Санта Клаус яг хаана амьдардаг вэ?

2015 оны 12 сарын 24

 

Скандинавын орнуудад Санта Клаус яндангаар авирч айлд ордоггүй, харин арванхоёрдугаар сарын 24-нд айл бүрээр зочилж, хүүхдүүдтэй уулздаг байна. Хэрэв Санта Клаус маш завгүй явсан бол хүүхдүүдэд бэлэг үлдээдэг ажээ.

 

Олон хүүхэд Санта Клаусыг Умард туйлаас ирдэг гэж боддог бол Скандинавын хүүхдүүд түүнийг бүр ч хол өмнө зүгт амьдардаг гэж итгэдэг гэнэ.

 

Санта Клаусыг яг хаана амьдардаг тухай маргаан тасраагүй байхад Финланд, Швед, Норвеги зэрэг оронд Санта Клаусын төрсөн газрыг тодруулахаар өрсөлдөж байна.

 

Финланд хүүхдүүд Санта Клаусыг Финландын хойд хэсэгт орших цас мөсний Лапландын нутагт амьдардаг гэж ярьдаг бол швед хүүхдүүд цагаан сахалт учир битүүлэг өвгөнийг Мора хэмээх жижиг тосгоноос ирсэн гэж боддог. Харин норвегичууд хүүхдүүддээ түүнийг хэдэн зууны өмнө Ослофьордын Дробак хотын нэгэн чулуун доороос гарч ирсэн гэж итгүүлжээ.

 

Тэгвэл өвөл нь цас багатай, зөөлөн болж өнгөрдөг Данид хүүхдүүд Санта Клаусын амьдардаг газар бол Умард туйлын Грийнланд арал гэдэгт итгэдэг. Финландын олон нийтийн телевиз YLE энэ тэмцээнд хөрш орнуудаа бут авахын тулд жил бүр улаа бутарсан царайтай Санта Клаус цаагаа хөллөн цас мөсөөр хучигдсан уул хөвч, талаар давхиж буйг харуулсан бичлэг гаргах үед дэлхий даяар сая сая үзэгч үздэг. Хамгийн анхны ийм бичлэгийг тус телевиз 1960 онд анх олон нийтэд үзүүлж байжээ.

 

Финландын хамгийн том хот Ро́ваниемиг Санта Клаусын төрөлх хот болгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь Лапландын энэ хот аялал жуулчлалаас жилд 210 сая еврогийн ашиг олдог юм.

 

Умард туйлын өмнө талд оршдог энэ хот жил бүр 300,000 жуулчин хүүлээж авдаг нь хотын хүүн амаас даруй тав дахин их тоо юм. Ро́ваниеми хотын дарга Эско Лотвонен хэлэхдээ “Санта Клаус бол дэлхий нийтээр мэддэг, маш чухал хүн. Энэ шалтгаан нь биднийг бизнес эрхлэхэд түлхэц болсон” гэжээ.

 

Санта Клаус нь үнэн хэрэгтээ гэгээн Николас нэртэй санваартан байсан тухай домгийг Европ даяар мэднэ. Домогт өгүүлснээр IV зууны үед Визант улсын (одоогийн Турк) нэгэн мужид амьдарч байсан Грекийн Христ шашинт бишоп гэгээн Николас нь бидний төсөөлдөг сайхан сэтгэлтэй, өгөөмөр Санта Клаустай холбоотой үлгэр домгийн эхлэл байсан гэдэг.

 

Дани, Швед, Норвегичууд ч мөн үлгэр домгийн баатар одой хүн (Скандинав хэлээр “nisse” гэдэг) үндэслэн өөрсдийн Санта Клаусыг бий болгосон. Харин тэднээс хэл, соёлоор арай өөр Финландчууд эртний норвеги домгоос үүсэлтэй Йоулупуккийг Санта Клаус гэж нэрлэх болсон юм.

 

Шведийн Мора хотыг 1984 онд Санта Клаусын төрөлх хот гэж зарласнаас хойш Сантагийн ертөнцийг үзэхээр жил бүр 50,000 жуулчин зорих болсон юм. Мора дахь Сантагийн ертөнцөд Санта Клаусын байшин, цаа бугын цэцэрлэг, ресторанууд, зочид буудлууд 90 км-ийн цанын зам бүгд бий. Гагцхүү тэндхийн Санта Клаус бэлэг өгдөггүй.

 

Энэ удаа Санта Клаусын төрсөн газрыг тодруулах тухай мессеж Скандинавын орнуудаар шуурга шиг таржээ. Сантагийн ертөнцийн шуудан зөвхөн Сантад хаягласан 400,000 гаруй захидал хүлээн авсан байна. Лапланд дахь Санта Клаусын шуудан харин 500,000 захидал хүлээн авсан нь өнгөрсөн жилийнхээс 100,000-аар нэмэгджээ. Харин Норвегийн Дробакаас ирсэн Санта Клаус Зул сарын ажлаа төлөвлөөд тун завгүй байгаа тул түүний үеэл Том харилцуур авч, түүнийг утсаар ярих завгүй байна гэв.

 

Норвегийн Санта Клаус “Энэ бол Зул сарын баяр болохоос тэмцээн биш. Гэвч манай Швед, Финланд, Грийнландын сайн хөршүүд өөр бодолтой байгаа бол бид маш их уурлана. Яагаад гэвэл бүх норвеги хүүхэд жинхэнэ Санта Клаус энд байдгийг мэддэг” гэжээ.

 

Хельсинкт Зул сарын баярын өмнөх амралтаар яваа хүүхдүүд Санта Клаус Финландад байдаг гэж итгэлтэйгээр хэлсэн юм.

 

Харин зургаан настай Матиас нэртэй хүүгээс Санта Клаус хаана амьдардаг вэ гэж асуухад “Мэдээж Лапландын цасан оронд. Санта өнгөрсөн Зул сарын баяраар ирсэн. Энэ жил ч бас ирнэ” хэмээн ярьсан юм.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна