Ронда

2015 оны 12 сарын 24

Ронда Роузи бол маргаангүй UFC-гийн шилдэг тулаанч төдийгүй дэлхийн хамгийн алдартай тамирчны нэг билээ.

Холимог тулааны эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн тамирчин Ронда Роузиг дэлхийн хэмжээний супер тоглогч гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз ээ. 2013 онд UFC-д анх гарч ирснээсээ хойш Холимог тулааны эмэгтэйчүүдийн төрөлд хамгийн шилдэг нь болж тодорсон билээ. Одоо бол тэр зохиогч, жүжигчин, сэтгүүлийн модель, загварын хатан хаан, телевизийн од.

Ронда Роузигээс өөр хэн ч UFC-гийн ерөнхийлөгч Дана Вайтын анхааралд өртөж, зөвхөн эрчүүд тулалддаг Октагон рингэн дээр эмэгтэй тулаанчдад илүү эрх чөлөө олгохыг зөвшөөрүүлж чадахгүй байсан юм. Харин Ронда Роузи 2012 онд Миша Тейтийг ялж, эмэгтэйчүүдийн хөнгөн жинд анхны ялалтаа зарлахдаа Дана Вайтын анхаарлыг гойд татаж чадсан билээ. Ронда Роузи мөн тэр жилээ Сара Кауфманы эсрэг тулалдаж, ялсан билээ.

2012 оны арваннэгдүгээр сард UFC Ронда Роузитэй хамтарч ажиллах гэрээ байгуулсныг Дана Вайт зарласан билээ. Гэрээ байгуулснаас хойш удалгүй Ронда Роузи UFC 157 тэмцээнд Лиз Кармушег ялж, Холимог тулааны эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргын титэм эзэмших болсон юм. Түүнээс хойшхи олон тулаанд Ронда Роузи нэгдүгээр раундад л өрсөлдөгчөө хялбархан ялж байлаа. Ронда Роузи олон дээд амжилтыг эвдсэн бөгөөд UFC 184 тэмцээний үеэр Кэт Зинганотой тулалдахдаа түүнийг 14 секундын дотор ялж, UFC-гийн дээд амжилтыг тогтоож байв. Энэ нь түүний карьерын аваргын бүсээ хамгаалсан тав дахь ялалт болсон. Холимог тулааны эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн төрөлд Ронда Роузи нийт 12 удаа ялалт байгуулснаас 10 удаад нь нэгдүгээр раундад ялалт байгуулсан бөгөөд өрсөлдөгчдөө дандаа өчих мэхээр буулгаж авсанбайдаг. Түүний өрсөлдөгч нараас зөвхөн Миша Тэйт л гуравдугаар раунд хүртэл тэсч чадсан билээ.

Ронда Роузи UFC-гийн хамгийн шилдэг таван тулаанчийн жагсаалтад эрчүүдтэй зэрэгцэн эрэмбэлэгддэгт гайхах зүйлгүй. Холимог тулааны тамирчин болохоос өмнө жудогоор хичээллэж байсан нь түүнд тулааны рингэн дээр давуу тал олгосон. 2004 оны Афины Олимпт оролцож байсан тэрбээр 2008 онд Бээжингийн Олимпоос жудо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн АНУ-ын анхны эмэгтэй тамирчин болсон юм. Тэрбээр мөн 2004 оны Жудо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын алтан медаль, 2007 оны Жудо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медаль, 2007 оны Пан Америкийн спортын наадмын аварга болж байжээ. Ронда Роузи 11 настайгаасаа жудогоор хичээллэж эхэлсэн бөгөөд 22 настайдаа Холимог тулааны рингэн дээр гарчээ.

Тэрбээр хэд хэдэн коллежид явж байсан ч спорт шиг түүний сонирхлыг татаагүй болохоор төдөлгүй хаясан гэдэг.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ронда Роузи карьерынхаа 13 дахь тулаан UFC 193-д Америкийн тулаанч Холли Холмсд хоёрдугаар раундад нам цохиулж, анх удаа ялагдлын гашууныг мэдэрсэн. UFC-ийн түүхэн дэх хамгийн их хүлээлт үүсгэсэн тулаанд Холли Холмсыг UFC-ийн гялалзсан Ронда Роузиг нам цохино гэж хэн ч тааварлаагүй. Тулааны дараа хоёр тамирчин хоёулаа тулааны бонус болох 50,000 ам.доллараар шагнуулсан юм. Харин Ронда Роузи эрүүл мэндийн шалтгаанаар түр завсарлага авч45 хоног ямар ч гэрээ байгуулахгүй, 60 хоног ямар ч тулаанд оролцохгүй болсноо мэдэгдсэн. Холли Холмд ялагдаж, аваргын бүсээ алдсанаас хойш Ронда Роузи цахим ертөнцөд өөрийг нь үзэн ядагчдын бүхэл бүтэн армитай болсон билээ. Түүнээс хойш удалгүй Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн шинэ аварга Холли Холм болон Ронда Роузи нарын дараагийн UFC 200 тулааны товыг 2016 оны долдугаар сарын 9-нд гэж зарласан юм. Ронда Роузи холимог тулаан бол зөвхөн эрчүүдийн спорт гэдэг хүмүүсийн ойлголтыг өөрчилсөн. Тэрбээр “Холимог тулааны спорт эмэгтэйчүүдийн ажил биш гэдэг инээдтэй яриа байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн эрчүүдийн спорт биш. Бүх л хүмүүсийн сонирхдог спорт шүү дээ. Намайг ингэж ярихаар хүмүүс феминист гэдэг. Зарим нь бүр анти-феминист ч гэдэг юм” хэмээн ярьжээ. Шаргал үст, үзэсгэлэнт тамирчин сүүлийн үед шоу бизнест уруу татагдсан бөгөөд “Entourage”, “The Expendables 3” болон “Галзуу хурд 7” зэрэг кинонд тоглож, 2015 онд “Миний тулаан” нэртэй намтраа хэвлүүлсэн юм. Түүнийг Холли Холмд ялагдаж, аваргын бүсээ алдсан нь шоу бизнест хэтэрхий орооцолдсонтой холбоотой гэж үзэх хүмүүс ч гарсан билээ. Түүнийг бүр тулааны спортоо орхиж, шоу бизнес хөөсөн нь дээр гэх нэгэн ч байсан. Гэвч Ронда тамирчин хүний хувьд ялагдсан ч спортоо орхиогүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна