“Гоо сарнай-2015” наадмын шилдгүүд шалгарлаа

2015 оны 12 сарын 24

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 4 дэх жилдээ зохион байгуулж буй “ГОО САРНАЙ-2015” арга хэмжээ XII сарын 23-нд зохион байгуулагдав. Энэ удаагийн “Эмэгтэйчүүд ногоон дэлхийн төлөө хамтдаа” уриан дор зохиогдсон байна. Энэ зорилгоор ногоон ирээдүй, тогтвортой хөгжилд хамтран оролцох сүлжээг байгуулах санаачлагыг Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг наадамд оролцогчдод уриалсан байна. Мөн жил бүр шалгаруулдаг, ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан нийгэм, улс төр, бизнесийн болон экологийн салбарын төлөөлөгчдийг шилдгээр шалгаруулах арга хэмжээ болов. Хэдийгээр НАМЭХ нь МАН-ын харъяа ТББ хэдий ч тэдгээрийн санаачилж буй ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн төлөөх Эмэгтэйчүүдийн сүлжээ байгуулах санаачлага нь Монголд тулгамдаад байгаа экологийн асуудалд улс төрийн намууд болон ТББ-уудыг нэгтгэх зорилго агуулсанаараа далайцтай ажиллаж, бодлогын түвшинд сэтгэж буйн томоохон илрэл юм. Мөн шилдэгт шалгарсан есөн номинацийг анзаарахад намчирхаж туйлширсан шалгуур тавьдаггүй төдийгүй олон улсын түвшинд ажиллаж хөдөлмөрлөж буй гадаад дотоодын эмэгтэйчүүдийг сонгож буйгаараа онцлог арга хэмжээ болж чадсан хэмээн үнэлэгдэж байлаа. 

 

“Гоо сарнай – 2015” арга хэмжээний шилдгүүдэд шалгарсан хүмүүст:

 

1. ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЭЛЧ

Баяртулгын Сэмжидмаа

“Титэм ордон” цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, хувийн цэцэрлэгүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Баяртулгын Сэмжидмаа нь 2015-2016 оны  хичээлийн жилд  цэцэрлэгт хамрагдах боломжгүй байсан 2300 орчим төрийн албан хаагчдын хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт  үнэ төлбөргүй бүтэн жилийн турш хамрагдах боломжийг олгох ажлыг санаачлан, амжилттай зохион байгуулсан манлайлагч эмэгтэй ажээ.

 

2. УРЛАГИЙН ЭЛЧ 

Чогжоогийн Амарбаясгалан (Хөсөгтөн хамтлаг)

Үндэсний давтагдашгүй өв соёлоо олон улсад бишрүүлж, дэлхийн алдарт Азийн” Got talent “шоуны шилдэг 2-т шалгарсан Хөсөгтөн хамтлагийн гишүүн Чогжоогийн Амарбаясгалан нь Монголын урлагийн тэнгэрт гэрэлтэж буй нэгэн од гэж тооцож болно.

 

3. БИЗНЕСИЙН САЛБАРЫН ЭМЭГТЭЙ

Дамдинсүрэнгийн Өнөрболор

1996 онд Сөүл компанийг үүсгэн байгуулалцсан бол өдгөө Сөүл группын ерөнхий захирлаар ажиллаж Дамдинсүрэнгийн Өнөрболор нь Сөүл спорт цогцолбор, Сөүл ирээдүй Соёлын сан, барилгын үйлдвэрлэл, нийтийн хоол, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ зэрэг олон салбарт 500 гаруй ажилтныг удирдан манлайлж буй бизнесийн салбарын шилдэг эмэгтэйчүүдийн нэг.

 

4. ЭКО ЭЛЧ ЭМЭГТЭЙ     

Мелони Линдберг

2009 оноос хойш Монгол Улсад Азийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж одоогоор манай улсад 4 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Тус хөтөлбөр нь орон нутагт Байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах , хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх болон олон талт хамтын ажиллагааг дэмжих механизм бүтцийг бий болгох зэргээр орон нутгийн удирдлагууд, ТББ, нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байгаа аж.

 

5. БАЯЛАГ БҮТЭЭГЧ ЭМЭГТЭЙ”

Гансүхийн Майцэцэг

2002-2008 онд Польшийн ЭМА компаний захирал, 2009 оноос Үндэсний үйлдвэрлэгч “ЭКСКЛЮЗИВ” компаний ерөнхий захирлаар ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах төр засгийн бодлого нь хоосон тунхагийн шинжтэй бодит байдал дээрээ импортыг дэмжих байдалтай байгаа бодит үнэнийг олон нийтэд нотлон таниулж үндэсний үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн эсрэг зоригтой дуугарсан түүчээ мэгтэй билээ. Гэсэн хэдий ч тэрээр 2016 онд бүтээгдэхүүнүүдээ Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Америкийн Нэгдсэн улс, Франц зэрэг улсуудад экспортлохоор бэлдэж байна.

 

6. ХҮНДЭТ ЭЛЧ

Дагвын Баярсайхан

Монгол Ардын нам төдийгүй Нийслэлийн бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд тэрээр нийслэл, дүүргийн шийдвэр гаргах түвшинд олон арван боловсон хүчнийг бэлдэн гаргаж, залуу үеээ түүчээлэн манлайлсан бидний бахархал болсон хүндэт эмэгтэй билээ.

 

7. ХЭВЛЭЛИЙН ЭЛЧ

Баярмагнайн Тэмүүлэн

1996 оноос хойш МУ-ын хэвлэлийн салбарт ажиллаж “Өдрийн сонин”-д албаны дарга, “Ардын эрх” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, мэдээллийн тэргүүлэгч сайт болох “Ньюс” агентлагийг үүсгэн байгуулж, 2004 оноос 2010 он хүртэл Монгол масс медиа группын, 2010 оноос хойш өнөөг хүртэл “Ньюс” агентлагийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

 

8. БҮТЭЭЛЧ ЭМЭГТЭЙ

Шижирбаатарын Анхмаа

1998-2015 онд багш, судлаач, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох төслийн зохицуулагч, Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилттай Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх төслийн удирдагчаар ажиллаж байсан.

Одоо Фючер групп компанийн Ерөнхий захирал, Монголын Эмнэсти Интернэшнл байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Санхүүчээр ажиллаж байна.

Хүний эрхийн боловсролын чиглэлээр олон арван сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Монгол улсад гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулдаг төдийгүй жижиг дунд үйлдвэрлэгчидтэй ажиллаж нийт 1000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдэд сургалт явуулах, зөвлөгөө өгөх байдлаар дэмжин ажиллаж ЖДҮ-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

 

9. УЛС ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН

Дуламсүрэнгийн Оюунхорол

Боловсорлын шинжлэх ухааны доктор, МУ-ын гавьяат багш УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь хууль тогтоох байгууллагад 3 дах удаагаа сонгогдон ажиллаж буй Монголын нэр хүндтэй улс төрч эмэгтэйчүүдийн нэг юм. Нийгмийн олон асуудалд анхаарч хуулийн төсөл санаачлан  ажилласнаас сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.

 

10. НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа

Монгол Улсын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч Дамдины Сүхбаатарын гуч охин гэгддэг, Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа бөгөөд улсад болон олон улсын засгийн газрын байгууллагад 30 жил ажиллахдаа эх орны тухай мэдээллийг дэлхийд үнэн зөв хүргэх, өөрийн болон бусад орны хөгжлийн үйл явцад олон улсын тусламжийн хүч хөрөнгийг дайчлах ажилд  бодитой хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн төсөл, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай  хуулийн төслийг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэн ажиллан иржээ.

Мөн тэд ажил үйлсээрээ манлайлсан холбооны шилдгүүддээ тодруулсан байна.

 

“ШИЛДЭГ ДҮҮРЭГ”  

Санжаадоржийн Оюунбилэг даргатай Хан-Уул дүүргийн эмэгтэйчүүдийн холбоо нь 16 салбар зөвлөл 3000 гаруй гишүүдтэй холбоо юм. Тэд 2015 онд

“Хан Уулын Түүчээ эмэгтэйчүүд”-ийг нийгэмд таниулах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, болон экологид ээлтэй эрүүл Монгол эмэгтэйчүүдийг бэлдэх зорилгоор  “Бямбын 11”, 152х1, Эрүүл Монгол хүүхэд хөтөлбөрийг үргэлжлүүлсэн төдийгүй Охид Монголын Ирээдүй ажлыг өөрсдийн бренд болгон 3 дахь жилдээ, Залуу эзэгтэй нарын сургалт, Нэг өрхөд нэг тус зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулсан.

“ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ”

Авирмэдийн Өсөхжаргал даргатай Багануур дүүргийн салбар зөвлөлийн хамт олон нь 2015 онд дүүргийн эмэгтэйчүүдийн чадавхжуулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийтдээ 10 орчим нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж бусад салбар

“ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ”

Магалжавын Эрдэнэтуяа нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1996 онд Сор кашемир ХХК-ыг үүсгэн байгуулж, одоогоор дотоодын зах зээлд 100 гаруй аж ахуйн нэгжүүдийг ээрмэл утсаар хангаж байна. Мөн тэрээр Чингэлтэй Дүүргийн 2009 оны УИХ-ын болон Орон нутгийн нөхөн сонгууль, дүүргийн 2012 оны УИХ, Нийслэл болон орон нутгийн сонгуулийн менежер, ерөнхий менежер, штабын даргаар ажиллаж 2012 оны орон нутгийн сонгуульд Чингэлтэй Дүүрэгт Монгол Ардын Нам ялалт байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан манай шилдэг түүчээ болсон эмэгтэйчүүдийн нэг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна