Сурагч охин 17 сая төгрөгийн хандив өргөжээ

2015 оны 12 сарын 24

Сурагч Д.Ухаанзаяа найман удаа тоглолт хийж 17 сая төгрөгийн хандивын арга хэмжээг зохион байгуулсан гэх гэгээлэг мэдээлэл олны анхаарлыг татах болов. Тэрбээр дуулж, бүжиглэж, уран нугарах авьяасаа хөгжүүлэн бие даасан тоглолт хийж, орлогоо сайн үйлсийн аянд хандивладаг юм байна. Д.Ухаанзаяа охинтой цөөн хором ярилцлаа.

-Өөрийн авьяас, хөдөлмөрөөрөө тоглолт хийж орлогыг нь нийгэмд тустай үйлд зарцуулдаг үлгэр жишээч охин юм байна. Анхны тоглолт, хандивыг хаана хийж байв? 

-2013 онд анхны тоглолтоо хийсэн. Гэхдээ анхнаасаа тоглолтынхоо орлогыг асрамжийн газарт хэрэгцээтэй зүйлд зарцуулна гэж шийдсэн байсан. Ингээд тоглолтын орлогоосоо асрамжийн газарт өгсөн.

-Хандив өгөх газраа хэрхэн сонгодог вэ. Гэр бүлээрээ ярилцаж байж шийддэг үү?

-Хоёр дахь удаагийн тоглолтын орлогыг Хэнтий аймгийн төрөх эмнэлэгт өгөхөөр болсон. Яагаад гэхээр хэдэн жилийн өмнө аав маань Хэнтий аймагт ажиллахаар томилолт аваад гэр бүлээрээ явсан. Тухайн үед ээж маань жирэмсэн байсан л даа. Тэгээд Хэнтий аймгийн төрөх эмнэлэгт хэвтсэн. Тэр үеэс л төрөх эмнэлэгт туслах сэдэл төрсөн. Тухайн үед ээж маань “Төрөх эмнэлгийн ор нь их хэцүү юм байна. Дээр үеийн пүршэн орон дээр унтахад эхчүүдэд үнэхээр хэцүү” гэж байсан. Ээж, аав, бид гурав төрөх эмнэлэгт өөрсдийн боломжтой зүйлээр туслахаар ярилцсан л даа.  Ингээд өөрийн бие даасан хоёр дахь тайлан тоглолтоо Хэнтий аймагт хийхээр болсон. Орлогоосоо Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн 16 орыг шинэчилж өгсөн.

-Өнгөрсөн онд “Энэ цагийн эгэл баатар” шагналыг бяцхан охин авсан нь олны анхаарлыг татсан. Тухайн үед ямар санагдаж байв?

-2014 онд “Энэ цагийн эгэл баатар”, “Монгол Улсын шилдэг хүүхэд” өргөмжлөлийг авч байсан. Энэ чинь их том шагнал шүү дээ. Би лав тэр шагналыг авна гэж төсөөлж ч байгаагүй. Тэр үед “Ийм том шагнал авсан юм чинь сайн дурын ажлаа цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй юм байна” гэж бодсон.

Тэгээд гурав дахь тоглолтоо аав, ээж хоёрынхоо төрсөн нутагт хийхээр болсон. Аав маань Төв аймаг, ээж маань Говь-Алтай аймагт төрсөн. Ингээд Төв, Говь-Алтай аймгуудаар явж тоглолт хийж сайн үйлсийн ажлаа үргэлжлүүлсээр л байна.

-Өнөөдрийг хүртэл нийтдээ хэдэн тоглолт хийж, хандив өргөсөн бэ?

-Одоогоор найман бие даасан тоглолт хийсэн байна. Найман тоглолтоос 17 сая төгрөгийн орлого олсон. Тухай бүрт нь шаардлагатай, хэрэгцээтэй гэсэн газруудад хандивлаад явсан. Энэ ажилдаа би өөрөө ч баяртай явдаг.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна