түрээсээр их орлого олдог. Гэхдээ энэ байшин барилгыг завсарлах, ашиглуулахад маш их зардал гаргадаг гэж манай Санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлсэн. Үнэхээр ийм зардал гарсан эсэхийг бүх групп, холдингийн хэмжээнд үзэж, шалгаж байж бодит тоог гаргаж ирсэн. Нийтдээ 3,4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломж байсан юм байна. Гэхдээ зарим нэг гэрээ, хэлэлцээр нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна уу, эсвэл тодорхой үйлдлийг халхавчилж хийсэн гэрээ байна уу гэдгийг хуулийн байгууллагаар тогтоолгох шаардлага гарсан. Тиймээс бид шүүхэд өгчихсөн байгаа. Хэрэв тэр гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ биш гэж үзвэл бидний тогтоосон ногдол ашгийг хуваарлах асуудал үүснэ. Санхүүгийн зохицуулах хороо бол гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр эсэх асуудалд тодорхойлолт хийх ямар ч боломжгүй. Ийм байх магадлалтай байна гэдэг дүгнэлтийг гаргаад шүүхэд өгсөн. Шүүх хурал удахгүй болох байх.

-Энэ бол зөвхөн нэг жишээ шүү дээ. Ер нь цаашид жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?

-Бид хэд хэдэн зүйлийг хийх шаардлагатай. Яг өнөөдрийн хууль эрх зүйн зохицуулалтаар Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч тухай компанийг шалгадаг, акт, торгууль тавьдаг хэмжээнд байгаа. Бусад улсад хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах маш том хуультай. Санхүүгийн зохицуулах хороо нь зарим нэг хэргийг мөрдөн шалгах эрхтэй байдаг. Гэтэл манайд ийм эрх байхгүй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл хийхээр бэлдэж байна.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна