Грекийг ЕХ-ны хуулийг зөрчсөн гэж үзжээ

2015 оны 12 сарын 24

 

Европын холбооны шүүхээс (ECJ) Грект эмч нарыг амралтгүй олон цаг ажиллуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзжээ. Грекийн эрүүл мэндийн 10 холбоо нэгдэн Европын холбооны шүүхэд зарга үүсгэсэн аж. Шүүхээс мэдээлснээр Грекийн эмч нар амралтгүй 24-32 цаг хүртэл ажиллах шаардлагатай болдог гэжээ. Гэтэл эмч нар хамгийн багадаа 24 цагийн 11-т нь зайлшгүй амрах шаардлагатай байдаг аж.

 

Гэвч Грект 4500 эмч болон бусад эмнэлгийн ажилтан дутагдалтай байгааг Афины Засгийн газраас мэдээлсэн байна. Харин Грекийн эрүүл мэндийн холбооны ерөнхийлөгчийн мэдээлснээр 5000 эмч, 15 мянган сувилагч дутагдалтай байгаа аж.

 

Европын холбооны Грект үзүүлсэн санхүүгийн тусламжийн журмын дагуу эрүүл мэндийн салбарын төсвийг их хэмжээгээр танасан аж. Грек нь 2008-2012 оны хооронд эрүүл мэндийн салбарын төсвийг 25 хувиар тансан байна. Грект өвчтөнүүд хагалгаа хийлгэх, эмнэлэгт үзүүлэхэд урт дараалал үүсэх болсон нь ард иргэдийг ихээр бухимдуулж байгаа аж.

 

Их хэмжээний өрөнд орсон Грек улс Европын холбоо, олон улсын валютын сангаас удаа дараа санхүүгийн тусламж авсныхаа хариуд 2010 оноос хойш хатуу хэмнэлтийн бодлогыг баримтлах болжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна